Монголын хэдэн улс төрчид ямар нэгэн асуудлыг шоудахгүй өнгөрөөж чадахгүй хүмүүс юм. Саяхан шинэ оны өмнөхөн манай улсын хүн амын тоо гадаадад амьдарч байгаа иргэдээ оролцуулахгүй тооллого явуулахад 2013 оны эцсээр 2 сая 929 мянга болж, өмнөх оноос 2 хувиар өсөх тооцоо байна.

Хүн амын дундаж өсөлт 1990 онд 2.7 хувь байсан бол 2000 онд 1.3 хувь хүртэл буурсан хэдий ч сүүлийн 5 жилд 1.8-2.0 хувь болж өссөн дүнг танилцуулсан. Энэ нь хүн ам зүйн цонх үеийн мөчлөгийн үр дүн бөгөөд 2012 оны сүүлийн байдлаар манай улсад 1.4 сая эмэгтэйчүүд байгаагаас 57.64 хувь нь төрөх насны эмэгтэйчүүдтэй. Түүнчлэн, 2013 оны жилийн эцсийн байдлаар 79.6 мянган хүүхэд төрж, 16.1 мянган хүн нас барж, хүн амын цэвэр өсөлт 63.5 мянга болох тооцоо гарсан хэмээсэн.

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн билээ. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байсан гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл Монголын 3 сая дахь иргэнд орон сууц өгнө гэдгээ төр засгаас амлаад байгаа юм. Энэ нь нэг талаараа сайхан мэдээ сонссон хүн болгон баяртай хүлээж  авч байгаа. Хүн амаа өсгөх талаар бодож эхэлж байгаа нь сайшаалтай хэрэг.

Харин Монгол улсын хүн амын тоо 3 саяд хүрээд ирэхээр ардаас нь ахиад л сургууль, цэцэрлэгийн асуудал яригдаж эхлэнэ. Энэ сэдэв нь хүн болгоны шүдний өвчин болсон. Мөн гадаадад төрсөн монгол хүүхдүүдийг үүнд хэрхэн хамруулах, төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургуульгүй байж төрөлт нэмэгдүүлэх асуудлыг ярих нь зөв үү хэмээн салбарын сайдаас асуухад, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: "Монгол улсын элчин сайдын яамд байрладаг улсуудад төрсөн шинэ иргэдийнхээ судалгааг бид элчин сайд нартайгаа хамтран тухай бүрт нь хүлээн авах бүрэн боломжтой. Мөн хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэгчээр төрөлт нэмэгдээд ирвэл бид төрөх эмнэлгийн асуудалдаа илүү анхаарах шаардлага гарна. 2014 онд улсын хэмжээнд баригдах цэцэрлэг, сургуулийн тоо өмнөх жилүүдээс нэлээд нэмэгдсэн. Дунджаар нэг аймаг, дүүрэгт гэхэд 5-12 сургууль, цэцэрлэг баригдахаар хөрөнгө оруулалтын төсвүүд гарсан байгаа” гэлээ.

Үүнээс гадна дөрвөн төрөх эмнэлэг баригдахаар яригдаж байгаагаас энэ ондоо хоёр эмнэлгийг ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэж үзсэнийг ХАХНХ-ийн сайд дуулгасан юм. Ард иргэд, хэвлэл мэдээллийнхэнд дуулгах маш амархан. Харин амласан ажлаа хийж гүйцэтгэх асуудал дээрээ замхараад алга болдог тал бий гэдгийг санах хэрэгтэй. Сайхан үг, сайхан магтаалаар сонгуульд ялдаг хөг өнгөрсөн гэдгийг хэдэн улс төрчид минь санахад нэг илүүдэхгүй. Дахин сонгуульд нэр дэвшихийг л бодож байгаа бол олигтойхон л амласан ажлаа гүйцэтгэх. Гүйцэтгэж байна гэж халтуурдаж, мөнгө идэх биш шүү.

Хэлж, амлах амархан. Битгий л улс төрийн шоу болгож орхиосой.

Х.Даваа