Монгол Улс НАТО-г дэмжиж 2003 оноос Афганистанд цэргээ оруулсан арван таван жилийн хугацаанд өмнөө тавигдсан зорилгоо  амжилттай биелүүлж ирсэн бөгөөд афганы цэрэг-улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд одоо цэргээ гаргах талаар дэс дараалсан арга хэмжээг авч эхлэх нь зүйтэй.

Энэ нь мөн Монгол Улс төвийг сахисан улс гэдгээ Элбэгээ ерөнхийлөгчөөс эхлээд даян дэлхийд зарлаж НАТО зэрэг цэргийн эвслийн ажиллагаанаас илүүтэйгээр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд түлхүү оролцох гадаад бодлогоо тодорхойлж ирсэнтэй ч холбоотой.

Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд цэрэг нийлүүлэх гэдэг нь Монгол Улсын хувьд асар их үүрэг хариуцлага, нөгөө талдаа өндөр итгэлийг төрүүлсэн олон улсын гэрээ бөгөөд гэрээгээ гэнэт цуцлан цэргээ гаргах нь тээвэр-ложистикээс өгсүүлээд ялангуяа цаад талдаа гап үүсэх буюу бидний хүч хэрэгслэлийг нөхөж амжихгүй дутагдалд орох ялагдалд хүрэх магадлал өндөр тул соёлтой улс оронд энэ нь гэнэтийн бус, харин наанадаж жилийн өмнөөс яригдаж эхэлдэг зүйл гэдгийг холбогдох газрууд анхаарна бизээ.

Оросууд Афганыг талибуудад тавиад туусан наян есөн он шиг Америкууд Афганыг алдах үйл явц арван есөн оноос эрчимжиж эхлэх нь одоогийн нөхцөл байдлаас ойлгомжтой болоод ирлээ. Талаас илүү нутгийг хяналтандаа аваад байгаа талибуудад тал засаж хамтарч ажиллах Ашраф Гани ерөнхийлөгчийн  саяхны урилга уриалгыг тэд үл ойшоон үргэлжлүүлсэн дайралт угсаруулсан цуст халдлагаар хариу барьж байна.

Исламын нэгдсэн улс байгуулах том амбицитэй исламын дайчид болон омог омгийн шариатын улс байгуулах жижигхэн бодолтой байсан талибчуудын бие биенээ үзэн ядаж хоорондоо байлдаж ч байсан зөрчилдөөн арилж Сири Ирак Орос Дундад Азиас итгэл нэгт исламын дайчид /зураг дээр/ Афганистанд өдрөөс өдөрт нэмэгдсээр Талибаны төдийгүй Халифатын нэгдсэн улс байгуулахаар завдаж байгаа нь Төв Азийн стан улсууд болон Оросын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж эхэллээ. 

Цагтаа хоёрзуугаад мянган цэрэг эрсээр хүчээр барьж байсан Афганыг барууныхан өнөөдөр хорин мянган цэргээр тогтоон барина гэдэг нь бүтэшгүй асуудал бөгөөд омгийн зохион байгуулалттай афганчуудыг ардчилалын зохион байгуулалтанд оруулах гэж арван хэдэн жил ноцолдож жил бүр арван тэрбум доллар /афганы нийт төсвийн наян хувь нь/ төсөвт нь бэлнээр өгөөд ч нэмэр олсонгүй. Цагтаа Александр Македонский афганчуудтай байлдаж дийлэхээ байхаараа бүүр сүүлдээ аргаа ядаад цэргүүдтэйгээ хамт афган авгай авцгаан айл айлд хүргэн ороод  тэдний зан заншил ахуйд дасан зохицоод энхийн гэрээ байгуулан худ ураг болцгоон амьд мэнд салцгаасан түүхээс харахад тэднийг хэн ч дийлж байгаагүй юм. Одоо ч гэсэн тэдний үлдэгдэл цэнхэр нүдтэй шар толгойтой хүмүүс  Афганистанд бий. Мөн  афганы хүн амын арван хувийг эзэлдэг монгол гаралтай хазарууд маань аль эрт персжээд ираны дэмжлэгтэй шийтийн шашинтай дари тажик хэлтэй болсон тул тэдэнтэй бид болгоомжтой хандах  хэрэгтэй.

 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт