УИХ-ын гишүүн Д.Гантулга танихгүй айлд хоноод гарахдаа нэг зүйлээ мартаад явчихсан. Гэхдээ түүнийг яг юу мартаад явсныг хохирогч бүсгүй болон түүний эгч бас гишүүн өөрөө л мэдэж байгаа. Одоо харин түүний орхиж явсан эд түүнийг УИХ-ын гишүүн хэвээр үлдэх үү, үгүй юу гэдгийг шийдэх гээд тэвдүүлж байгаа биз.

Нэгэнтээ хүн хүсээгүй байхад нь хүч хэрэглэн дур ханасан бол энэ нь улаан махны хэрэг болж Эрүүгийн хуулиар шийтгэгддэг учиртай. Гэвч Д.Гантулга УИХ-ын гишүүн учраас ийм хэрэг үйлдсэн, эс үйлдсэнг тогтооход хуулийнханд хүндрэлтэй байгаа бололтой юм. Орны цагаан хэрэглэлээс Д.Гантулгын үрийн шингэн илэрчихээд байхад шүү дээ.

Залуу хүн, бас улс төрд одтой яваа эр хүнд эмэгтэйчүүдтэй холбогдох асуудал байж болох л юм. Гэхдээ өөрийн дур хүслийг хүчээр хангана гэдэг яавч байж болохгүй. Тиймээс л хохирогчийн эгч гэх бүсгүй шударга үнэнг хайж өдийг хүртэл өөрийгөө болон дүүгээ, гэр бүлээ “хараалгаж” яваа болов уу.

Монголд хууль, шүүх гэж байгаа учраас энэ хэрэг нэг тийшээгээ шийдэгдэх л учиртай. Олон хүний дургүйцлийг хүргэж байхаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулчих эр зоригтой байвал Д.Гантулгын цаашдын улс төрийн карьерт нэмэртэй л юм шиг санагддаг. Гэвч энд ганц гишүүний бус улс төрийн нам, Засгийн газар, эрх баригчид гээд олон том хүчин зүйлийн эрх ашиг хөндөгдөөд байгаа учраас Д.Гантулга яахаа мэдэхгүй тулгамдаж яваа ч байж магадгүй юм.

Тэгсэн дайны хажуугаар дажин гэгчээр олны анхаарал татсан асуудал бүртээ хутгалдаж явдаг өмгөөлөгч Г.Батбаяр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өмгөөлөөд гараад ирлээ. Г.Батбаяр яг өмгөөлөгч нь мөн үү, биш үү гэдгийг Д.Гантулга л тайлбарлах байх. Тэгээд ч олны анхаарал татаж буй хүчингийн холбогдолтой хэд хэдэн хэрэг дээр Г.Батбаяр өмгөөлөгч ажиллаж байгаа. Гэвч шийдэлд хүрсэн гэх ганц ч хэргийн талаар мэдээлэл дуулдсангүй.

Гэтэл өмгөөлөгч маань дахиад л нэг хүчингийн хэрэгтэй холбогдчихлоо. Ингэхдээ энэ удаад хүчиндсэн этгээдийг өмгөөлж байгаа бололтой юм. Тэгээд зурагтаар ярьдгаа л ярьж байна. Хууль тайлбарлаад, гарц гаргалгаа яриад л… Цухас хараад өнгөрвөл ийм л зүйл ярьсан гэж ойлгохоор. Гэтэл хуульч, өмгөөлөгч хүний хувьд байж болмооргүй хэдэн үг хэлчихлээ. Тэр нь “Хохирогч гээд байгаа бүсгүй дур тавьсан бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг хэрэгсэхгүй болно. Тийм магадлал өндөр байна” гэх утгатай үг юм. Одоо түүний хэлснээр хуулийнхан хохирогчоос дур хүслийн шингэн хайх юм гэнэ. Гэвч хүчингийн хэргийг үйлдэх явцад хохирогч дур тавьсан бол хэрэгсэхгүй болгосон гэсэн хуулийн заалтыг би лав олж үзсэнгүй. Бодвол өмгөөлөгчид ийм бодолтой гэмт этгээдийг өмгөөлөгдөг байж ч болох л юм.

Та боддоо. Хуулийнхан хохирогчийг суулгаж байгаад “Та хүчиндүүлжээ. Гэхдээ та дур тавьсан байна. Тэгэхээр та хүчиндүүлээгүй гэсэн үг” гээд л яриад сууж байх юм уу? Өмгөөлөгч гуай бол ийм л тайлбар хийчихлээ. Тэгээд улс орон даяар олон нийтийн өмнө хүчиндэгч нарт зориулсан хэргээс бултах аргыг зааж өгөөд ч байх шиг. Ийм байж болох уу та минь ээ. Өмгөөлөгчдийн холбооныхоон, танай нэг өмгөөлөгч хүн хүчиндсэн этгээдийг ялаас мултлах тухай ярьж байна. Энэ хүнтэйгээ хариуцлага тооцоочээ. Мөн хүчин хийгчид хохирогчоо дур тавиулна гээд мунхаглаад байвал яах юм бэ.

Эх сурвалж: Ugluu.mn