Өрнийн хийгээд дорнын сэтгэгчдийн философи, логикт онцын ялгаа байдаггүй

Танин мэдэхүй бол хүн өөрийгөө таних, бас орчноо таних процесс. Амьдрахын тулд таних, хэрэглэх ёстой. Энэ процесс, таних, хэрэглэх зорилго бүх тивийн хүмүүст ав адилхан. Таних ашиглах үйл ажиллагаандаа хэрэглэж буй гол эрхтэн болох уураг тархи бүх хүмүүст бас ав адилхан. Ингэхлээр өөрийгөө, орчноо таних, дээр нь бас танин мэдэж буй арга, аргачлалаа таних үйл явц бол угтаа “Нэг л багаж” ашиглаж буй үйлдэл, “Нэг л ажилбар” хэрэгжүүлж байгаа үйлдэл, нэг зорилгод хөтлөгдөж буй үйлдэл юм. Тив бүхэнд, улс орон бүхэнд бараг хүн нэг бүр танин мэдэх, мэдсэнээ хэрэглэх ажлыг Хомосапиенс анх үүссэн цагаас эхлэн тасралтгүй хэрэгжүүлж байжээ. Олон хүн, урт хугацааны туршид, тасралтгүй хийж ирсэн болохоор таних, хэрэглэх ажлын эцсийн үр дүн, ололт, хөгжлийн түвшин нь ихэнх улс оронд бараг зуун бүхэнд адилхан шахуу байх нь тодорхой юм. Ийм бодитой шалтгаан, нөхцөл байдаг болохоор Өрнийн хийгээд Дорнын сэтгэгчдийн танин мэдэх онол-аргазүй, философи, логик зуун зуундаа адилавтар байж, хэн хэнээсээ ч харилцан суралцаж, нөлөөлөлцөж, хамтдаа өөдлөн дэвшиж иржээ. Сэтгэлгээний бүхйи л арга, аргачлал, өнгө аяс, сонин хачин хэлбэр Өрнийн сэтгэгчдэд ч байж, бас Дорнын сэтгэгчдэд ч байжээ. Танин мэдэхүйн онол, аргазүйн хувьд Өрнө ба Дорныг алиныг ч алины нь дээр, доор тавих аргагүй. Орчноо хийгээд өөрийгөө танихын тулд ашиглаж буй эрхтэн, түүний үйл ажиллагаагаа, таних арга, зорилго нь хүн бүрд, ард түмэн бүрд ижилхэн болохоор бүх тивүүдээр авч үзэхүл хүмүүсийн таньж, хуримтлуулж чадсан мэдлэг мэдээллийн сан хөмрөг ч гэсэн хэмжээгээрээ, таньсан түвшнээрээ, мөн таних чадавхаараа тун ч ойролцоо ажээ. Жишээ нь: Өрнө дахины сэтгэгчдийн философи, логикийг Дорно дахины сэтгэгчдийн философи, логиктой зөв аргаа жишэх аваас ер ялгаагүй шахам юм. Энд зөвхөн нэр томъёо, туршсан, дүрсэлсэн арга, хэлбэр нь л ижилгүй байна. Европ хүн ба Ази хүний гарт буй ижилхэн маркийн хоёр ширхэг компьютерээр ойролцоо хэмжээний мэдээлэг хуримтлуулж, адилхан программаар боловсруулалт хийж үр дүнгээ ижилхэн аргаар эргэж шалгаад эцсийн дүндзэ нэг л үнэнд хүрэхтэй энэ нь адилхан юм. Чухам иймийн учир Грекүүд, Англичууд, Оросууд, Энэтхэгчүүд, Хятадуус Монголчууд (нүүдэлчид), Төвдүүд бүгдээрээ л материализм ба идеализмыг бүхий л өнгө зүсээр нь буй болгоод оюун санааны амьдралдаа ашиглаж иржээ. Тэдний буй болгосон үзэл, сургаалыг харьцуулж үзээд (50 жилийн туршис миний бие хэнийг нь ч хэнээс ч дээгүүр тавих боломжгүйг 70 гарсан насан дээрээ таньж, тогтоосон юм. Хэрэв эрхэм уншигч Та итгэхгүй байгаа бол Монголын философичдын (Л.Агваанхайдав, З.Агваанбалдан, Шижээ, Агваандорж гэх мэт) XVIII-XIX зуунд туурвисан бүтээлүүдээс (Том, бага хэдэн зуун судар, ном бий) цөөн хэдийг нь л уншаад үзээрэй. Миний өмнө хэлсэн үг яг л нотлогдох болно. 18-19-р зуунд амьдарч байсан сэтгэгчдээр төлөөлүүлэн үзэх аваас Агваанхайдав том, жижиг 120 шахам бүтээлтэй, Агваанбалдан 100 шахам бүтээлтэй гээд л бод доо. Цаана нь бас хэдэн арван философичид бий юм шүү. Энэхтхэг, Төвдийн философичидтой бусдаас эрт, бусдаас гүнзгий танилцаад зарим асуудлаар тэднээс давж байсан хүмүүс бол Монголын философичид юм.

Энэтхэг,Төвдийн судлаачид ч тийм гэдгийг хүлээн зөвшөөрдөг ажээ. 19-р зууны дунд хэр гэхэд л Монголын эрдэмтэн лам нар, философичид Бурханы шашны хиртэж, доройтсоныг таньж мэдээд түүнийг цэвэршүүлэх, шинэтгэл хийхийн чухлыг ил, шууд сурталчилж эхэлсэн байна. “Үг утга нь тодорхой цадиг оршвой” болон “Ламын залбирал" хэмээх бүтээлдээ Агваанхайдав буй бүхий гажиг, согогийг илчилж шашин суртлаа мөхлөөс аврахыг уриалж, хутагт хувилгаадын үнэн нүүр царайг ёгтлон, шүүмжлэн үзүүлжээ. Ингэхлээр Монголын сэтгэгчид тэр түүхэн цаг үеийнхээ философи сэтгэлгээний ололтыг  ч мэддэг, хөгжүүлдэг, бас алдаа дутагдлыг нь ч мэддэг, шүүмжилдэг байжээ. Хүмүүс өөрийгөө танин мэдэх, гадаад ертөнцөө танин мэдэх, амьгүй байгалийн хувьслын түүхийг бичих, мөн амьд байгалийн хувьсгалыг таних, улс орон ард түмэн нэг бүр гарвал, түүхээ тодруулах, бичих хэрэгт зарим том шашин удтал саад тотгор учруулсаар байжээ. “Хорвоо дээр байгаа бүхнийг Ертөнцийн эзэн бүтээсэн, хорвоогийн бүхий л үйл хэрэг хүчирхэг бурхдын гарт байдаг, юуг яахаа бурхад шийддэг, бурхад бүгдийг дээрээс харж, хянаж байдаг, тэд үхэгсдийг ч дахин амьдруулах чадалтай, ариун явдалтай буян их үйлдсэн хүмүүсийг бурханы оронд төрүүлж мөнхөд амьдрах ид увьдасыг бурхад л олгодог”гэхчлэн сургаж, хүмүүс түүнд нь бүрэн итгэж байсан болохоор “Хорвоогийн нууцыг танин мэдэх гэж, үүх түүхээ тодруулах  ирээдүйн хойчоо төлөвлөх гэж, хаана хэзээ хэрхэн үүссэн гарвал, түүхээ бичих гэж” судлах, шинжлэх, эрэл хайгуул хийх шаардлага үгүй мэт байжээ.“Бурхан ертөнцийг саяхан бүтээсэн юм бол тэрнээс өмнөх үеийн түүх гэж байхгүй. Хүмүүсийн амьдрал, хувь заяа бурхдын таллаар болдог. Улс үндэстний хувь заяа түүх бурхдын урьдчилан тогтоож, товлсны дагуу хэрэгждэг Бурхдын тааллаас зөрөх, өөрөөр байх гэж оролдох аваас гэсгээл хүртдэг”. Ийнхүү итгэсэн ард түмэн гарвал, түүхээ судлах, бичих оролдлого хийдэггүй байжээ. Тиймээс олон мянган жилийн өмнө төр улс байгуулж, том хот суурин барьж, урлаг соёлын олон төрлийг бүтээж, хэрэглэж байсан хөгжилтэй ард түмнүүд түүхээ бичээгүй байна. Эртний Египет, Энэтхэг, Хятад одоогоос 2300 жил орчмын өмнө гэхэд гарвал, түүхээ сонирхдог ч үгүй, бичдэг ч үгүй байжэз Бурхдын бүтээл, санаа зориг, тааллыг сөрөх, судлах учиргүй ганцхүү ойлгож мөрдөх, сахих ёстой гэж үзэцгээж иржээ. Дэлхийн том шашинууд өөрийн үзэл сургаалаараа хүний танин мэдэхүйд хил, зааг тогтоож, үгчлэн цээжлэх зүйлчлэн дагах, сүсэглэн дээдлэхэд сургаж, тийм арга хандлагыг хэвшүүлжээ. Энэ нь олон мянган жилийн туршид хүн төрөлхтний танин мэдэхүйг зогсонги, царцанги байдалд барьжээ. Марксизм, Ленинизм нь өөрийгөө цорын ганц үнэн үзэл сургаал, хэмээн тунхагласнаар мөн л том шашинуудын нэгэн адил үр дагаврыг үүдсээр байлаа. Геологи, биологи, физик, химийн шинжлэх ухааны ололт, нээлтүүд нь шашны үзэл, сургаал дахь алдаа, дутагдлыг яахын ч аргагүйгээр илчилсээр байсны ачаар хүн төрөлхтний хагас орчим нь үнэндээ шашинд биш шинжлэх ухаанд итгэж, эрүүл мэндээ шинжлэх ухааны мэдлэгт даатгаж, эрхэлж байгаа ажлынхаа ашиг, орлогыг шинжлэх ухааны тусламжтайгаар нэмэгдүүлж байх болжээ. Ийм байдал эргэлт, буцалтгүйгээр буй болчихоод байгаа эдүгээ цагт манай хэвлэл, мэдээллийн байгууллагууд сүсэг бишрэлийг өдөөсөн, дэмжсэн, сурталчилсан зүйлийг бичих, үзүүлэх нь ард түмнийхээ оюун санааны амьдралын эрүүл ахуйд хор хүргэсэн үйлдэл болохыг тооцох, энэнээс сэргийлэх хэрэгтэй байна. Шашин, сүм хийд, лам нар, сүсэгтэн олныг ялгаж тусгаарлаад нэгэн улс болгочих аваас тэр улс орон нийтийн тооллын VII-VIII зууны үеийн дүр зураг, соёл, иргэншлийг санагдуулам төрх, байдалтай болж хоцрох болно. Шинжлэх ухааны салбаруудын хуимтлуулсан мэдлэгийн сан хөмрөгөөс хагацах аваас нийгмүүдийн хөгжил, дэвшил наад зах нь л бүхэл бүтэн нэг мянган жилээр хойшоо ухрах болно. Энэнийг зууны 20-иод онд амьдарч байгаа хүмүүсийн 70-аас дээш хувь нь ойлгож байгаа мөртлөө мөн л тус тусынхаа “уламжлалт шашинд сүсэглэсээр байгаа нь нэг талаар хуучны энерци, хэвшсэн зан үйлтэй холбоотой юм. Уламжлалт шашин сурталдаа элэгтэй болгохын тулд бага насны охид, хөвгүүдийг эцэг, эх нь сүм хийдэд дагуулж очоод бурхан шүтээнд мөргүүлж, лам нарын уншиж буй номын дууг сонсгож байх нь зөв үү? Эсвээс бага насны охид, хөвгүүд насанд хүрсэн үедээ л сүсэглэх, эс сүсэглэхээ өөрөө сонгож авах, шийдэх ёстой юу? Энэ бол орчин үед бодох л асуудлын нэг мөн. Аль ч шашныг хэтэрхий ихээр дээдлэн үздэггүй, түүнд хэт гүнзгий автагддаггүй, нэг шашныг нөгөөд нь сөргүүлэн тавьдаггүй, төрийн хэрэг, улс үндэстнийхээ ашиг сонирхлыг шашны хэргээс дээгүүрт тавьдаг байсан. Монголын эртний уламжлалыг өнөө үед ч гэсэн бодолцох, тооцох, сахих хэрэгтэй байна. Ерөнхий байдал, ноён нурууг хардаг, алив юмс үзэгдлийн дундаж утга, хэмжээг эрхэмлэдэг, туйлшрахаас зайлсхийдэг, үйл явцын өрнөх хурд, далайцыг харзнаж үгээ хэлдэг, шийдвэрээ гаргадаг байсан эцэг дээдсийн буйр суурьтай зан аашийг бид өвлөх ёстой, цааш нь ч түгээх залгамжлуулах үүрэгтэй. Яарвал даарна, бушуу туулай борвиндоо баастай, долоо хэмжиж нэг огтлох алтан дунджийг эрхэмлэ! Олны жишгийг хар гэх мэтийн онч мэргэн үгсийн учрыг тайлж үр хүүхэддээ сурталчлах ёстой. Өрнийн сэтгэгчид ч нэг хэсэгдээ шашин суртлын хүлээсэнд боомлигдсон байсан, Дорнын сэтгэгчид ч мөн ялгаагүй ТИЙМ үеийг өнгөрөөсөн билээ. Төр, шашин хоёр Өрнөдөд ч тэр мөн Дорнодод ч тэр ил далд холбоотон байсан хүнд бэрх цаг үеийг сэтгэгчид бас туулжээ. Харин шинжлэх ухаан хүнд нийгмийн амьдралын бүх салбарт, тэр дундаас шашин сүм хийдийн хувьд ч ихэд өссөн нь шинжлэх ухааны сорил, туршилт, нээлт, ер шинжлэх ухааны сэтгэлгээний үнэлгээг үндсэндээ л шашны үзэл, сургаалийн дээр нь гаргаж тавьсан билээ. Дэлхий дахины амьдрал, оршил даяарчлагдах болсноор шашин суртлууд аль нэгэн хэмжээгээр сөргөлцөж эхэлсэн бол харин шинжлэх ухааны сэтгэлгээ Өрнө, Дорно, Хойно, Урдгүй ойртож нягтарсан байна. Энэ байдал шинжлэх ухааны бүх салбарт түлхэц өгчээ. Өрнө ба Дорно, Хойдын ба Өмнийн ард түмний хуримтлуулсан шинжлэх ухааны мэдлэг харилцан нэвтрэлцэж нэг нь нөгөөгөө нөхөж, баяжуулж, өөр өөрсдийн ашиглаж ирсэн арга, аргачлалаа мэдэлцэж, туршлагаа хуваалцаж цаашдаа хамтран ажиллаж харилцан туслалцах замаар орсон бол дэлхийн том шашинуудын хувьд тийм холбоо харилцаа тогтсонгүй. Харин ч бүр шашин суртал, түүнд суурилсан иргэншлүүд хоорондоо сөргөлдөж, тэмцэлдэж эхэлсэн байна. Араатан амьтад ан хийдэг нутаг дэвсгэрээ булаацалдаж тэмцэлддэгтэй адилтгаж болом үйл явц шашинуудын хооронд өрнөж байгаа нь тэдгээрийг чухамдаа болохыг нь үзүүлээд, нотлоод ч байх шиг санагдах ажээ. Бөөрөнхий хэлбэртэй дэлхийд Өрнө, Дорно гэдэг хэрэг дээрээ бол үгүй юм. Энэчлэн хомосапиенсын үрс жичсын хувьд ч гэсэн Өрнөдийн сэтгэгчид болон Дорнодын сэтгэгчдийн гэх онцлон үзэх ялгаа, зөрөө бас үгүй болно. Ялгаатай  гэгддэг бүхэн нь нэг л зоосны хоёр тал, нэг л арга, аргачлалын хоёр хувилбар, нэг л үзэгдлийн хоёр тохиолдол, нэг  л  баримтын хоёр тайлбар байх ажээ.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав