Бяцхан эргэцүүлэл

Наадам аятайхан сайхан болж өнгөрлөө. Хүмүүсийн урам овоо байлаа. Сургамж ч бишгүй үлдээлээ. Монголчууд хоймороо ихэд хүндлэн дээдэлдэг. Хамгийн эрхэм хүмүүсээ дээшээ суу гэж найр тавьдаг, урьдаг залдаг ёс жудагтай. Заагдаагүй хууль.  Энэ удаагийн баяр наадмын хоймор нэг л чийр муутай,  ханхай хоосон харагдлаа. Төр, засгийн  гурван тэргүүн, за тэгэсхийгээд мэр сэрхэн  харагдана.  Нөгөөх УИХ-ын эрхэм гишүүд, сайд, дарга нарын суудал хов хоосон ярайж байв. Сандлын ард цаас ярайх нь тэдний нэрс юм байлгүй. Суудал ерөөс их юм хэлдэг. Та гурав суудал дутуу суух ёстой л бол гурван суудал  доошоо суух ёстой, та гурван суудал дээшээ суух зиндаатай   бол түнийгээ эзлэх хэрэгтэй. Суудал дайрдаг өвчтнүүд бий.  Дээдсүүд маань суудлаас болж маргалдаж, тулаанд орж байсан  гунигт түүх буй. 

Энэ хоосон сандалууд  юу хэлнэ вэ? Манай төр засгийн эв нэгдэл, царай зүс ийм л байна гэдгийг дохионы хэлээр, дохионы харилцаагаар  түмэн олондоо  хэлээд авлаа. Энэ хоосон орон зайн  цаана үзэл ядалт, хорсол занал, атаа жөтөө, ихэрхэл цамаархал,хуйвалдаан, улстөржилт харагдана бус уу? Ерөөс Ардын намыг төр барьж байхад  ардчилалынхан очдоггүй, ардчилынхан барьж байхад ардын намынхан очдоггүй жихүүн  хандлага мэдрэгдээд байдаг нь "Там там гэвч, тамтагггүй явбал там тэр өөрөө" гэдэг мэргэн үгс санагдана . "Хүйтэн сэнтий" хэмээх Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмгэнэлт жүжиг санаанд буув. Доогуур баясалдан бужигнаж байхад, үүлэн дээрх Төрийн сэнтий суудалд жавар хургаж, үүл манан хөшиглөж, салхи шуурга сүнгэнэж байх шиг санагдав.

Хэрвээ дээдсүүд бие биеэ хялайж хардаг, үзэн яддаг суудал сэнтийгээ эзэлж чаддаггүй юм бол хэлэх үгтэй, хийсэн гавьяатай буурал  ахмадууд, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, боловсрол, урлаг соёл, спорт,  малчид, хөдөлмөрийн төлөөлөл болсон   алдар цуутнууд,  соён гэгээрүүлэгчид, шашны зүтгэлтнүүд, нэртэй бизнесүүд, авьяаслаг сурагч хүүхдүүд, нэр төртэй  залуус гээд  энэ цагийн нүүр царай болсон тэр эрхэмүүдээ урьж суулгая л даа. Харин улс төр хөөцалдөгчдөд, увайгүйчүүдэд, хоёр нүүртэнгүүдэд   олдохгүй суудал байх ёстой. За тэгдэггүй юмаа гэхэд наадмын үеэр гавьяат, баатар бологсодоо ч урьж болох л юм шүү дээ.  

 

2О18. 07. 16- ны өглөө Ажлын өдөр мандтугай

 

До.Цэнджав