Монгол Улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглээд 17-дахь жилдээ болж байна.  Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийг Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрөөх ажлын хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж  НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа үг хэллээ. Тэрээр үгэндээ байгууллагын үндсэн албадын онцлогийг танилцуулж, ахмад үеийн түүчээ болсон нийт эрдэм шинжилгээний ажилтнууддаа баярын мэнд хүргэж, олон арван жил энэ байгууллагаар овоглож, энэ байгууллагыг нэр төртэй авч явсан ахмад үеийнхээ үйл хэргийг тасралтгүйгээр, улам өргөжүүлэн авч явахыг захиж хэллээ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болтлоо хөгжиж ирсэн байгууллагад залуу доктор, эрдэмтэд түрж гарч ирж байгаад бахархаж байгаагаа үгэндээ онцоллоо.

 

 

Эрдэм шинжилгээний хуралд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн залуу судлаач, Химийн ухааны доктор, Орчны эрүүл мэнд, хор судлалын албаны эрхлэгч Б.Говьгэрэл “Уургийн исэлдэлт, түүнд антиоксидантуудын  нөлөөллийг тодорхойлох сенсор гарган авах нь” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн магистр, залуу эрдэм шинжилгээний ажилтан Б.Оюундарь “Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх нь” сэдвээр, Нийгмийн эрүүл мэндийн магистр, Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг чадваржуулах сургалтын тухай” сэдвээр мэдээлэл өгч илтгэл тавьсан юм

 

ЭША Б.Говьгэрэл     

ЭША Б.Оюундарь

ЭША О.Оюун-Эрдэнэ