Өнгөрсөн есдүгээр сард багш ажилчид цалингаа нэмэгдүүлэх талаар харьяа яаманд шаардлага хүргүүлж, жагссан. Тэд шаардлагын үр дүн бүрэн хэрэгжээгүй гэдэг шалтгаанаар ирэх даваа гарагаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам болон БСШУСЯ-ны гадаа жагсахаа мэдэгдээд байна.

Тодруулбал, баасан гарагт МҮЭХ-ноос багш болон шинжлэх ухааны ажилчдын цалингийн нэмэгдэл одоог хүртэл олгогдохгүй байгаа талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан "Есдүгээр сард бидний хийсэн ажил хаялтын үр дүнд бид Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж ажил хаялтыг түр завсарлуулаад байсан. Гэсэн хэдий ч тэр хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрээгүй, байгуулсан гэрээ, хэлэлцээр хэрэгжихгүй байна. Есдүгээр сарын 14-нд манай үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам болон Засгийн газрын гаргасан саналыг үндэслэн хэлэлцээр байгуулсан. Үүнд энэ оны аравдугаар сарын 1-нээс багш болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Гэвч он дуусах гэж байхад уг нэмэгдэл ажилчдад олгогдоогүй байна” гэсэн юм. Мөн тэрбээр, нийслэлийн зарим сургуулиудын багш нар нэмэгдлээ дөнгөж авч эхэлсэн ч хөдөө орон нутаг болон нийслэлийн үлдсэн ажилчид аваагүй байна. Олон сарын турш бид цалинг нэмэгдүүлэх гэж гуйж, шаардаж явсан, гэвч ямар нэгэн үр дүнд одоог хүртэл хүрээгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.