Монголчуудын амьжиргаанд гол нөлөө үзүүлдэг шатахууны үнийн болоод чанар үзүүлэлтийн талаар өчигдөр ШӨХТГ-аас мэдээлэл хийж, нефть импортлогч компаниуд ашиг олохын тулд иргэдээ хохироож байгаа олиггүй үйлдлийг зарласан билээ. 

Энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд Петростар, Магнай трейд, Шунхлай трейдинг, Содмонгол групп, М-Ойл групп, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль ХХК, Ойн бирж компанийг шалгасан.

Шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон байна. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна.

Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторд муугаар нөлөөлдөг . Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг.

Тиймээс ШӨХТГ-аас дээрх есөн аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017” хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон.

Тус 9 аж ахуйн нэгжид тус бүр 9.000.000 төгрөг, зохиомлоор шатахууны хомстол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдууллаа хэмээн ШӨХТГ-аас мэдээлэл хийсэн.

Иргэд шатахуун, бензиний талаар үргэлж л гомдол мэдүүлдэг байсан ч саяхан л хяналт шалгалтын байгууллагууд нь олон нийтэд тэдний үнэн бодит байдлыг зарлан торгууль ногдуулав. Харамсалтай нь энэ торгууль нь есөн сая төгрөг. Олон мянган хэрэглэгчээ хохироосон тэдэнд энэ мөнгө тийм ч их торгууль биш болов уу. Цаашид энэ салбарын зөрчил гаргасан компаниудад хатуу арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоож байж л тэд хашрах байлгүй.

Дуртай үедээ үнээ нэмж, дургүйгээ хүрвэл бензин байхгүй хэмээн ааштай эхнэр шиг ааш гаргадаг нефть импортлогч компаниудыг хэдий болтол толгойг нь илсээр байх вэ.

Засгийн газраас дээрх компаниудыг шатахууны үнэ бууруулах шаардлага тавьж, АИ92 бензин литр тутамдаа 100 төгрөгөөр буураад байгаа. Тэгвэл оны өмнө дахин бууруулах чиг үүрэг өгсөн. Тэгвэл өчигдөрөөс эхлэн зарим компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр бууруулж, хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 бензиний литр тутмын үнэ 1,835-1,840 төгрөг болжээ. Алдаа гаргасан дээрээ гэмшсэн аятай тэд үнээ бууруулах л аядсан нь энэ бололтой.

Тиймээс чанаргүй бензин шахдаг, дуртай үедээ үнээ нэмдэг нефть импортлогч компаниудыг нэмсэн шигээ хурдан үнээ бууруулж ард иргэдээ шулахаа зогсоохыг уриалж байна.