Энэ сарын 28-нд дараагийн хотын дарга тодорно гэсэн мэдээлэл Су.Батболдыг ажлаа өгсөн даруйд л хэвлэлийн хуудсаар гарч эхэлсэн билээ.

Тодруулбал, өчигдөр нийслэлийн ИТХ-ын хурлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ хэлэлцэж өнөөдөр чуулганаараа томилох юм.

Харин өнгөрсөн өдрүүдэд дараагийн хотын дарга болох мөрөөдөлдөө автсан хүмүүсээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Р.Дагва, Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар гэсэн гурван хүний нэр дуулдах болсон. Мэдээж тэд ардаа бүгд татаастай, томоохон лоббитой төдийгүй ямар, ямар эрхмүүдийн хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэх гэж байгаа вэ гэдгийг уншигчид андахгүй мэдэх биз.

Тэгвэл дээрх нэр бүхий гурван эрхмээс Б.Мөнхбаатарыг хотын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн хэвлэлээр гарах болов. Хамгийн гол нь энэхүү мэдээллийг хэн хаанаас өгөв гэдэг нь ч тодорхойгүй. Түүнчлэн нэр дэвшигч Б.Мөнхбаатар ч өөрийнхөө амнаас “Би нэрээ татлаа” гэх үгийг одоо хүртэл хэлээгүй байна.

Мэдээж Б.Мөнхбаатар дээрх хоёр хүнээс илүүтэйгээр хот гэдэг том айлыг хамгийн сайн мэдэх нэгэн учраас энэхүү бүрхэг мэдээллийг тэдний зүгээс хэвлэлийнхэнд шидсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ түүний нэрээ татсан нь үнэн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын дунд ширүүхэн тулаан өрнөх нь дамжиггүй. Тэд хот гэдэг том айлыг өөрсдийн болгохын тулд боломжит бүх ажлаа дор бүрнээ дэс дараатай хийж, НИТХ-ын 45 төлөөлөгчөө хэдэн хэсэг хувааж, уламжлалт муу аргуудаа ч хэдийнэ хийгээд эхэлсэн тухай АН-ын төлөөлөгчид ярьж байв.

Хэрвээ уншигчид анзаарсан бол өчигдрөөс эхлэн хэвлэлүүд С.Амарсайханыг хотын дарга, Г.Дагвыг НИТХ-ын дарга болно гэх мэдээлэл түгээд эхэлжээ. Тэгвэл энэхүү мэдээлэл гарснаас үүдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нарын дунд үл ойлголцол үүсч маргааш тодрох хотын даргын асуудлыг хойшлуулах тухай асуудлыг ярилцжээ.

Ямартай ч У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар нар бодлогоо нэгтэж чадаагүй учраас тэд хэн хотын дарга болох вэ гэдэг дээр санал нь зөрөлдөж хоорондын зөрчил улам их ширүүсэхийг харуулж байна. Харин одоо хэний хүн хотыг удирдах вэ гэдгийг харах л үлдлээ.

Х.Маргад 

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=16608