Алдаа гаргах эрхгүй алба бол тангараг өргөсөн цагдаа. Харин сүүлийн үед цагдаагийн нэр бүхий алба хаагч өргөсөн тангарагаасаа няцах, шударга бус ажиллах, хувийн зохион байгуулалтгүй зэргээс болж цагдаагийн албаны нэр хүндийг унагасаар байна. Үүний жишээ болгож хамгийн ойрын хоёр жишээг хүргэж байна.

Жишээ№1 Нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа Ц.Ариунбат, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа Д.Отгонжаргал нар согтуурсан байх үедээ хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ тархи толгойг гэмтээсэн хэрэг гарав. Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нарыг ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, тэд ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/36 тоот тушаалаар 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой дарга нар ийнхүү  ууж идсэнээ шингээ чадаагүй үйлдэл нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагасан. Нөгөө талаас цагдаа нараа алдаа гаргасан эсэхийг шалгадаг хүн ийм хэрэгт орооцолдсон нь өөрөө ёс зүй талаасаа байж боломгүй үйлдэл юм.

Жишээ№2. Эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан хүн амиа хорлосон хэрэг 2015 онд орон нутагт гарсан. Энэ хэрэгт тухай үед ажиллаж байсан цагдаа нарыг буруутгаж, ажлын хариуцлага алдсан хэмээн үзсэн бөгөөд хэргийг Улсын дээд шүүх хүртэл хэлэлцэж  2015 оны гарсан хэргийг 2018 оны 12-р сард эцэслэн шийдвэрлэсэн байна.

2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасгийн дуудлага хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Д.М нь Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Цагдаагийн тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Д.Э нь мөн өдөр Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна” гэж заасан хуулиар хүлээсэн нийтлэг албан үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус цагдаагийн тасгийн эрүүлжүүлэх байранд Э.Т өөрийгөө боомилж амь нас хохирсон гэмт хэргээр ял сонссон. Тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М, Д.Э нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М, Д.Э нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрт 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Д.Э-т холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, А.Оюун нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэ хэргийн Улсын дээд шүүх 2018 оны 12-р сард хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 840 дүгээр магадлалын “Шүүгдэгч Д.М-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрх” гэснийг “цагдаагийн албан хаагчаар ажиллах эрх” гэж өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх, давж заалдах, УДШ цагдаагийн алба хаагчийн буруу гэж дүгнэсэн.

Энэ мэтээр цагдаагийн албаны нэр хүндийг унагасан үйлдэл нэгээр тогтохгүй. Цагдаагийн алба алба хаагчдынхаа сахилга, ёс зүй, харилцаа, хувийн зохион байгуулалт зэрэгт анхаарахгүй бол албаны нэр хүнд шалаар нэг унасаар...