Монгол улс Орос, Хятадтай “СҮҮЛРЭЭД” гуравдагч хөршийн бодлогоо умартав уу?
2014/10/10
Ази-Номхон далайн аюулгүйн байдлын судалгааны төвийн профессор Ж.Рийвс “East Asia Forum” сэтгүүлд ингэж бичжээ.
Хятадын дарга Си Жиньпин, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар ойрмогхон Монголд айлчилсны дараа нэлээд хэдэн шинжээч тус улс “гуравдагч хөрш” гэх маш чухал дипломат бодлогоо алдсан гэж үзсэн билээ.
Зарим шинжээчдийн үзэж буйгаар тус улс Хятадтай хийж буй худалдааны сөрөг харьцаа, Оросын газрын тосны
бүтээгдэхүүнээс хамаарах, эдийн засгийнх нь өсөлтийн удаашрал зэргээс үүдэн Хятад, Оростой илүү ойр дотно харилцаж тэрхүү хоёр аварга хөршийнхөө дунд ямар ч шаардлагагүй, тэнцвэргүй тоглолт хийж эхэллээ гэсэн нь бий.
Ингэж дүгнэх нь дэндүү өрөөсгөлөөс гадна Монголын дотоод, гадаад бодлогыг буруу ойлгосонтой холбоотой. Юу гэвэл, энэ улсад сүүлийн үед болсон үйл явдлуудыг сонжвол нэлээд өөр дүр зураг харагдана. Монгол Улсын ойр зуурын тактикийн асуудал хэзээ ч стратегийн үзэл бодолтой нь зөрчилдөж байсангүй.
1994 оноос хойш Монголын гадаад бодлого тус улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг аль болох олон улс оронтой хамтран ажилласнаар баталгаажна гэсэн билээ. Тэгвэл тус улс өөрийн хоёрхон хөрш Хятад, Оростой илүү ойр дотно харилцах хэлэлцээ хийсэн нь энэ стратегийг хэрэгжүүлэх нэгэн тактик гэж үзэж болох юм.
Ийм тактикийн хэлэлцээг тус улс үүнээс гадна Канад, Турк, Энэтхэг, Японтой хийснийг хэлэх хэрэгтэй. Уг нь Монголын гуравдагч хөршийн тухай бодлого эдийн засаг, улс төр, зэвсэгт хүчний гэсэн гурван талт стратегитэй. Хятадтай эдийн засгийн хувьд ойртон хамтран ажиллах нь Монголын гадаад бодлогын ердөө нэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Учир нь, тус улс гадаад бодлогодоо Хятад, Оросоос гадна Япон, ХБНГУ, Унгар, Өмнөд болон Хойд Солонгос, НҮБ зэрэг улс орон, байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Тус улсын хувьд гуравдагч хөршийн бодлого улс төрийн бус үндэсний аюулгүй байдлынх гол асуудлын нэг.
2010 онд батлагдсан Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод эдийн засаг, улс төр, батлан хамгаалах салбарт аль болох олон оронтой хамтран ажиллахыг тусгасан байдаг. Энэ бодлогоос ямар нэгэн байдлаар хазайх нь санамсаргүй зүйлээс болохгүй нь ойлгомжтой. Тийм зүйл тохиолдвол харин ч үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах төр үүргээ гүйцэтгээгүй гэсэн байдалд хүрнэ.
Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарынх нь доройтол, дэлхий даяар түүхий эдийн үнэ унах болсны улмаас буурах болсон нь тус улс хоёр хүчирхэг хөршөөсөө дэмжлэг хүсэхэд хүргэсэн байж болох юм. Гэхдээ хотжсон Монголчуудын олонх нь уул уурхай бус, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга болон үйлчилгээний салбарт ажилладгийг тэмдэглэх хэрэгтэй.
Үүний сацуу, уул уурхайн салбарын удаан хугацааны уналт дээр дурдсан салбаруудад муугаар нөлөөлөх хэдий ч чухамхүү уул уурхайн салбарт ямар нэг байдлаар оролцож буй хэт баяжсан хүмүүст нь төдийлөн нөлөөлөхгүй нь дамжиггүй. Ямартаа ч, Монголын уул уурхайн салбарын өсөлт буурах нь тус улсад илүү тэнцвэртэй, дан ганц уул уурхайгаас хамааралгүй эдийн засаг руу хөтлөх сайн талтай.
Ийм зүйл хэзээ нэгэн цагт тохиолдох нь тодорхой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Монгол Улс хэзээнээс дан ганц уул уурхай бус бусад салбараа тэнцвэртэй хөгжүүлэх шаардлагатай байсан бөгөөд энэ тал дээр тус улсын удирдлага зөв шийдвэр гаргавал ирээдүйд илүү их үр ашиг хүртэх нь дамжиггүй. Энд тэмдэглэхэд, Монголын улстөрчид улс орныхоо иргэдийн бодлоос ангид зүйл хийх боломжгүй.
Монголын иргэдийн олонх нь гуравдагч хөршийн бодлогыг чухал ач холбогдолтой гэж үздэг аж. Тэгээд ч Монголчууд Хятадын ноёрхолд автахгүйг хүсэмжлэн БНСУ, Япон, АНУ зэрэг улс орноос гадна Европын холбоотой ойртохыг хүсдэг. Олон нийтийн санал асуулгаар Монголчуудын олонх нь Хятадыг хамтран ажиллахад таагүй орнуудын нэг гэж үздэг байна.
Иргэдийнхээ ийм хүсэл зорилгоос гажууд юм хийсэн аливаа улстөрч ардчилсан тогтолцоотой энэ улсад ирээдүйн карьертаа цэг тавьдаг аж. Тэгэхээр Монгол хоёр хөрштэйгөө ойр дотно харилцаатай болох гэснийг Бээжин юм уу Москвагийн өнцгөөс харсны хэрэггүй.
Мэдээж Хятад, Оросын аль аль нь Монгол мэт хөрш орнууддаа өөр өөрийн бодлого явуулж буй. Хятадын дарга Си Жиньпин хөрш зэргэлдээ төв Азийн орнуудын ихэнхээр нь айлчилж бүс нутаг дахь тус улсын бодлогыг хэрэгжүүлэхийг мэрийсэн. Хятад улс төв Азийн орнуудыг “Торгон зам” гэх санаачилгадаа хамааруулж, үүгээр дамжуулан тус бүс нутагт өөрийн улс төр, эдийн засгийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм. Хятадын адил Орос ч гэсэн төв Азид өөрийн алдагдсан нөлөөгөө улс төр, эдийн засгийн хүрээнд нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй.
Тэгээд ч Украины үйл хэргээс улбаалан өрнөдийн ертөнцөөс эдийн засгийн хориг арга хэмжээ авахуулсан Орос бүх талаараа хүчирхэгжих болсон Хятадтай хуучин ЗХУ-ын нөлөөн дор байсан төв Азийн бүс нутагт өрсөлдөхөд хүрээд байна. Гэхдээ хүчирхэг хоёр гүрэн төв Азид дангаар ноёрхох боломж одоогоор алга. Юу гэвэл, Монгол Улс Хятад, Оростой ойртохын тулд бусад, гуравдагч орнуудаас холдохыг хүсэхгүй байна.
Харин ч хоёр хөрштэйгаа тактикийн төдий тоглоом хийж байх шиг. Мэдээж, тус улс Хятадтай эдийн засгийн тал дээр улам бүр нягт хамтран ажиллах болсон ч улс төр, батлан хамгаалахын салбарт өрнөдийн ертөнцтэй бүр ч их ойртсоор байгаа юм. Ийм ч учраас Монголын гуравдагч хөршийн бодлого мөхөөгүй, харин ч илүү эрчимтэй хэрэгжсээр байгаа билээ.
Орчуулсан Б.Барс
Зууны мэдээ сонин