“Скай” их дэлгүүр муудсан компот зарж иргэдийг хохироосон уу?
2014/11/15
Та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, дуусах он, сарыг нь сайтар анхаарч хардаг уу. Хэрэв анхаарч хардаггүй бол яг өнөөдрөөс эхлээд анхаарч байхыг зөвлөе.
Учир нь өнгөрсөн сарын сүүлээр буюу нийслэл хотын маань төрсөн өдрөөр бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн 50 хувийн хямдралтайгаар зарагдаж иргэдийн магнай ёстой л нэг тэнийх шиг болсон.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг хүнсний бүтээгэдэхүүн болон амттангуудынх нь амт чанар алдагдсан байсан нь иргэдийн сэтгэлийг багагүй гонсойлгоод авчээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн талбай дээр гарсан зад хямдралын үеэр “Скай” их дэлгүүрийн хямдарсан бараа бүтээгдэхүүнээс лаазтай компот худалдаж авсан нэгэн хэрэглэгч манай редакцид хандсан юм.
Бид мэдээллийг нягталж тэнцвэртэй байлгах үүднээс “Скай” их дэлгүүрийн холбогдох албаны хүмүүс болон иргэн Баатартай уулзаж дараах мэдээллүүдийг авлаа.
Баатар: Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс хэлж байна
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын оршин суугч иргэн Баатар “Манай ээж нийслэлийн 375 жилийн ойн баярын өдрөөр тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт хямдралтай худалдаа явуулж байсан “Скай” их дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс лаазалсан дөрвөн ширхэг “Lutik” компотыг худалдаж авсан байсан.
Тухайн өдөр худалдаж авсан компотныхоо хоёрыг нь задалтал өнгө нь алдагдаж, жимс нь бяцарсан, шүүс нь булингартай их л муухай харагдаж байсан. Би ананасных нь компотноос нэг хэрчмийг идээд үзтэл маш муухай амттай байсан учраас дүү нартаа идүүлэлгүй шууд хураасан.
Ингээд ээж маань “Скай” их дэлгүүрийн холбогдох албаны хүмүүстэй утсаар холбогдоход тус дэлгүүрийн орлогч захирал Машбат гэж хүн учир байдлыг сонсоод ойролцоо дэлгүүрнийнхээ нэг ажилтныг манайх руу явуулсан.
Ирсэн хүн нь ч муудсан компотыг харж “Үнэхээр муудсан” байна гэдгийг нь зөвшөөрөөд явсан. Түүнийг явсны дараа Машбат бидэнтэй холбогдож ямар гомдол санал байгаа талаар асуухад “Бидэнд 500 мянган төгрөгийг сэтгэл санааны хохирол гээд өгчих гэж л хэлсэн. Гэтэл тэд биднийг сүрдүүлж “Та нар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж бизнесийн нэр төрийг минь гутаавал бид та нарыг шүүхэд өгнө” гэж хэлсэн. Тэгээд ээж маань мөнгөтэй хүмүүс яаж ч магадгүй гэж айгаад энэ асуудлыг орхисон.
Гэтэл саяхан би тус дэлгүүрээр үйлчлүүлтэл нөгөө муудсан компот маш олноороо худалдаалагдаж байсан. Тиймээс л бид иргэдэд сэрэмжлүүлж анхааруулах нь зүйтэй гэж бодоод танай сонинд хандсан нь энэ.
Биднийг хэн нэгнээс мөнгө шантаажлах гэж иймэрхүү зүйл хийлээ гэж тус дэлгүүрийнхэн бодоод байх шиг байна. Бид ч бас хэрэглэгч учраас олон нийтэд энэхүү мэдээллийг хүргэх нь зөв л гэж бодсон юм” гэв.
Машбат: Бидний бүтээгдэхүүн иргэдэд ямар ч аюулгүй гэдгийг МХЕГ тогтоогоод өгсөн
Харин “Скай” их дэлгүүрийн орлогч захирал Машбат “Тухайн өдөр компот худалдаж авсан нэгэн эмэгтэй надтай утсаар холбогдож болсон үйл явдлыг хэлсэн нь үнэн. Ингээд би ойр байдаг салбар дэлгүүрийнхээ нэг ажилтныг явуулж муудсан компотыг шалгуулсан.
Хамгийн гол нь тухайн иргэн өөрөө компотыг задлаад хэдий хэрийн хугацаанд байлгаж байгаад идсэн бэ гэдэг нь тодорхойгүй шүү дээ. Бид дээрх эмэгтэйг “Та бүхэнд ямар гомдол санал байна вэ. Гомдлыг чинь заавал барагдуулж өгнө гэдгээ ч хэлсэн.
Гэтэл тэрбээр “Надад та бүхэн 500 мянган төгрөг л өгчих өөр асуудал байхгүй” гэж хэлсэн. Хариуд нь бид өгөхгүй гэтэл “Тэгвэл би өөрийнхөө арга хэмжээг авч хэвлэл мэдээлэлд өгөх болно гэж хэлсэн. Яаж ч бодсон бидний буруу тогтоогдоогүй байхад бид тэр хүнд хэлснийх нь зоргоор мөнгө өгч болохгүй биз дээ.
Бид үүний дараа өөрсдийн бараа бүтээгдэхүүнээсээ дээж авч МХЕГ-ын таван лабораторид шинжилгээ муудсан хийлгүүлэхэд ямар ч төрлийн бодис илрээгүй. Тиймээс бид өнөөдөр энэхүү бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад ажил хэвийн үргэлжилж байна.
Тэгээд ч манай дэлгүүрт чанар хяналтын алба гэсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй маш том алба ажиллаж бүхий л бараа бүтээгдэхүүнийхээ он сар өдөр болон хугацааг сайн харж байж худалдаанд гаргадаг. Тиймээс бид хэрэглэгчээ хүндлэх үүднээс тэдний гомдол саналыг нэгдүгээрт тавьж гомдол гаргахаас нь өмнө бүтээгдэхүүнээ байнга шинжилгээнд өгдөг.
Эцэст нь хэлэхэд бид хэрэглэгчдийг найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг гэдгээ ам бардам хэлэх л байна даа” гэв. Сэтгүүлч би бээр Машбатаас МХЕГ-ын лабораторийн шинжилгээнийх нь хуудсыг авахыг хүссэн боловч тэрбээр цааргалан өгөхгүй байсныг дурьдах нь зүйтэй байх. Бид тус дэлгүүрийн лангуун дээр үнэхээр дээрх компот зарагдаж байгаа эсэхийг сонирхтол иргэн Баатарын хэлж байснаар худалдагдаж байсан юм.
Хэдийгээр тус дэлгүүрийн муудсан гэх компотных нь хугацаа гурван жилийн дараа дуусах байсан ч зарим нэг бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан учраас баглаа боодол дээр асуудал гарсныг ч үгүйсгэхгүй юм.
Ер нь манай улсад хамгийн их түгээмэл байгаа зүйл нь хэн дуртай хүн импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байна. Уг нь гадны улс орнууд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд аль хэдийнэ хориг тавьж хатуу хяналтын дор импортолдог бөгөөд зөрчил давтагдвал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдаг тул илүү хариуцлагатай ханддаг байна.
Эцэст нь хэлэхэд үнэхээр тус дэлгүүр зохих газарт нь шинжилгээ хийлгэж бүтээгдэхүүнээ зөв шинжлүүлж судлуулсан уу гэдгийг бид холбогдох албаны хүмүүсээс нь асууж тодруулан хүргэх болно.
Р.Саруул
Зочин · 2014/11/16
ugasa baingiin l muudsan yum zardg shde skai aimr unet motrloo ** muuhai haritsaatai menejeruud ni
Зочин · 2014/11/16
Зочин · 2014/11/16
Shinjilgeenii bichig uzuulehgui tsaarglana gedeg notoi asuudaltai um bish uu.