“Түрүү инфо agency” компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөтэй Монголын цахим мэдээллийн орчны талаар ярилцлаа. 



-Монгол Улсад маш олон цахим мэдээллийн сайтууд бий болж байгаа. Энэ нь эерэг үр дагаварыг ч авчирч байна. Сөрөг зүйлүүд ч гарч байгаа шүү дээ?


-Би сүүлийн 3-4 жилд цахим мэдээллийн салбарт ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 202 орон интернэт хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс манай улс 102 дугаар байр буюу нэлээд дээгүүрт бичигдэж байгаа. Харин хүм амынхоо тоонд хувааж тооцож үзэх юм бол манай улс дэлхийд тэргүүлж байна. Цөөхөн хүн амтай мөртлөө маш их хүн интернэт хэрэглэж байна гэсэн үг.  

Сүүлийн 4-5 жилд Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш их өсч байна. Хүн болгон өөрийн гэсэн фэйсбүүк хаягтай болчихож. Өнгөрсөн жил гарсан судалгаанаас үзэхэд, 450 мянган хүн фэйсбүүк хаягтай байсан. Тэгвэл энэ жил 600 мянга хол даваад байна. Ийм олон интернэт хэрэглэгчид манай улсад байгаа юм. Үүнийг дагаад маш олон цахим мэдээллийн сайтууд гарч, үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг би телевиз, сонин олширдогтой адил л үзэгдэл. 

Үүнийг би зөв гэж ойлгодог. Энэ дундаас шалгараад, редакцийн бодлоготой, өөр өөрсдийн гэсэн өнгө аястай нь үлдэж, хэрэглэгчид тэдгээр сайтуудыг сонгож, мэдээ мэдээлэл авах цаг ирнэ. Харин одоо бол хөгжлийн явцдаа л байна. Тийм болохоор зөв гэж үзээд байгаа юм. Цаг хугацааны явцад сайтууд төрөлжинө. Өөр өөрийн онцлогтой, бодлоготой болоод явна.  Гэхдээ бусад мэдээллийн сайтуудын мэдээг редакцигүй, домайн нэртэй сайтууд дураараа хуулж тавиах асуудал интернэт орчинд их байна. 

Энэ бол байж болохгүй асуудал гэж би хувьдаа ойлгодог. Тиймээс оюуны өмчийн асуудлыг хөндөх цаг болсон. Хэн нэгний хийсэн мэдээ, бичсэн зүйлээр өөрсдийгөө тэжээж, тэтгэж яваа сайтуудын асуудлыг  хэсэг хугацааны дараа хуулийн хүрээнд шийдэх байх. Зарим нь редакцийн бодлоготой, сэтгүүлчдийн багтай болоод явах байх. Нөгөө хэсэг нь хаагдах байлгүй дээ. 

-Өнөөдөр редакцитай, сэт­гүүлчдийн багтай мэдээл­лийн сайтуудад тулгамдаж байгаа хамгийн том асуу­дал яах аргагүй энэ. Аян­даа шийдэгдэнэ гээд хүлээхээр энэ байдал хэзээ арилах вэ дээ. Яг ямар байдлаар ажиллавал энэ асуудлыг зогсоож, болиулах боломжтой юм бол?

-1990 оноос эхлээд хэвлэл мэдээллийн байгууллага төрийнх байж болохгүй гэсэн хууль гарсан. Түүнээс хойш хувийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд хөгжиж, дэвжсээр байгаа. Зөвхөн сайт гэлтгүй телевиз, радио, сонин гээд хувийн хэвлэл мэдээллийн байгууллагууд  эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Төрийн мэдлийнх гэвэл ганцхан МҮОНРТ л байгаа шүү дээ. Ер нь бол хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийн хэвшил маягаар хөгжих ёстой. 

Гэхдээ үүн дээр ямар нэг байдлаар шаардлага тавьж, цахим мэдээллийн сайт байгуулах стандарт гэдгийг гаргах ёстой. Тэдэн сэтгүүлчтэй, сурвалжлагчтай, редакцийн бодлоготой байна гэдэг ч юм уу. Ядаж л гурван хүнээс доошгүй байхаар зохицуулж өгөхгүй бол нэг хүн сайт байгуулна гэдэг юу билээ дээ. Өнөөдөр ажил ихтэй хүмүүс заргалдаад, манай мэдээг ингэж тавиад байна, хулгай хийлээ гээд яваад байх боломж хомс байдаг. Тийм учраас тодорхой стандарт, журам гаргах л шаардлагатай байна. 

-Уг нь сайтуудыг нэгтгэсэн холбоо байгаа шүү дээ. Тэр холбоод нь дүрэм, журмаа гаргаад ажиллачихаж бол­доггүй юм уу?

-Уг нь хоёр ч холбоо байгаа. Монголын сайтын хол­боо гээд 100 орчим сай­тыг нэгтгэсэн холбоо байна. Мэдээллийн сайтын ассиоцаци гэж бий. Мөн Тэргүүлэгч сай­туудын холбоо байна. Энэ холбоодын удирдла­гууд чуулж, тодорхой журмуу­дыг хамтдаа боловс­руу­лах цаг болсон байна.  Түүнээс гадна, интернэт хөгжихийн хэрээр санаа зовоох асуудлууд нэмэгдэж байгаа юм. Миний хувьд нэг зүйлд их санаа зовдог. 

Тэр нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлчих вий дээ. Олон нийтийн сүлжээг буруу талаас нь ашиглаад сурчих вий дээ гэдэг айдастай байдаг. Интернэт хөгжиж, олон хүн мэдээллийг хурдан шуурхай авахаас гадна тийм сөрөг зүйлүүд гарч ирээд байна. Тухайлбал, фэйсбүүк дээр бид хэн нэгнийг занасан, бусдад гомдсон, эсвэл илт дайрсан постууд тавьдаг болчихсон. Үүнээс болоод залуучууд ингэж болдог юм байна гэсэн байдлаар ханддаг болж байна. 

Энэ асуудалд ямар ч хяналт алга. Зарим нэг соёлгүй, бодлогогүй хүмүүсээс болоод нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөж, залуус буруу зүйл рүү явах вий дээ гэдэг эмзэглэл надад байдаг юм. Уг нь олон нийтийн сүлжээгээр нэгнийгээ уриалсан, найзалсан, олноороо санал солилцох ч юм уу, илүү сайн сайхан байдлаар интернэтийг ашиглаасай гэж боддог. Өнөөдөр хувь гэдэг өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага болчихлоо. 

Иргэний сэтгүүлзүй хүчээ авч байна. Хүн бүр ингэж байна, тэгж байна гээд мэдээлээд байх боломж байгаа. Худал хуурмаг зүйлийг ил тод зарлаад, арга хэмжээ аваад байх ч боломжтой. Фэйсбүүк дээр олон мянган дагагчтай, найзтай хүн бол багахан хандалттай сайтаас илүү ажиллах боломж байна шүү дээ.  

-Хэзээ мэргэжлийн цахим сэтгүүлзүй хамгийн зөв гольдролдоо орох бол?

-Одоо хэвлэл мэдээллийн байгууллагын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх цаг үе ирсэн гэж ойлгодог. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагын сэтгүүлч ядаж хоёр жилдээ нэг удаа сургалтад хамрагдаж, мэргэжлийн талдаа чадвараа дээшүүлдэг баймаар байна.  Цахим мэдээллийн сайтын сэтгүүлчийг бэлтгэж, гадагш нь явуулж сургадаг байх хэрэгтэй.  Ер нь бол мэргэжлийн цахим сэтгүүлзүй хүчээ авч, сайтууд дүрэм журмынхаа дагуу ажилладаг болох цаг ойрхон гэж би боддог. 

Өнөөдөр 30-40 хүнтэй, жижгэвтэр телевиз шиг бүтэцтэй ажиллаж байгаа сайтууд байна. Эд бол мэргэжлийн талаас нь, цаг алдалгүй мэдээ мэдээллийг уншигчдад хүргэж байна. Өнөөдөр интернэт сайтаас хүмүүс нэг секунд, минутын дотор мэдээллийг авах боломжтой болчихож. Энэ бол интернэтийн хамгийн том давуу тал.  

-Таны бодлоор цахим сэтгүүлзүйд одоо чухам юу дутагдаж байна вэ?

-Цахим сайтууд бүгд адилхан болж болохгүй. Хамгийн нэгдүгээрт төрөлжих хэрэгтэй байна. Эхнээсээ төрөлжиж эхэлж байна л даа. Өнөөдөр дэлхийн интернэт хэрэглэгчид зөвхөн фото, видео руу шуурч, шилжиж байна. Тийм болохоор манай цахим сайтуудын зарим нь үүн рүү шилжих хэрэгтэй байгаа юм. Фото, видео мэдээллийн сайт олон гарах хэрэгтэй байна. Судалгаанаас үзэхэд, 10 жилийн дараагаас интернэт хэрэглэгчид улам залуужих болно гээд байгаа. 

Унших нь багасч, үзэх, харах нь ихэснэ гэсэн үг. Яг энэ байдал одоо манайд илэрч эхэллээ. Том нийтлэл, ярилцлагыг сонирхох нь багасч, сонирхолтой зураг, видео үзэх нь ихэсч байна. Мөн эрүүл мэндийн, эмнэлгийн сайт хэд байна. Бүсгүйчүүдэд, хүүхдэд зориулсан сайт хэд байгаа билээ.

Энэ мэтээр төрөлжөөд явмаар байгаа юм. Өнөөдөр бол бүх сайтууд улстөржиж байна. Аль ч сайтын нүүр рүү ороод үзэхэд, тэр гишүүн ингэсэн байна, энэ ингэж хэллээ гэсэн дарга нарын л ярилцлага байдаг. Эгэл жирийн иргэний үг цахим орчинд  үнэхээр дутагдаж байна. Үүнийг би хэлмээр санагддаг.  Хэн нэг дарга үг хэлж байгаа бол түүний л өөрийнхөө байгаа орчин, байдлаар бодож хэлж байгаа зүйл шүү дээ. 

Гэтэл хүний жин үзэж байгаа өвөө, тамхи, чихэрхэн зарж байгаа эмээ, худаг дээр дугаарлаж байгаа тэр хүү хамгийн үнэн зүйлийг ярина. Бид өнөөдөр арай нэг өөр талаас нь, нийгмийн амьдралыг олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Б.Ренчин гуайн “Сэтгүүлч хүний нүдээр ард түмэн  ертөнцийг таньмой” гэдэг үг байдаг.  Гэтэл өнөөдөр бид зөвхөн дарга нарын үгийг дамжуулдаг цахим сэтгүүлзүйтэй болчихоод байна. 

Одоо хоёр дарга хоорондоо муудалцаад маргааш нь хэвлэлээр нэгнээ муулж байна. Өнөөдөр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд хэн нэгэнд үйлчилсэн байдалтай байж болохгүй. Ийм зүйл сэтгүүлзүйд ажиглагддаг. Зайлшгүй шаардлага байдаг л байх. Гэхдээ хоёр даргын муудалцсан, бие биеэ муулсан нь ард түмэнд  ямар хамаатай юм бэ. Харин хэн яаж амьдарч, юу хүсч мөрөөдөж байна гэдэг тал руу нь цахим сэтгүүлзүй ажилламаар байгаа юм.

Н.Пунцагболд