Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр өчигдөр байсан бөгөөд бүх нийтээр амарсан билээ. Гэтэл Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийнхэн амарч чадаагүй юм байна. Тодруулбал тэд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны сэтгүүл тараах ажилд албан хүчээр дайчлагджээ.

Сонгуулийн сурталчилгааны уг материалыг тараахгүй гэсэн хүнийг ажлаас хална хэмээн дарамталсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Ингээд бид мэдээллийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт очиход нийгмийн даатгалын ажилчид УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуя нарын хийсэн ажлын тайлан гэх сэтгүүл болон бурханы дүрстэй цаасыг нэг гялгар уутанд хамтад нь хийснийг тарааж байв.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь улсаас ард түмэнд олгогддог халамжийг хувьдаа завшин, хүүхэд хөгжлийн төв, ахмадын сувилал нэрээр газар авч, барилга барьсан гэх асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд гарч байсан билээ. Мөн тэрбээр Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон учир өөрийн гарын хүнээ тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилсон юм байна. Түүний баруун гар болох Оюунчулуун нь С.Эрдэнийн тушаалаар бүхнийг хийдэг гэх мэдээлэл ч байгаа юм.

Өчигдөр амралтын өдөр байсан ч амарч чадаагүй, С.Эрдэнэ гишүүний сонгуулийн сурталчилгааны материал тарааж байсан ажилчнаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхнээр материал тараалгаад, нэг өдрийн цалин урамшуулал нэмж өгнө гэж хэлээгүй юм уу

- Үгүй. Яалаа гэж тийм юм байхавдээ. Албан хүчээр тараалгаж байгаа. Даргын үгэнд орохгүй бол ажлаас халагдана. Угаасаа ажлаас хална гэж айлгадаг юм. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Оюунчулууны тушаал байхгүй юу. Энэ хүн бол С.Эрдэнэ сайдын гар хөл болсон хүн байгаа юм.

-Энэ мэт ажилд өмнө нь та нарыг дайчилж байв уу?

- Бид нарыг угаасаа үргэлж шахуу илүү цаг ажиллуулж, С.Эрдэнэ сайдад тустай ажлыг хийлгэдэг. Цалин хаснуу л гэхээс урамшуулал илүү цаг гэж мөнгө өгч үзээгүй. Даргын аясаар хөдлөхгүй л бол ажлаас нь хална гэж айлгадаг болохоор бид яаж ч чадахгүй шүү дээ. Намайг мэдээлэл өгсөн гэж хэлэхгүй биздээ. Мэдэгдэхийн бол би арга хэмжээ авахуулаад ажилгүй болно ш дээ. Өнгөрсөн амралтын өдөр энэ материалыг тараалгана гэж байсан ч хойшилсон юм. Хэвлэлээс гараагүй байсан юм шиг байна лээ.

-С.Эрдэнэ сайдыг та бүхэн хэр үр дүнтэй ажиллаж байна гэж үздэг вэ. Энэ мэтийн шудрага бус зүйл ажиглагдаж байна уу.

-Ямар ч байсан халамжийн нэр барьж, энд тэнд барилга барин хувийн бизнесээ цэцэглүүлж байгаа гэдгийг хүн бүр мэдэх байх. Мөн одоо ч барилга бариулсаар л байна. Хэний мөнгөөр, хаанаас ямар аргаар гэдэг их сонин л байгаа. Та нар мэддэггүй юм уу.

Үргэлжлэл бий

Н.Ганаа