"Алтай констракшн" компани 2003 онд байгуулагдсан. Тус ком­пани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт хүчин зүтгэж буй. Монголын барилгын салбарын Toп гурван аж ахуй нэгжийн нэг гэгддэг. Компанийн захирлаар Х.Бат-Эрдэнэ ажилладаг.
 
 
Түүний бизнесийн салбарт орсон замналыг хотын Ерөнхий архитектор байсан М.Цэлмэгтэй холбон ярих нь ч бий.  Х.Бат-Эрдэнэ компанийн захирлаасаа өмнө М.Цэлмэгийн жолоочоор ажиллаж байсныг мэдэх хүн цөөнгүй.
 
 
Тус компани "Алтай групп, "Алтай Гачуурт", "Blue sky minerals", "Ар өвөр Алтай", "Алтай нутгийн хүчтэн" зэрэг таван компани үүсгэн ажиллаж байна. Эдгээр компанийг товчхон танилцуулъя.
 
 
"Алтай Групп" ХХК
 
2011 оноос эхлэн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2011 онд нийт 2800 га талбайд буудай, 2012 онд 400 га талбайд буудай, 4000 га талбайд рапс /тосны ургамал/ нийт 4400 га талбайд тариалалт хийж таван мянган тонн үр тариа хураан авч байжээ.  Харин энэ онд 20 мянган га талбайд тариалалт эрхлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
 
 
 
"Алтай гацуурт" ХХК Хөнгөн бетон, блокны үйлдвэр эрхэл­дэг компани. Эл үйлдвэр "Алтай Гацуурт" ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тус үйлдвэр нь Монгол Улсын MNS 831:2001 стандартын шаардлагыг бүрэн хангасан БНХАУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн өндөр хүчин чадалтай, бүрэн автомат тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
 
 
 
"Ар үр Алтай" ХХК"Ар Үр Алтай" ХХК нь 2011 оны наймдугаар сарын 2-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь "Алтай констракшн" болон "Экспресс тауэр" оффиссын барилгын ашиглалт үйлчилгээг, аюулгүй байдлыг хариуцдаг.
 
 
"Алтай нутгийн хүчтэн" ХХК Бетон зуурмагийн үйлдвэр. "Алтай Нутгийн Хүч­тэн" ХХК нэрийн доор Солонгосын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат компьютерийн удирдлага, хяналтын камер, мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол мэргэжилтэн ажиллагсадтайгаар 2008 оны зургадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан байдаг.
 
 
М75, М100, М150, М200, М250, М300, М350, М400 маркын бетон зуурмагийг (FW-900A) маркын химийн нэмэлт бодистойгоор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг байна.
 
 
"Алтай констракшн" компанийн хэрэгжүүлсэн төслүүд
 
Алтай хаус хотхон: Энэ хотхон Хан-Уул дүүргийн XI хороо, Оргил хотхоны зүүн урд байрладаг, тансаг зэрэглэлийн дөрвөн давхар 32 айлын орон сууц, таван айлын таун хаус юм. Алтай хаус хотхон 2012 онд ашиглалтад орсон. 
 
 
Express tower: Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн баруун талд баригдсан. Оффис болон үйлчилгээний 15 дав­хар барилга 2011 онд ашиглалтад орсон.
 
 
 
Алтай бюлдинг: Сүхбаатар дүүргийн I хороонд оффис болон үйлчилгээний зориулалттайгаар 14 давхар барилга. Ашиглалтад ороод хоёр жил болсон. 
Нархан хотхон: Хан-Уул дүүргийн I хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байршилтай. Арван давхар 400 айлын тансаг орон сууц. Уг орон сууцны эхний хэсэг нь 2004 онд ашиглалтад орж байсан бол сүүлийн байр нь 2010 онд ашиглалтад орж байжээ.
 
 
Хэрэгжүүлж буй төсөл
 
Рояал орон сууц: Энэ оноос "Рояал Таун" төслийг хэрэгжүүлж "Рояал Таун" хорооллыг орон сууцны хорооллыг 2015 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Уг хороолол Баянзүрх дүүргийн XIV хороо Баян монгол болон Дүнжингарав хорооллын хоорондох нийт 40 мянган м2 талбайд баригдах аж.
 
 
15 давхар дөрвөн орон сууцны барилга, 10-12 давхар дөрвөн орон сууцны барилга гээд нийт 1668 айлын үйлчилгээтэй орон сууц босохоор төсөл нь хэрэгжиж эхэлсэн байна. Эл хороолол өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, хүүхдийн цэцэрлэгтэй байгуулагдах юм.
 
 
X. Бат-Эрдэнийн "хурдтай" хобби
 
Түүнийг моринд хорхойтой нэгэн гэдгийг нь мэдэхгүй хүн үгүй биз. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Тод манлай уяач цол хүртсэн. Түүний энэ хоббид ээж нь нөлөөлсөн гэдэг. Түүний ээж Т.Цэрмаа Морин спортын анхны дасгалжуулагч. Ажил мэргэжил нь хүүд нь нөлөөлсөн ч гэдэг.
 
 
Тэрээр хурдан ажнайд хайртай нэ­гэн. Х.Бат-Эрдэнийн түмний эх хүрэн морь нь улс, бүсийн олон наадамд үзүүр түрүү авсан. Мөн Эрлийз хээр нь ч олон наадамд торгон жолоогоо өргүүлж уясан эзэн, хурсан олныг баярлуулдаг. "Дүнжингарав-2013" хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан. Тэр хоббидоо хөтлөгдөн ийн Монгол улсын Тод манлай уяач болсон юм.
 
 
 
X. Батбаасангийн "мөнгөлөг" хобби
 
Х.Батбаасан "Алтай конс­тракшн" компанийн гүйцэтгэх захирал. Тэрээр "Алтай конс­тракшн" компанийнхаа дэргэд "Мото, авто спорт"-ын клуб байгуулсан, мото, авто спор­тын хоббитой нэгэн. Монголдоо төдийгүй дэлхийд ганц гэгддэг авто хүлэг түүний машины цуглуулгад байдаг бай­на.
 
 
Түүний цуглуулгад байдаг машинаас нэрлэе. "Морган" машин. Энэ машиныг Англи улсын үзэсгэлэнгээс худалдан авчээ. 1965 онд үйлдвэрлэгдсэн энэ машинаа 100 гаруй мянган ам.доллараар авсан гэх. "Ламборжини". Гурван секундэд 100 км цагийн хурд авах хүчин чадал бүхий энэ авто хүлэг турбо хөдөлгүүртэй, арван цилиндртэй аж.
 
 
Тус төмөр хүлгээ 300 гаруй мянган ам.доллараар худалдан авч байжээ. Мөн машины хаан гэгдэх 2011 оны "Роллис Ройс" ч түүний цуглуулгат байдаг гэнэ. Хаммер, Лексус-600, Ланд круйзер-200, Мерседес бенц-350 зэрэг авто хүлгийнх нь цуглуулгат байдаг аж. Тэрээр мотоцикль ч сонирхон цуглуулдаг байна. Монголд цорын ганц байдаг "Чоппер" мотоцикль түүний унах дуртай хүлэг гэсэн.
 
 
Х.Батболдын хобби
 
"Алтай нутгийн хүчтэн" ХХК-ийг хариуцан ажилладаг. Тэр том ах Х.Баасангийнхаа нэгэн адил мото, авто спортын хоббитой гэнэ. Тэрээр гар хийцийн холын замын уралдааны "Баха" машинтай. "Баха" машин Монголд нэг байдаг бөгөөд 150 мянган ам.долларын үнэтэй аж.
 
 
"Алтай констракшн" компани алтны олборолт хийдэг
 
"Алтай констракшн" компанийн удирдлагууд болох гурван "хүү"-г төрүүлж өсгөсөн ээжийг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүнийг Т.Цэрмаа гэдэг. Морин спортын анхны дасгалжуулагч, "Манлай хүлэгч" цолтой. Түүний аав Төмөржаа нутаг усандаа алдартай уяач хүн байжээ.
 
 
Т.Цэрмаа Х.Бат-Эрдэ­нийн дэмжигч, хөгжөөн дэмжигч нь гэнэ. Наадам бүрт хамт явж хүүгээ дэмждэг байна. Бизнесийн салбарт амжилттай яваа хөвгүүдийн ээжийн өмсөж зүүсэн нь олныг нүдийг хужирладаг гэдэг. Т
 
 
үүнийг сүүлийн үед цул алтаар гоёх болсныг хэвлээр ярих болж. Энэ гоёл, донжирхлыг нь түүний хүү Х.Бат-Эрдэнийн алтны орд га­зарт олборолт явуулах болсонтой холбон ярих юм. Х.Бат-Эрдэнэ Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэрт алт­ны олборолт хийдэг байна.
 
Л.Буддорж 
 
Эх сурвалж: "Нийслэл таймс"