УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Түүний анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл" кино.
Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.

Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхдэг. Хосуудыг оны дараахан салсан хэмээн бор шувуу нисэх болсон билээ. Тэгвэл уран бүтээлч хосууд энэ мэдээлэлд албан ёсоор хариу өгч, “Бид салаагүй” гэдгээ дуулгав.

Тодруулбал, жүжигчин бүсгүй хосуудын дунд гардаг үл ойлголцлоос ухаарсан зүйлээ өөрийн цахим хуудаснаа бичсэнээр дээрх яриа гарах үндэслэл нь болжээ.

Жүжигчин А.Ганчимэгийн хувьд энэ сарын 1-нээс эхлэх үзэгчдийн хүртээл болох "Хайр"... жүжгийн бэлтгэл гээд унтах ч завгүй байгаа яваа гэнэ. Харин түүний хайртай залуу Б.Энхтүвшин Солонгос улсын нэгэн телевизтэй хамтарч ажиллах гэрээ хийжээ. Уг гэрээнийхээ дагуу Солонгос улсыг зорьж, тэндээ жил гаруй хугацаанд ажиллах юм байна. Үзэгчдэдээсээ хөөрхөн, авьяаслаг хэмээх үнэлгээг авдаг бүсгүй маань "Хүлээлт их хайрыг бадрааж, бага хайрыг мөхөөдөг учир энэ бол тийм ч эргэлзэж тээнэгэлзээд байх зүйл биш. Хайртай л бол хүлээх хэрэгтэй" гэлээ.

Д.Ана