Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний зарим ангид хэд хэдэн цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан харамсалтай явдал болоход батлан хамгаалах салбарын өмнөх болон одоогийн сайд нар төдийлөн харамсахгүй, цэрэг хариуцсан ЗХЖШ, түүний харьяа анги байгууллагуудын дарга нар л хариуцлагаа хүлээнэ биз гэсэн байдлаар хандаж зөвхөн өөрийгөө хамгаалж арьсаа л авч гарсан. 

Манай улс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй ардчилсан онуудын жишгийг дагаж татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг улсын төсвөөс санхүүжин улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үүрэг хүлээсэн батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчинд хууль тогтоомжийн хэрэгжилт, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй, ил тод иргэний хяналт тавиулахаар 1996 оноос эхлэн УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагддаг Засгийн газрын гишүүн улс төрийн албан тушаалтан болох Батлан хамгаалахын сайдаар эрх баригч намын гишүүн энгийн хүнийг томилдог болоод удлаа.

Энэ үеэс Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс хуулиар хүлээсэн дээр дурдсан үүргээ биелүүлж иргэний хяналт тавихын оронд уг салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох бус завхруулан алдагдуулж ахлах болон дээд офицерын цолны үнэлэмжийг унагаан зах зээлд шилжих хүнд үед цэрэг армийг хаян наймаа хийхээр үүдээр гарсан зарим этгээдүүдийг тооноор оруулан гадаад, дотоодын цэргийн академи, их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтыг явуулах, эсвэл төсөв хөрөнгийг захиран зарцуулан материал хангалтын тендер шалгаруулах эрх үүрэг бүхий  албан тушаалд томилон хурандаа бүр генерал цол олгон, улс армийн нэр барьж гадаад орнуудад айлчлаж төрийн өмч хөрөнгөөр гараа угааж төсвийн мөнгөөр тоглож иргэний тонолт хийдэг болсон.

 

Аливаа юм баримттай нь дээр. 1996-1998 онд батлан хамгаалахын сайдаар ажилласан Д.Дорлигжав Ц.Элбэгдоржийн ах Ц.Нямдорж гэх тэтгэврийн насны хүнийг  БХЯ-ны үйлдвэр аж ахуйн хэлтсийн даргаар томилсон. Мөн АН-ын Ш.Түвдэндорж батлан хамгаалахын сайдаар 1998-2000 онд  ажиллахдаа яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар цэргийн сургууль хамт төгссөн Б.Энх-Амгалан /одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөх / гэгчийг томилж салбарын бүтэн жилийн хувцасны төсвийн мөнгөөр дан ганц хээрийн эрээн хувцасны материал авч шахсан.

 

2000-2004 онд сансрын нисэгч Ж.Гүррагчаа сайд байхдаа эрх мэдлээ мөн ашиглан хүү Г.Одбаярыгаа Японы цэргийн академид явуулж, 2002 онд Налайх дахь цэргийн ангиудыг нэгтгэж суларсан газрыг нь 150 саяар дүүдээ өгч мал, түүхий эдийн зах болгосон. Хожим 10 жилийн дараа БХЯ тэр газраа 850 саяар буцааж худалдаж авсан. Гэхдээ бүгдийг нь биш.

2004-2005 онд мөн сайдаар хэдхэн сар ажилласан “Эрэл” ХХК-ний захирал Б.Эрдэнэбат өөрийн компаний сав суулгыг БХЯ-нд шахсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй хэл аманд өртсөн.

2005-2006 онд МАХН-ын Ц.Шаравдорж сайдаар ажиллах үед батлан хамгаалахын генерал хурандаа өөрийн хүүхдүүдээ гадаадын цэргийн академи  сургуульд явуулж зарим нь бүр цэргийн ангид сул томилуулан хий цалинжуулсан нь хожим илэрсэн.

2006-2007 онд АН-ын М.Сономпил сайд байхдаа аль эрт армиас халагдаж үүдээр гарсан Коля гэх мэт зарим этгээдийг тооноор оруулан яамныхаа мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний  болон тендер хөрөнгө хариуцсан газрын даргаар тус тус томилсон. Тэрээр Дарханд хотод шинээр байгуулагдсан 330 дугаар ангийн барилгын засварын тендерийг өөрийн хамаарал бүхий Чингис пивоны компанид авч өгсөн боловч тэр нь туслагч гүйцэтгэгч барилгын бригадаар чанар муутай гүйцэтгүүлсэн. 330 дугаар ангийн штабын ба гал тогооны дээвэр нь зун дусаал гоожиж шүүрэн шанага болсон бөгөөд ангийн захирагч нь гадаадад энхийг сахиулж байгаа бүрэлдэхүүнээс хууль зөрчиж татсан мөнгөөр шувуун нуруутай дээвэр бариулан байж ус гоожихоо больсон.

2008-2012 онд батлан хамгаалахын сайдаар ажилласан Л.Болдын үед Жуковын музейн ард баригдаж эхлэсэн 300 айлын орон сууцны 10,2 тэрбумын хөрөнгө завшигдсан болон Умард Солонгост байлдааны онгоцны мотор зарсан хэргүүд гарсан.Бас 2010 онд ашиглалтанд орсон албан тушаалын орон сууцнуудад БХЯ, ЗХЖШ-ын дарга нар голцуу орцгоож бусдад түрээслэн ашиг олцгоож байна.

2012 онд хэдхэн сар МАН-ын Ж.Энхбаяр мөн сайдаар ажиллахдаа танил талаа ангийн захирагчаар томилуулсан.

 

2012-2014 онд Ажнайн гэх алдартай АН-ын Д.Бат-Эрдэнэ сайдаар ажиллахдаа тэтгэвэрт гарсан нутгийн ах Г.Энхбаатарыг буцаан авч Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргаар авч хурандаа болгосон. Хаа хамаагүй нэгэн бөхийг 016 дугаар ангид хуулийн офицероор томилж  цалинжуулж байсан.

 

2014-2016 онд сайдаар ажилласан МАХН-ын Ц.Цолмон өөрийн танил Ж.Алтансүх гэгч энгийн нэгнийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын томилсон боловч тэр нь хээл хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-т баригдсан. Мөн түүний үед  2015 онд ашиглалтанд орсон албан тушаалын орон сууцнуудад БХЯ, ЗХЖШ-ын өөр бусад дарга нар голцуу орцгоож бусдад түрээслэн ашиг олцгоож байна.

2016-2017 онд МАН-ын Б.Бат-Эрдэнэ сайдаар ажиллах үед яамных нь БХЗГ-ын дарга хурандаа Х.Коля нь хэлэлцээр хийхээр ирсэн ОХУ-ын төлөөлөгчдөөс хахууль нэхэж шившгээ дэлгэсэн.

2017 оноос хойш ажиллаж байгаа сайд Н.Энхболд ашиг сонирхлын зөрчил гаргаж эрх мэдлээрээ нөлөөлж өөрийн хамаатан болох хурандаа Баяр-Очирыг тендер шалгаруулдаг ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар томилуулсан.

Үргэлжлүүлээд бичээд байвал их юм гарах байх.Үүгээр түр зогсоё.

Цэргийн хүн байсан юм гээд  бэлтгэл генерал Ж.Гүррагчаа, бэлтгэл офицер Ш.Түвдэндорж, М.Сономпил, Д.Бат-Эрдэнэ нар болон  цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ нарыг томилсоноор энэ салбар өөдтэй болоогүй. Харин ч цэргийн сургуульд хамт сурч байсан найз нөхөд, намын нөхөд болох Ц.Тогоо, Жалбажав, Ц.Дашзэвэг тэтгэврийн өвгөдийг тооноор оруулж сахил хүртээл шал дордохын үлгэр болсон. Хаа очиж энгийн ч гэлээ Д.Дорлигжав, Лу.Болд нар гарт баригдаж нүдэнд харагдаж өөрчлөлт шинэчлэлт хийхийг оролдсон.

Ер нь батлан хамгаалахын сайд нарыг томилогдож байгаа байдлыг харахаар сонгуулийн ялалтын дараах бялуу болсон эрх мэдлээс голцуу хандив намдаа бага өгсөн үү гэмээр хүмүүс унац багатай хусам л долоож энэ салбарт томилогдох юм.

Батлан хамгаалахын сайд нар болон тэдний суганд хавчуулагдаж тооноор орж ирсэн ашиг хонжоо хайсан этгээдүүд ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал хурандаа нарт албан тушаал эрх мэдлээрээ нөлөөлж нэг нэгнийхээ ямар нэгэн хууль бус хүсэлтийг биелүүлж ЗХЖШ-ынхан аль нэг анги байгууллагад офицер ахлагчийн албан тушаалд БХЯ-ныхны хамаарал бүхий этгээдүүдийг цэргийн ангид сул цалинжуулах, эсвэл ашигтай биед амар албан тушаалд томилох, энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэлд оруулахгүйгээр сонгон шалгаруулахгүйгээр явуулах, хугацаат албаны цэргүүдийг элдэв ажилд нь ажиллуулдаг,шахааны чанар муутай бараа материалыг зах зээлээс илүү үнээр авдаг бол хариуд нь БХЯ-ныхан тэдний хамаарал бүхий этгээдүүдийг дотоод гадаадын цэргийн академи дээд сургуульд сонгон шалгаруулалтгүй явуулах, одон медалиар шагнах, БХЯ-ны харьяа байгууллагуудад ажилд чадвар мэргэжил туршлагыг нь үл харгалзан томилох гээд зүсэн зүйлийн хор найруулалцгаадаг гэхэд болно.

Харъяа анги байгууллагуудад нь эгэл жирийн офицер ахлагч нар, цэрэг дайчид нас барах, осол гэмтэлд орж хөгжлийн бэрхшээлтэй болоход болж өгвөл тухайн хүний өөрийнх хохь болгон осол золгүй явдал гэж үзэн өнгөрүүлэх, хариуцлага тооцох болвол өөрсдөөсөө зайлуулж анги салбарын захирагч нарыг өөрчилж уснаас хуурай гардаг.

Сонгогч та бид татварт төлсөн мөнгөнийихээ зарцуулалтыг хянуулж хууль ёсыг хэрэгжүүлэх гэж сонгосон засгийн газрын батлан хамгаалахын сайд нар нэг иймэрхий иргэний хяналт бус тонолт хийж байна.                

Батлан хамгаалахын сайдаар буцааж цэргийн хүнийг томилдог байдал руугаа эргэж оруулахыг зорилго болгосонгүй.  Гагцхүү энэ салбарын сайдаар томилогдон ирсэн хэн ч бай хуулиа дээдлэж ёсзүйтэй л ажиллаж, халуун зэвсэг атгасан хэрэгтэй цагтаа хэрэглэхэд бэлэн байдалтай байдаг энэ салбарт хууль ёсыг сахиулж, төсөв хөрөнгөнийх нь нэг мөнгө бүрийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулахад нь хяналтаа тавьж ашиг сонирхлын зөрчил гаргахгүй бас гаргуулахгүй байгаасай л гэж хүсч байна.

А.Баярмаа