“Германы алдартай “Steinplatz” зочид буудалд Монголын хөрөнгө оруулагчдын ачаар дахин сэргэн мандлаа” хэмээн германы хэвлэлүүд бичиж байх юм гэнэ.
Ийм мэдээлэл цахим ертөнцөд байна. Бүр манай бизнесмен зочид буудлын засвар, барилгад 32 сая еврогийн хөрөнгө оруулсан тухай тодорхой дурдажээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй германы энэ алдартай зочид буудлыг худалдаж авсан Монгол эзэн нь “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу гэдгийг ч сийрүүлсэн нь өөрийн эрхгүй сонирхол татлаа. Өнгөрөгч намар наймдугаар сард “Нарантуул” худалдааны төвд гал гарч, 300 гаруй түрээслэгч хохирсон. Өнөөдөр хүртэл гал чухам яаж гарсан гэх мэтээр шалтгаанаар түрээслэгчдийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Гэтэл хаа байсан германы зочид буудалд 32 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж байгааг сонссон хэн ч гэсэн гайхах байх. Зөвхөн Монголоор тогтохгүй энэ хөлгүй баян эрд 300 хүний хохирлыг барагдуулах тийм ч хэцүү ажил биш. Дэлхийд байг гэхэд Азид данстай Ш.Сайхансамбуугийн мэдэлд ”Нарантуул Шилтгээн” ХХК, “Амко” ХХК, “Нарантуул Трейд” ХХК, “Нарантуул Шейл Ойл” ХХК,  Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, гурилын үйлдвэр, хоёр ч орд газар гээд дурдаад барахгүй хөрөнгөтэй нэгэн. 

Тийм ч утгаараа Германы “Steinplatz” зочид буудалд 32 сая еврогийн хөрөнгө оруулаа биз ээ. Тэгэхээр одоо дэлхийн дэвжээнд бизнестэй Ш.Сайхансамбуу 300 түрээслэгчийн махаа зулгааж олсон хэдэн төгрөгийг барагдуулчих л хэрэгтэй юм. Тэрээр “Нарантуул” захад гарсан галын шалтгааны талаар хэлэхдээ “130 метр урттай, 70 метр өндөртэй том павильон Улаанбаатарт манайхаас өөр газар байхгүй. Тэгвэл энэ том битүү байшин ердөө 18 минутын дотор шатчихсан... Сүүлд павильонд байсан X цайны газрын орчмоос гурван ширхэг ака бууны сумны хонгио олдсон. Цэнхэр дээврийг зад буудаад дээшээ гарчихсан байсан. Газ тэгж дэлбэрэхгүй. Дээвэрт 20 гаруй см-ийн хэмжээтэй нүхнүүд гарсан байсан. Ийм асуудал байгаа учраас галын дүгнэлт удаж байгаа болов уу” хэмээн ярьж байсан. Мөн “Би ийм ахуйн гал лав үзээгүй, дуулаагүй” хэмээж ч байсан. Тэгээд галын шалтгааныг тодруулсны дараа түрээслэгчдийн хохирлын асуудлыг ярих болно. Галын дүгнэлтийг гаргаж өгөхгүй байгаа ҮАБЗ ч үүнд буруутай хэмээж байсан.  

А.Гал