Өмнөх мэдээллийг эндээс уншина уу 

 

Тархиндаа хүнд гэмтэл аван 21-хэн насандаа хорвоог орхисон бүсгүйн учир битүүлэг үхлийн шалтгааны талаар бид нэхэн сурвалжилж байна. Эл хэргийн анхан шатны шүүх хурал 2014 оны хоёрдугаар сарын 3-нд болж, шүүхээс талийгаачийн найз залуу болох Б.Төмөрбаатарын төрсөн дүү Б.Төмөршагайд /талийгаачийг ухаангүй байхад нь гэр рүүгээ үүрч явсан/ Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар 2.6 жилийн хорих ял оноожээ. Өөрөөр хэлбэл, Б.Төмөршагай талийгаачийг үүрч яваад унагасан нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж шүүх үзсэн байна.

 

Харин талийгаачийн найз залуу Б.Төмөрбаатар болон түүнтэй хамт явсан гэх Доржжагдаг, Одгэрэл /талийгаачтай хамт бааранд орсон/ нарт хариуцлага тооцох нь бүү хэл сэжигтнээр ч татаж шалгаагүйд хохирогчийн ар гэрийнхэн ихээхэн гомдолтой байна.

 

Талийгаачийн ар гэрийнхэн “Энэ хэргийн жинхэнэ эзэн нь Б.Төмөрбаатар. Тэрээр өөрийгөө хэргээс мултлах зорилгоор бүх хэргийг дүүдээ тохож байна. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч Анхбаяр болон прокурор Даваасүрэн нар энэ хэргийн үнэн мөнийг олох сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас хэргийг гүйцэд шалгаагүй. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг авбал зохих хүмүүсээс огт байцаалт, мэдүүлэг аваагүй” хэмээн хардаж буйгаа хэлж байсан юм.

 

Хяналтын прокурор нь эл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ

 

Ингэж хардах шалтгаан бий аж. Тодруулбал, талийгаачийн ээж эл хэрэгт хяналт тавьж байгаа Баянзүрх дүүргийн прокурор П.Даваасүрэнтэй уулзахад тэрбээр “Та нар хүнээ алдсан гээд нэг сайхан залууг яллах гээд байх хэрэггүй. Б.Төмөршагай буруугүй, сайхан сэтгэл гаргаад танай охиныг өргөж яваад 2-3 удаа унагаж гэмтээсэн байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгоно” гэсэн утгатай зүйлийг хэлж байсан гэнэ.

 

 

Мөн 2013 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хамт хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Анхбаяртай уулзахад тэрбээр “Прокурор П.Даваасүрэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухайгаа та нарт хэлсэн гэж надад хэлсэн. Гэсэн ч би ном журмаар нь шалгаад, прокурорт хүргүүлнэ. Тэд яаж шийдэхийг бид мэдэхгүй” хэмээн хэлж байсан талаар хохирогчийн ээж Баянзүрх дүүргийн прокурорын газарт гомдол гаргаж байжээ.

 

Б.Төмөрбаатарын хувьд өмнө нь амьдрал зохиож байсан нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зодож, дарамталдаг байсан талаар хөршүүд нь хэлж байна. Аргагүй эрхэнд эхнэр нь хүүхдээ аваад түүнээс салсан аж.

 

Гэвч удалгүй тэрбээр талийгаачтай танилцаад, хоёр гэрээрээ орж гардаг болж улмаар дотноссон байна. Энэ үеэс л талийгаачийг дарамталж, өөрийн эрхшээлдээ оруулж эхэлжээ. Тодруулбал, талийгаач 2012 оны долдугаар сарын 15-нд гэртээ хүзүүнийхээ хоёр талыг хутгаар сийчүүлчихсэн, бие нь энд тэндгүй хөх няц болсон иржээ. Үүнийг нь харсан ар гэрийнхэн нь сандарч, цагдаа сэргийлэхэд хандах гэсэн боловч талийгаач “Төмөрөө бид хоёр муудалцаад намайг ингэчихлээ. Та нар зүгээр орхичих оо. Дахиад зодохгүй гэж надад ам өчгөө өгсөн” хэмээн ятгасаар дуугуй өнгөрөөсөн байх юм.

 

Үүний дараа буюу 2012 оны аравдугаар сарын 17-нд Б.Төмөрбаатар талийгаачийн ээжийг зоджээ. Энэ үед ээж нь цагдаад гомдол гаргах гэтэл Б.Төмөрбаатар “Балай авгай минь, чи Баянзүрх дүүргийн цагдаад хэлээд юу олж долоох юм бэ. Тэнд намайг цэвэрлэгчээс нь эхлээд дарга нь яаж  ч чадахгүй” хэмээн хэлж байжээ. Талийгаач найз залуугаасаа их айдаг байсан учраас цагдаа сэргийлэх болохгүйгээр чимээгүйхэн холдох бодолтой байгаагаа удаа дараа гэрийнхэндээ хэлж байсан гэнэ. Ямар сайндаа л Төмөрөөгөөс хол, хотын нөгөө зах руу байр түрээслье хэмээн бэлтгэлээ базааж байсан ч амжилгүй хорвоог орхижээ.

 

Талийгаач найз залуугийнхаа эрхшээлд байжээ

 

Ингээд эл хэргийн талаар талийгаачийн эгч Б.Отгонбаяртай ярилцлаа.

 

-Та дүүтэйгээ хамт амьдардаг байсан уу?

-Бид хамар хашаанд амьдардаг. Дүү маань манайд Эрдэнэтээс ирээд хүүхдийг маань хардаг байсан юм. Тэгээд бид хамар хашаагаа түүнд авч өгч,  ээж аавыгаа Эрдэнэтээс нүүлгэж авчраад өөрөө Нарантуул зах дээр лангуу түрээслэн зогсдог байсан.

 

 

-Та бүхний хувьд энэ хэрэгт талийгаачийн найз залуу Б.Төмөрбаатарыг буруутгаж байгаа юм билээ. Та нар тэр залууг сайн таних уу?

-Зүв зүгээр байсан дүүг минь гэрээс нь дуудаж авч гараад ийм болгосон хүн бол тэр Төмөрбаатар. Гэвч мөрдөн байцаагч болон прокурорынхон энэ хэргийн үнэн мөнийг тогтоохыг хүсэхгүй байна. Баянзүрх дүүргийн цагдаад л их нөлөөтэй хүн юм болов уу гэж бодох юм. Тэр залууг ер нь бол мэднэ, манай хойд талын хашаанд амьдардаг. Түүний аавынх манай урдхан талд байдаг юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу