“Их өр-2”-ын автор буюу Н.Батбаяр хэмээх “Бага хаан”
2014/02/27
Н.Алтанхуягийн танхимд асман сайд нэг бус бий. Тэдний нэг бол “Фортуна” Н.Батбаяр. Хундага тавилгүй сархад хүртэж, хуралдаа ирэхгүй байгаагаа “Дээд тэнгэрийн зарлиг” хэмээдэг энэ эрхмийн үед Монгол Улс ирээдүйгээ барьцаалж өр тавилаа.
Монголчууд ОХУ-д төлөх их өрөө тэглүүлснээс хойш нэгэн аравны дараа “Чингис” бондын өрөнд орох нь тэр. Их өрийн тоолуур ч хэдийнэ ажиллаж эхлэв. Яг энэ мөчид Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис” бондын хүү бол өр биш” гэж мэдэгдэв. Монгол Улсын хувьд, сараар биш, өдөр, өдрөөр төлөх өр, түүний хүүнд барьцаалагдлаа. Зөвхөн “Фортуна” Н.Батбаярт л ашигтай, бас түүний ойр тойрныхонд л хүртээлтэй байж мэдэх бондын хүү монголчуудыг дарангуйлж байх зуур мань эр тив алгасан гал өрдөж явна. Төрийн хойморт заларснаа умартаж, тэнгэртэй ярьдгаа ч гайхуулдаг дуулдана. Н.Алтанхуягт бараагаа харуулахаа больсон, Ардчилсан намынхныг өвдөг сөхрөхөөс нааш харьцахаа байсан ийм нэгэн “Бага хаан” энэ Засгийн газрын үед элдэв авираараа олныг гайхшруулах боллоо.
“Фортуна” Н.Батбаяр бүсгүй хүнийг галд ойртуулах дургүй. Төрийн түшээдийг ч энэ номлолдоо автуулж байсан удаатай. Харин одоо тэрбээр ард түмнийг байтугай Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ч төрийн мөнгөний санд ойртуулах дургүй байна. Учир нь Монгол төрийн мөнгөний авдар “Фортуна” Н.Батбаярт бий. Эдийн засгийн хөгжлийн яам гэх их мөнгөний санг захиран зарцуулах эрхтэй учраас энэ Засгийн газрын хамгийн эрх ямбатай хүн нь яах аргагүй мань эр болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ-аар батлахын өмнөхөн танхимынх нь сайд нар түүний эрэлд гарчээ. Н.Алтанхуяг “Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгийг багцдаа тусгахаа та нар мэдэхгүй. Ерөнхий сайд би ч бас мэдэхгүй. Харин “Фортуна” Н.Батбаяр мэднэ” гэж хэлсэн учраас Эдийн засгийн хөгжлийн сайдтай эртхэн тохироо хийх уралдаан сайд нарын дунд болсон нь тэр аж. Н.Батбаяр сайд “Төрийн ордонд морилох эсэхээ тэнгэрийн зарлигаар шийднэ. Улсын төсвийг батална уу, байна уу маньд юуны хамаа” хэмээн гэдийчихсэн учраас салбар хариуцсан зарим сайд өмнө нь бөхөлзөхөд хүрчээ. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүний өрөөнд таяг тулан орж, төд удалгүй хөмсөг зангидан гарч ирсэн гэдэг. Тэр ч атугай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Фортуна”-тай уулзах үедээ чи, би-дээ тулж барьцалдаж авах шахсан ч гэх. Энэмэтчилэн элдэв адал явдал өрнөсний эцэст сайд нар санасандаа хүрч, Н.Батбаяр сархад хүртэнгээ тэнгэртэй ярьсаар үлдсэн билээ.
Ардчилсан нам дахь хамгийн нөлөө бүхий фракци нь Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан. Харин одоо мүднякуудын эрин үе эхлэв бололтой. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намынхаа гишүүдтэй зөвшилцөлгүйгээр жижиг намуудыг татан буулгах тухай гоц мэдэгдэл хийсэн. “Давхар дээлтнүүд”-ийг дан дээлтэй болгох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед “Манай нам тав хоног завсарлага авлаа” гэж төрийн ажлыг гацаасан нь ердөө түүний ганцаарчилсан тоглолт байж. Бүлгийн гишүүдтэйгээ ч ярилцалгүйгээр хувийн тоглолтоо ийн хийсэн нь өдгөө Ардчилсан намынхны ярианы гол сэдэв болчихоод байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдах “бонус”-аар шагнуулсан Д.Эрдэнэбат хэмээх мүдняк дураар авирлах зуур Н.Алтанхуягийн Засгийн газрын хуралдаанд уриад ч ирдэггүй, өндөр эрх ямбатай хүн нь мөн л “МҮДН фракцийн толгойлогч” гэж өөрийгөө өргөмжилдөг “Фортуна” Н.Батбаяр. Толгойлогч нь их мөнгөний санг барьж байгаа учраас энэ Засгийн газарт мүднякууд хүчээ авсан нь оргүй зүйл биш юм. “МҮДН фракцийн” гэгдэх хоёр сайд ч “Фортуна”-д тал засч, тохойг нь түшиж яваа дуулдана.
“Ч.Улаан төсвөө мэддэг. Харин илүү гарснаар нь яаж туйлахаа Н.Батбаяр сайд мэднэ” гэх яриа улс төрийн хүрээнийхнээс хэдийнэ хальжээ. Ардчилсан нам болон МАХН-д данстай энэ хоёр сайд ёстой л тэнгис, далайг гатлан байж “Чингис” бондын автороор тодорсон. “Эдийн засаг хүнд байгаа үед их мөнгө олж ирлээ шүү” хэмээн Н.Алтанхуягт ч, ард түмэнд ч авралын од мэт үнэрхсэн сайд нарыг Монголд ирсний дараахан их өрийн тоолуур ажиллаж эхэлсэн юм. Энэ үзэгдлээс зарим нь “Их өрийн хоёр дахь давалгаа эхэллээ” гэж болгоомжилсон. Харин бонд гаргасан нь бидэнд ашиггүй, Н.Батбаяр мэтийн эрх мэдэлтнүүдэд ашигтай болох нь хэсэгхэн хугацааны дараа тодорхой болсон билээ. “Чингис” бондын хөрөнгөөр “Гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийт 200 сая ам.доллар захиран зарцуулах эрх бүхий энэ төслийн удирдагчаар Н.Батбаяр сайд Б.Батболд гэдэг найзаа ажиллуулж байгаа нь олон нийтэд нэгэнт ил болчихсон зүйл.