Долларын ханшийн өсөлтийг тогтвортой барих боломжтой юм биш үү
2014/02/28
Доллар долоо хоногийн эхээр “галзуурч” 1795 төгрөгт хүрэв. Долларын ханшийн өсөлтийн асуудлаар сөрөг хүчин нийгэмд хүчтэй дуу хоолойгоо хүргэснээр долоо хоногийн сүүлийн өдрүүдэд буурч эхэлсэн юм.
Эндээс харахад эрх баригчид болон гүйцэтгэх засаглал долларын ханшийн өсөлтийг тогтвортой байлгах боломжтой нь харагдаж байгаа юм. Урьд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр долларын ханшийг 1200 төгрөгт барих боломж бий гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан удаатай. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Арвин хүртэл долларын өсөлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Долларын ханшийг өсгөж, ард түмнээр тоглоод байна” хэмээн хэлсэн байдаг.
Үнэхээр Д.Арвин гишүүний хэлдэгчилэн долларын ханшийн өсөлтөөр тоглоом хийгээд байгаа юм биш байгаа. Долларын өсөлттөй холбоотойгоор Твиттерчид ч дуу хоолойгоо хүргэж байсан. Тэд "Үнэ ханшны өсөлт, эдийн засагт үүсээд буй хүндрэлүүдийг харахаар Монголын ТӨР иргэдээ "сайн сайхан явахыг нь харнаа!!!" гэж буй мэт л байхын", "Жилийн өмнө 600000 цалин авдаг байсан хүн 444$ ын цалинтай байсан бол өнөөдөр 600000₮ - 334$ болж багасчээ" гэх мэтээр жиргэсэн байна. Мөн "УБ-ынхан 7 хоногт хуулийн дагуу 40 биш, дунджаар 48 цаг ажилладаг. Дундаж цалин 680 000. Цалин нь 1 жилийн хугацаанд $510-с $370 болж буурав" , "Улс терчдийн амлалт хэзээ ч долларын еселт шиг амьдралд шууд нелеелдеггvй гэдгийг vр хойчдоо захимаар юмсанж" гэх мэтээр жиргэжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай нийлж суугаад долларын өсөлттэй холбоотойгоо мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхий сайд ард түмэндээ бас л зөвлөгөө өглөө. Тэрээр хэлэхдээ “Долларын ханшийг тогтвортой байлгахад зөвхөн Монголбанк анхаардаг юм биш. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд бас үүрэгтэй. Та бүхэн онц шаардлагагүй зүйл гаднаас бүү худалдаж аваарай” гэв. Норовын хүү ард түмний идэж уух, унтаж хэвтэх, амрах ажиллах, эдэлж хэрэглэхийг нь хүртэл цагдаж эхэлж буй нь энэ. Худалдаж авах зүйлд нь хорио цээр тогтоож эхлэв. Монголын ард түмэн бүгд гадаад дотоод яваад худалдан авалт хийгээд байдаггүйг ерөнхий сайд мэддэггүй юм байна. Тэгээд ч валютын ханш өсөөд байна гээд гадаадад сурч, аялахаа азнаад, бараа бүтээгдэхүүн худалдан авахаа хойш тавих иргэдийн сонголт ам.долларын эсрэг авах арга хэмжээ биш байлтай. Д.Арвин гишүүний хэлдгээр арай л өөр зүйлд толгойгоо гашилгаж, сайн бодож тунгаах хэрэгтэй байна даа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний тогтоолд “валютын захад тогтворгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах”-ыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд даалгасан байдаг. Гэтэл өнөөдөр долларын уяаг сул тавьчихсан л байна шүү дээ.
Түүнчлэн 2014 оны улсын төсвийг УИХ батлахдаа ам.доллаын ханшийг 1384 төгрөг байхаар тусгаж өгсөн. Тухайн үедээ засгийн газрын зүгээс 2014 онд долларын ханш ийм байх боломжтой хэмээж байсан боловч өнөөдөр 1700 хол давчихаад байгаа. Ёстой л 1384 болох хол байна даа хол байна. Гэхдээ долларын ханшийг 1384 төгрөгт хэн барих нь ч тодорхойгүй байна. Тэгэхээр нөгөө алдартай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын л мэдэх асуудал болж таарч байх шиг.
Н.Золжаргал ерөнхийлөгч хэлэхдээ “Нэг ам.долалар 1384 байхын тухайд бол бид ирээдүйн ханшийн талаар аливаа нэг төсөөллийн талаар хэлдэггүй. Тэрийг Засгийн газар төсөв хэлэлцэхдээ оруулсан зүйл. Ер нь 2014 оны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас даалгавар өгсөн байгаа. Төсөвт хэрэглэдэг валютын аргачлал зөв тогтоож өгөөч ээ гэсэн үүрэг өгсөн. 2014 оны инфляцын түвшинг найман хувьд хүргэх боломжтой байгаа" гэсэн. Түүнийг ярианаас үзвэл засгийн газрын батлуулсан төсөв билэгдлийн чанартай болж таарч байх шиг.
Н.Чинзориг
Зочин · 2014/03/01
нээрээ л үнэн үг бна.дарга нар ч яахав?албан тасалгааний цонхоор амьдрал сайхан харагднаа л биз?ард түмэн хоногийн хоолоо яая гэж бна шүү!наана чинь !