Шатахууны үнийг үндэслэлтэй нэмсэн эсэхийг шалгана
2014/02/28
Шатахууны үнэ нэмэгдсэн нь эдийн засагт ихээхэн хүндрэлийг бий болгож байна. Учир нь шатахууны үнэ нэмэгдэхэд бусад бүх зүйлсийн үнэ дагаж нэмэгддэг билээ.
Энэ нь нийгэмд сөргөөр нөлөөлж буй хэрэг бөгөөд нэгэнт нэмэгдсэн үнэ эргэн буурахгүй тэр хэвээр үлддэг. Шатахууныхаа үнийг нэмээд 10 гаруй хоноод байгаа. “Жаст”, “Магнай трейд”, “Шунхлай” компани шатахууныхаа үнийг литр тутамд нь 40 төгрөгөөр нэмж, “Шунхлай” компани зөвхөн А-80 шатахууныхаа үнийг 20 төгрөгөөр нэмсэн бол “Жаст”, “Магнай трейд” компани А-80 шатахууныг 20, Аи-92 болон дизелийн түлшийг тус бүрд нь 40 төгрөгөөр нэмээд байгаа билээ. Ийнхүү үнэ нэмсэн шалтгаанаа импортлогчид ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж алдагдалтай ажиллах болсноос үнээ нэмсэн хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаараа хэдэн сарын өмнө Газрын тосны газар, Шударга өрсөлд өөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн хэмээж байгаа юм. Гэвч Засгийн газар өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөс болгоомжлон саналыг нь хүлээн аваагүй гэдгийг хэлж буй. Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн онд дунджаар долоон хувийн алдагдалтай ажилласан гэнэ.
Харин албаны хүмүүс шатахууны үнийг үндэслэлтэй нэмсэн эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар шалгах юм байна. Энэ мэтчилэн үнэ шалтгаан нь тодорхойгүйгээр нэмэгдэж буй нь бусад зүйлсийн үнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа билээ. Өнгөрсөн онд уналтад ороод байсан эдийн засаг ийн үнэ нэмэгдэж буй үед сэргэх нь юу л бол.
Ч.Гэрэлтуяа