УИХ дахь МАН-ын бүлэг 2017 оны хавраас хойш үндсэндээ хоёр хуваагдан, хоёр жил шахам ширүүн тэмцэлдсэний эцэст У.Хүрэлсүхийн багийнхны ялалтаар өндөрлөсөн билээ.

Тодруулбал 2019 оны 1 сарын 29-нд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар МАН-ын хуваагдал гэх ойлголт үндсэндээ үгүй болж, М.Энхболдын бүлэгт харьяалагдаж байсан УИХ-ын олон гишүүн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд "цагаан туг"-аа барин очиж, ойлголцохыг хичээж эхэлжээ.

Тэр дундаа УИХ дахь МАН-ын хоёр бүлэглэлийн зөрчил ид хурцдаж байх үед Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх рүү хамгийн их дайрч, давшилж, үг сөрж байсан нөхөд өдгөө түүнд ойртохыг нэн их хичээж буй нь анхаарал татна.

УИХ дахь 32-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийг одоо дэмжих хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн бөгөөд УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох МАН-ын сурталчилгааны ажилд идэвхтэй ажиллана, намынхаа дарга байсан Ю.Цэдэнбалын тухай кино хийнэ хэмээн явах болжээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх бид хоёрын хувийн харилцаанд асуудал байхгүй, манай намын дарга хаа очиж эр хүн гэж намынхан дотроо ярьдаг аж.

Уг нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нь М.Энхболдын багийн хамгийн идэвхтэй, өсөх ирээдүйтэй лидерүүд гэгдэж байсан ба Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийг "Урвагч муужгай, Топор, Н.Энхбаяраас илүү дарангуйлагч болчихжээ" гэх мэт элдэв янзаар дуудан, хамгийн их сөргөөцөлддөг байлаа.

Жишээ нь : 11 сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд та ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байна вэ. 30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу." гэхэд нь

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх: "Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. “МАК” компани 36 лиценз эзэмшдэг юм байна лээ. Энэ “Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш, Монголын ард түмний хөрөнгө. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ. Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай. Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй." гэж хариулсан билээ.

Мөн 2017 оны 11 сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нар : " Ж.Мөнхбат- Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ?

У.Хүрэлсүх: -Чамаар заалгах юм уу, Чи дуугүй бай. Солиороод байгаарай чи.

Ж.Мөнхбат: -Би саналаа хэлж байна. Чи харин өөрөө солиор.

У.Хүрэлсүх: -Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай

Ж.Мөнхбат: -Чи Хаан юмуу, Заан юмуу. Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?

У.Хүрэлсүх: -Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн, уусан бүх юмыг чинь дэлгэнээ.

Ж. Мөнхбат: -Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ?

У.Хүрэлсүх: -Чамайг казинод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин минь.

Ж.Мөнхбат: -Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. 

У.Хүрэлсүх: -Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.

Ж.Мөнхбат: -Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай." гэх мэтээр маргалдаж байв.

Харин өнөөдөр байдал эсрэгээрээ болжээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нам дотроо нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, өрсөлдөгчдийнхөө ч дэмжлэгийг авчээ гэж дүгнэж болох юм.

Нөгөө талаар МАН-д унасан даргаасаа үтэр түргэн нүүр буруулж, улам дэвсэлж орхиод шинэ тодорсон даргаа ичгүүргүйгээр зусарддаг хачин соёл өнөөг хүртэл амь бөхтэй хэвээр байгаа билээ.

Э.Мягмар

sonin.mn