“Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам Их газрын чулууны театрт болно
2019/05/05
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулууны задгай театрт ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбуутивийн наран” ардын урлагийн наадам зохион байгуулахаар товложээ.
Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиох тус наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох юм. Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр хэмээн нэрлэх болсон билээ. 2006 онд тус задгай театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлсэн байдаг. Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг.