Эрүүгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрынхны хамтарсан шалгалтаар хар тамхины томоохон сүлжээ илрүүлсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан.

Гэтэл цагдаагийнхны хамтарсан хоёр дахь шалгалтаар буюу уржигдар хар тамхины дахин нэг томоохон сүлжээг илрүүлжээ. Монгол Улсын иргэн Г, С, Э, О нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох “ICE” буюу “Мөс”-ийг бусдаас хууль бусаар худалдан авч, улмаар Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт буюу Тээврийн товчооны орчим машиндаа хэрэглэж байсныг эд мөрийн баримтын хамт баривчилсан байна. Мөн иргэн Х нь Баянгол дүүргийн XVII хороо, “Од” кино театрын орчим “Мөс”-ийг бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн саатуулжээ.Түүнийг баривчлах үед их хэмжээний ууталж савласан “Ice” буюу “Мөс”, мансууруулах бодис худалдан борлуулахад ашигладаг гялгар уут, бэлэн мөнгө байсныг баримтжуулан хураан авчээ.

Дээрх этгээдүүдийг баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тестээр нотлогдсон байна.Сэжигтэн Х нь удаа дараагийн үйлдлээр бусдад хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.Одоогоор сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Мансууруулах бодисын төрөлд орох “Ice” буюу “Мөс” нь метамфетамины төрлийн бодист хамаарах бөгөөд хатуу, талст хэлбэртэй, тунгалаг биет бодис аж. Агуулагдах метамфетамины хэмжээ нь 90-98 хувьтай бөгөөд тархины төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг.Хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл шууд үхэлд хүргэх аюултай тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ дугаарт онцлон мэдээлэхэд “Ice” буюу “Мөс”-ийг манай улсад боловсруулах боломжгүй гэнэ. Ихэвчлэн урд хөршөөс нийлүүлэгддэг тухай албаныхан тодотгож буй юм.Өөрөөр хэлбэл, дархан хил маань харуул, хамгаалалтгүй болсны хамгийн тодорхой баримт энэ биш гэж үү.Хил, гаалийнхны хараа хяналт муу, ажлын хариуцлагагүй байдал Монгол Улсыг хар тамхины орон болгож хувиргахад ихээхэн үүрэг гүйцэтгэж буйг ч зарим хүмүүс онцолдог. Харин хил, гаалийнхан “Юу ч оруулаагүй шүү дээ” гэж мөрөө хавчихаас биш хууль бус үйлдлийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авдаггүй. Үнэхээр гаалийнхан буяныг гаргахгүй, бузрыг оруулдаггүй гэж хэлсэн шигээ сайн ажиллаж, хилээр хориотой бараа нэвтрүүлэхгүй бол хэн дуртай нь мансуурч, хэн нэгнийг дахин нэг хэрэглэгч болгохгүй байх байлаа. Харамсалтай нь, хил, гааль гэж хэдэн хүн хэтэвчээ зузаалах газар төдийхөн болсныг энэ мэт үйлдэл гэрчлэх болжээ.

Түүнчлэн хэдийгээр Эрүүгийн цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрынхан ажлаа сайн гүйцэтгэж байгаа ч хэрэг шүүх, прокурорын шатанд очоод замхардаг байдал хэрээс хэтэрсэн.Танил тал, ар өврийн хаалгаар зарим нэг нь сугарч, үлдсэн хэд нь тэнсэн эсвэл хэдхэн жилийн ял сонсох нь бий.Өөрөөр хэлбэл, ганц удаагийн үйлдлийг нь өршөөх байдлаар асуудалд ханддагаас болж, Монгол мөхөл рүүгээ улам ойртсоор буйн жишээ энэ.Дээрх сэжигтнүүдийг ажвал ихэвчлэн залуучууд.Улмаар эрдэмд шамдахаар номын мөр хөөсөн оюутнууд хилийн дээс алхаад эргэж ирэхдээ хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгчид болж хувирчээ.Хэрэв урд хөршид саатуулагдан, баривчлагдсан бол шууд цаазын ял сонсоно.Харин эх орондоо хэдэн сар нар үзэхгүй тухалж байгаад гараад ирэх тул юунаас ч эмээлгүй хориотой бараа тээвэрлэгчид болж хувирсан бололтой.Монголд хатуу чанга хууль хэрэгтэй гэж ярихаас биш хэрэгжүүлэхээр гараа хөдөлгөсөн нь хуруу дарам. Иймээс өнөө, маргааш гэж хойш тавилгүй нэн тэргүүнд хуулиа чангатгаж, хар тамхичидтай тэмцэхгүй бол нэг л өдөр таны хүүхэд мансуурагч болчихсон, өнөөдрийн тээвэрлэгчид урд хөршийн нутагт саатуулагдан цаазын ял сонсон харуусч суух өдөр ирэх вий.

 

Л.НИНЖСЭМЖИД