Чин үнэнийг хэлэхэд би ч бас хүчирхийлэгч аж
2014/03/03
МҮОНРТ-ээс санаачлан зохион байгуулж буй
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЭЦГЭЭЕ!” уриатай нийтлэлийн уралдаанд зориулав.
ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ Ч БАС ХҮЧИРХИЙЛЭГЧ АЖ
Хэдийгээр энэхүү уралдаан 3-р сарын 8 буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулагдсан ч өнөөдөр эмэгтэй хүн, ээж хүн, гэргий нарын маань үг хэл, үйл хөдлөл, дадал зуршилд ч ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРҮҮД тодорхой байр суурь эзэлж байдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн юм.
Гэр бүлийн амьдрал ингэж эхэлдэг. Дурлал, мөрөөдөл, аз жаргал, баяр хөөр, итгэл, дассан сэтгэл, хамтын амьдрал. Цаг хугацаа явсаар нэг мэдэхэд өнөөх итгэж түшсэн хүнээ танихын аргагүй өөр хүн байсныг, эсвэл өөр хүн болсныг нь анзааран гайхахаас эхлээд үл ойлголцол, зөрчил тэмцэл, зөвшилцөл, итгэл, өршөөл уучлал, цөхрөл… Хамтын амьдрал нэг л ердийн биш байх ч амьдрал үргэлжилсээр.
Ийм байдалд хүрсэн гэр бүлүүдийн гэргий нар ихэвчлэн амьдралаа аварч үлдэхийн тулд ямар нэгэн оролдлогыг хийж эхэлдэг аж. Тэд хань нөхөртэйгөө ярилцах, ойлголцох, асуудлаа хамтдаа шийдвэрлэх, хичээн зүтгэх зэрэг олон олон алхмуудыг хийх боловч дорвитой өөрчлөлтүүд үл ажиглагдвал дараах байдал руу шилждэг. Сүсэг бишрэлд автах, бясалгал, иог зэрэг оюун санаагаа удирдах ямар нэгэн хөндлөнгийн хүчин зүйлийг чухалчлах, сэтгэлзүйчид хандах зэрэг. Гэхдээ эдгээр дарааллууд хүн хүнд өөр өөр. Харин эдгээрээс хамгийн шинжлэх ухаанч эрэлхийлэл нь сэтгэлзүйчид хандах нь.
“Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?”
Тодорхойлолт тогтоохоос илүүтэй “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь бусаддаа бие, болоод сэтгэл санааны дарамт учруулахыг, тэрхүү дарамт нь шууд болон дам байдлаар илэрхийлэгддэг” болохыг ойлгоход тун энгийн.
Сэтгэлзүйч хэлэхдээ: “Маш олон бүсгүй өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогч гэдгээ хэдийнээ тодорхойлчихоод ирдэг. Гэхдээ зөвхөн эрчүүд хүчирхийлэгч үү? гэдэг асуудал руу өнгийж харвал орчин цагт ЭХНЭР ХҮНИЙ ХҮЧИРХИЙЛЭЛ гэр бүлийн амьдралд маш их нөлөө үзүүлдэг” хэмээсэн юм. Тиймээс нийтлэлийнхээ өнцгийг өөрчлөхөд хүрлээ.
Эхнэр хүний хүчирхийллийн хэлбэрүүдэд юу юу орж болохыг жагсааж үзэцгээе!
- Гэр бүлийг манлайлах гэж оролдох
- Санхүүгийн хувьд илүү орлого олдгоо байн байн дурьдах
- Нэр төрд нь халдах
- Хамаатан садан, ойр дотныхныг нь гутаан доромжлох
- Байнга бусдаас доогуур үнэлэх, бусадтай харьцуулан жиших
- Найз нөхөд, албан газрынх нь хүмүүсийн дэргэд муулах, эвгүй харилцаа үзүүлэх
- Жижиг сажиг зүйл дээр буруутган, хэрүүл өдөх
- Мөнгөгүй явуулах, хувцас хунар муутай байлгах
- Хүүхдүүдийнх нь дэргэд үл тоосон байдал гаргаж, тэдэнд эцгийг нь муулах.
- Гэр бүл дотроо үл тоосон хандлагыг өөгшүүлэх гэх зэргээр жагсаагаад байвал маш олон хандлагуудыг тоочиж болох нь. /Та ч бас дотроо жагсаалтыг үргэлжлүүлээд бодож үзээрэй!/
Эдгээр асуудлуудыг дэлгэрүүлэн анзаарвал:
- Монголчууд эртнээс нааш эцгийн эрхт ёс заншилтай, эр нөхрөө гэрийн эзэн, өмөг түшиг, нөмөр нөөлөг минь хэмээн хүндэтгэж ирсэн ч орчин цагт энэ байдал өөрчлөгдөж зарим эхнэрүүд бүх зүйлийг өөрийн “атганд” байлгахыг санаархах болсон нь ажиглагддаг.
- Эхнэр нөхрийн хэн хэн нь албан ажилтай ч авч буй цалингийн хэмжээ нь эхнэрийнхээсээ бага байх явдал нь эр хүний үнэлэмжийг бууруулдаг байна. Энэ нь мэдээж эхнэр хүний харилцаа хандлагаас илтэд илэрсэн тохиолдолд шүү дээ.
- Хүн л болсон хойно танай хар хүнд сайн муу, сайхан муухай дадал зуршил, бусдад мэдэгдэхийг хүсдэггүй зан чанар байж л таарна. Гэтэл итгэж ханилсан хань л энэ талаар гэр бүлээс гадуур ярих, найз нөхөддөө чалчих зэрэг нь гэрийн эзний нэр төр унах, урам хугарах, итгэл алдрах зэрэг сөрөг үр дагаварыг авч ирнэ.
- Монгол гэр бүлүүдэд тохиолддог хамгийн хурцадмал асуудал нь танайхан, манайхны тухай хэрүүлийн хавчуурга. Хэрүүл маргааны үед хамаатан садан, ойр дотныхны нь тухай доромж утгатай үгс, үл хүндлэл үзүүлэх зэрэг нь эрчүүдийн хувьд тэвчишгүй доромжлол мэт санагддаг аж. Энэ нь магадгүй гэр бүлсэг, аав ээж, ах дүүтэйгээ харилцаа хамаарал ихтэй амьдардаг хүмүүст илүүтэй тулгарна.
- Ихэнх хүүхнүүдийн ярианд тэрний нөхөр ийм байхад, манай хүний байгаа байдлыг хар… гэх зэрэг бусадтай харьцуулсан дүгнэлтүүд дурьдагдаж байдаг. Гэтэл угтаа тэрний нөхөр бол тэр, таны нөхөр бол энэ гэдгийг анзаарч, тэд огт өөр орчин нөхцөлд өссөн, өөр өөр дадал зуршил, тэс өөр хүмүүжилтэй хүмүүс гэдгийг нь санадаггүй.
- Хувь хүн бүрт өөр өөрийн бүрдүүлсэн дүр төрх, имиж гэж бий. Зарим үед тэрхүү дүр төрхийг нь эхнэрүүд илтэд эвдэж орхидог. Тухайлбал найз нөхөд, ажлын газрынхны нь дэргэд “Хэзээ чи ийм сүрхий болчихоов…” гэх мэт ганц үг унагахад тэр хүний тухайн бүлэг доторх имиж, дүр төрхөд сөргөөр нөлөөлөх жишээтэй.
- Гэр доторх хамгийн жижиг атлаа төвөгтэй асуудал нь зарим нэгэн дадал зуршлуудаас үүсэх асуудлууд юм. Жишээ нь унтахын өмнө шүдээ угаадаггүй нөхөр, эсвэл өмссөн хувцсаа тайлаад эвхэж цомнож сураагүй байдал, түүнчлэн өдөржин мөлхөж угаасан шалан дээр минь шавхайтай гуталтайгаа алхлаа гэх ч юм уу энэ мэт жижиг асуудлаас болоод өнгөрсөн баларсан өөр асуудлыг сөхөн, том дайн дэгдэх хэмжээний хэрүүл үүсэх ч үе бий. Энэ бүхэн мэдээж дээрх зуршлууд зарим эхнэрүүдэд тэвчишгүй мэт санагддаг бол шүү.
- Эр нөхрөө мөнгөгүй явуулах, хувцас хунар муутай байлгах… Олон жишээг та бүхэн санах байх. “Өөрөө тогос шиг гоёчихоод, хөөтөй төлөг шиг юм дагуулаад явж байдаг” гэх яриаг та хөгшчүүдийн амнаас сонсож л байсан биз ээ. Ийм эхнэрүүд бас л цөөнгүй.
- Мөн гэрийн бүх мөнгө санхүүг атгачихаад нөхрөө байнга хоол унааны мөнгө төдийхөнтэй явуулах нь эрчүүдийн хувьд бас л тэвчихэд хэцүүхэн асуудал гэнэ.
- Эдгээрээс хамгийн харамсалтай хэлбэр нь гэрийн эзэн, аав хүнийг үр хүүхдүүдийнх нь дэргэд басамжлах, муучлах гоочлох нь эргээд үр хүүхдүүд нь эцгийгээ үл хүндэтгэх, үгийг нь сонсохгүй болох, хэрэгсэхгүй байх асар муу талтай.
Энэ мэтчилэн эхнэр хүн хань нөхрийнхөө биед ил шарх үлдээхгүй ч сэтгэл санаа, итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэлийг нь хамгийн зугуухнаар нураан булшлах асар том “хүчирхийллийн машины хүрдийг эргүүлэгч” байх нь түгээмэл ажээ.
Харамсалтай нь бүсгүйчүүд бидний хэн хэнд маань дээрх үйл хандлагууд байдаг ч, энэ дадал зуршлаараа бид хүчирхийлэл үйлдэж байгаагаа ойлгож ухамсарлах, хүлээн зөвшөөрөх чадамж хэр байна вэ? гэдэгт асуудлын гол нь оршино.
Энэхүү нийтлэлийг бичихдээ хүчирхийллийн тухай тоо баримт, тодорхойлолт, хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийг онцгойлон авч үзэхээсээ илүүтэйгээр “Асуудлыг дэргэдээсээ, өөрчлөлтийг өөрөөсөө олж харах”-ыг чухалчиллаа.
Учир нь энэ бүхнийг хүчирхийлэл мөн гэж хүлээн зөвшөөрөх нь амьдралдаа ямар жижиг зүйлүүдийг асар том болтол нь асуудлыг хурцатгаж, ямар ямар муу үр дагаварт хүрч мэдэх байсныг ухаарахад минь тусласан юм. Чин үнэнийг хэлэхэд би ч бас хүчирхийлэгч байжээ.
Би түүнд нэг удаа “Манай гэр баар биш” гэж хэлсэн юм. “Найз нөхөд маань манайхаар орж гарч байг л дээ, одоо автобус унаа зогсчихлоо. Би эднийг манайд хоночих гээд хэлчихсэн… гэсний хариуд нь “Уучлаарай гэр орноо зочид буудал гээд ойлгочихсон уу, архи уудаг мөнгөнөөсөө таксийн мөнгө үлдээж сур…” гээд нөхдийг нь хөөгөөд явуулчихаж билээ. Хэд хоногийн дараа миний нэрний өмнө “Ааштай” гэх тодотгол зүүгдсэнийг, “Найз нар маань дахин манайд ирэхгүй гэсэн” гэх харамсангуй агаад өөртөө итгэлгүй үгийг нөхрийнхөө амнаас сонсож билээ.
Эцэст нь хэлэхэд гэр бол үүр юм. Тэр үүрэн дэх өндөгнүүд амар жимэр, хүчилхийлэлгүй, эрүүл, аюулгүй орчинд ангаахай болон өсч бойжин, том шувуу болсон ч далавч нь хүртэл бусдыг хамгаалдаг халхавч болох ёстой гэж би бодох.
Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа хичээцгээе!
2014-03-03 Улаанбаатар хот
СЭТГҮҮЛЧ Ю.ШҮРЭНЦЭЦЭГ