Өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн  шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн.  Тухайн хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Б хамт байсан бөгөөд талийгаачийг хөл алдаж цонхноос унасан, амиа хорлосон мэтээр хэргийг тайлбарлан мэдүүлэг өгсөн хэмээн хэвлэлээр мэдээлж байсан билээ.

Тэгвэл энэ сарын буюу тавдугаар сарын 3-ны өдөр гарсан шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан болохыг тогтоосон ба тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар хохирогч бүсгүйн гэр бүлийн гишүүд цахим орчинд мэдээлэл өгөөд байсан юм.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор уг хэрэгт сэжиглэгдэж буй О.Б-гийн аав Ж.Отгонбаяр мөн news.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр энэхүү ярилцлагандаа хүүгээ өмөөрөн Хүүг минь хийгээгүй хэрэг тулган хорьж байна хэмээн ярьжээ. Түүний яриаг сийрүүлбэл, Энэ хэрэгт хэргийн газрын үзлэгээс дүгнэх юм бол миний хүү талийгаачийг түлхсэн асуудал байхгүй. Тэр салхивчаар хүн түлхээд унагаана гэдэг байж боломгүй асуудал. Энэ салхивчаар хүн эхлээд хөлөө эхэлж давуулж тавиад биеийнхээ хажуугаар шургаж гарах зайтай. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтэд өндрөөс унаж, амиа алдсан болохыг тогтоосон юм билээ. Асуудлын гол нь цонхны тавцангаас гарын хээ, хөлийн мөр олдсон нь гол баримт. Ер нь миний хүү талийгаачтай маргах бүртээ орхиод явчихдаг байсан гэнэ лээ. Талийгаач охин миний хүүгийн араас очдог байсныг хожим мэдсэн. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр миний хүү талийгаачийг зодож, дарамтлаад аваад явчихдаг зүйл байгаагүй. Хэрвээ удаа дараа зодож байсан бол цагдаад тэмдэглүүлэх байсан байх. Энэ хэргийн улмаас аль аль талдаа бид хэцүүхэн байна. Залуу хүүхдүүд нэгнийгээ хайрлаад дурлалцсан асуудал байгаа. Бид чинь биеийг нь төрүүлэхээс биш сэтгэлийг нь төрүүлэхгүй шүү дээ. Үнэхээр ийм явдал болсонд миний зүгээс маш их харамсч байна хэмээн ярилцагандаа дурьдсан байв.