Гадаадад олон жил сурч, ажилласан нэгэн танил минь эх орондоо ирээд Оюутолгойд ажилд орохоор эргэж буцалтгүйгээр шийдсэнээ хэлж байсан нь саяхан.

Харийн нутагт хатуу хараа, хяналт дор ажиллаад сурчихсан хү­мүүст Оюутолгойд ажил­лахад дөхөм байдаг юм байх.Эх орондоо гадны мэргэжилтнүүдтэй хамт ажиллангаа туршлага ху­римтлуулахын зэрэгцээ зах зээлийн ханшаас ахиухан цалин авч амьдралаа дээш­лүүлнэ л гэж горьдсондоо тэр шүү дээ.Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой хэмээх Mонгол нэртэй гадаадын нэгэн вант улс сүндэрлэчихсэн байсныг ажил горилогч маань мэдээгүй аж.Ажил горилогч ч гэж дээ.Монголчуудын хэн нь ч мэдээгүй гэж хэлэхэд хэлсдэхгүй л болов уу.

 

ХАШААН ДОТОРХ АМЬДРАЛ

 

Оюутолгой хэмээх вант улсын хил нь хашаагаар зааглагддаг аж.Энэхүү хашаанаас гарч байгаа болон орж байгаа хүмүүс яг л гаалийн шалгалтад орж байгаа мэт байдаг гэнэ.Уг нь Оюутолгойн нөөц Эрдэнэтээс долоо дахин их.Тиймээс монголчууд Өмнө­говь аймгийн Ханбогд сумыг ирээдүйд Эрдэнэтээс долоо дахин том хот болно гэсэн хүлээлттэй байдаг. Гэтэл өнөөд­рийг хүртэл тэнд ажилчдын байр гэх хэдэн цэнхэр сэндвичин хавтан бүхий барилгаас өөр байшин баригдсангүй. Энэ нь “СС кэмп” хэмээх нэртэй хотхон бөгөөд 4000 орчим хүн ажиллаж, амьдрах багтаамжтайгаас гадна халуун, хүйтэн ус, эмнэлэг, угаалгын газар, спорт танхим, интернэт гээд хүний хэрэгцээ цөм бүрдсэн ч 20-30 жилийн л настай аж. Дээрх хотхонд Оюутолгой төсөл дээр ажилладаг хятад голдуу ажилтнууд амьдардаг юм байна.Хятад, индонез, тайланд, филлипин зэрэг мэргэжилтнүүдийг хэлж байгаа учир хятад голдуу хэмээн нэрлэж байгаа юм.Төслөөс гадуур гэхээр голдуу хар, бор ажил хийдэг хүмүүс. Жорлон угааж, гэр цэвэрлэж, хувцас угаах ажлыг хятад компаниудын зуучлалаар голдуу нутгийн монголчууд хийдэг аж.

Монголчуудын хувьд хятад голдуу гэгдээд байгаа хүмүүсийн шууд удирдлага дор ажилладаг бөгөөд тэдний хэлсэн ярьсныг л хийх үүрэг бүхий боол болж хувирсан аж.Мэргэжилтнүүд гэгдээд байгаа монголчууд нь ч ялгаагүй тэдэнтэй санал бодол солилцох эрхгүйгээр барахгүй хэлснийг нь л хийхгүй бол ажлаасаа халагдах айдас дунд амьдардаг аж.Тэд нэг гэрт 4-5- уулаа амьдарч, нийтийн бие засах, угаах газарт ариун цэврийг сахина.Сардаа нэг удаа Улаанбаатарт ачигдан ирж, цалингаа аваад явахаасаа өмнө буюу үтэр түргэн үрэн таран хийчихээд дахин ачигдаж ирэхийн тулд буцаад л ниснэ.Байдал ийм байгаа хэдий ч монголчууд гадны ажилтан, ажилчдаас хамаагүй бага цалин авсаар л байгаа.Хятадуудаас бусад мэргэжилтнүүд “Мастер” гэгч өвөлдөө шал нь дороосоо халдаг, зундаа сэрүүцүүлэх агаар чийгшүүлэгчтэй, дотроо ариун цэврийн өрөөтэй гэрт нэг нэгээрээ амьдардаг гэнэ.

 

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН ТЭМЦЭЛ МОНГОЛЧУУДЫГ ХАЛАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ

 

Эл байдлыг тэвчиж чадаа­гүйгээсээ болж ажлаасаа халагдсан С.Гантуяа гэх эмэгтэй дээрхийг хэдийнэ баталчихсан.Үүнээс болоод “Оюутолгой” ХХК-ынхан түүнд 100 гаруй сая төгрөгийн нөхөн олговор олгосон.Монгол ажилтнуудаас айж эхэлсэн.Оюутолгойнхон монгол ажилтнуудаа олноор нь халах болсон шалтгааныг хүний нөөцийн асуудлыг нь хариуцаж байсан “CAML” компанийн ажлыг “CIS” компани булааж авсантай холбон тайлбарлаж байгаа нэг нь ч байгаа гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Энэхүү “СIS“ компанийг УИХ-ын гишүүн С.Баярцогтынх гэлцдэг. Түүнийг Оюутолгойгоос гадна Тавантолгойд ч ноёрхлоо тогтоож байгааг манайх өчигдрийн дугаартаа онцолсон билээ.

Оюутолгойнхон монгол ажилт­­нуулыг ялгаварладаг гэ­дэг асуудал боссоны дараахан Хөдөлмөрийн сайд тушаал гарган Оюутолгойд ажилладаг монголчуудын цалингийн цэс­тэй танилцуулахаар ажлын хэсэг байгуулан Өмнөговь руу илгээсэн.Харамсалтай нь ажлын хэсгийнхэнд тус компанийн­хан ажилчдынхаа цалингийн цэс болон бусад холбогдох материалыг үзүүлэхээс татгалзсан байдаг.Энэ нь монгол ажилтан гадны ажилтны цалин тэнгэр, газар шиг ялгаатай байдгийг өөрсдөө дахин баталсан хэрэг болсон.

Эрдэнэтээс долоо дахин их зэсийн нөөцтэй, 500 тонн алттай гэгдээд байгаа Оюутолгой ордоос хэдхэн километр зайд түүнээс хэд дахин их нөөцтэй орд илэрчихээд байгаа.Үүнээс болж “Рио тинто”-гийн хувьцаа өсөж бидний баялаг үнэд хүрсээр байна.Харамсалтай нь тэд монголчуудыг манкурт боол шиг ажиллуулж, Ханбогдчуудыг басан доромжилсоор байна.Монголчууд баялгийнхаа ашгаас хүртэхийн тулд эх орондоо боолчлогдож, харийн хүний нүдний харцаар хөдөлж байгааг анзаарсан ч анзаараагүй юм шиг царайлдаг улстөрчид нэгийг бодох цаг хэдийнэ иржээ.Оюутолгойн монголчуудыг басамжилж байгаа хамгийн энгийн жишээ нь энэ биз ээ.

 

Р.САРАНГОО