МИАТ 5 сая ам.долларынхаа өрийг дарахын тулд банкнаас 1,1 хувийн хүүтэй зээл авахаар хөөцөлдөж байна


МИАТ-ын асуудлаар нийгэм ид шуугиж байна. Солонгосын “Сей юү” компанитай хийх гэрээнд гарын үсэг зурснаасаа болж, мөн 5 сая ам.доллар МИАТ-ийн дансанд орж ирсэнийг олон нийтэд twitter-ээр зарласнаасаа болоод ажлаас халагдсан МИАТ ХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхантай ярилцсанаа хүргэж байна. Бүгд л түүн рүү давшилж буй энэ үед тэрбээр ямар сөрөг байр суурьтай байгааг тухлан уншина уу. 
-Тантай холбоотой шуугиан сүүлийн үед дахиад л өрнөлөө. Энэ удаа та twitter-ээр маргасныхаа төлөө л халагдчихлаа гэж үү?
-Ер нь бол би ажлаас халагдаагүй. МИАТ-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-тайгаа зөвшилцаж байж намайг ажлаас халах ёстой. Одоогоор мөрдөж буй Төрийн өмчийн болон Орон нутгийн өмчийн хуулиар газрын захирлыг МИАТ-ын ТУЗ, Сангийн яамтай зөвшилцөж байж халах ёстой. Тэгэхээр би халагдсан гэж үзэхгүй байна. Гэхдээ нэгэнт тэр хүн тушаал гаргасан болохоор хүндэтгээд би ажлаа өгсөн.
-Г.Жаргалсайхан захирал ажлаа мэдэхгүй байна, тийм үү?
-Ажлаа мэдэхгүй байна. Бүхэл бүтэн МИАТ-ийн дарга хуулиа мэдэхгүй байна гэдэг онигоо байгаа биз дээ.  
-Хууль зөрчиж халах тушаал гаргачихаад байхад та зүгээр л яваад өгөх юм уу. Шүүхдэх асуудал байхгүй юу?
-Ямар ч байсан хуулийн зөвлөх авсан. 
-Ганц twitter-ээр маргалдсан нь ажлаас халах хүртэл тийм ноцтой шалтгаан биш л санагдаад байх юм?
-Хойт Солонгос интернетээр кино үзсэн хүүхдүүдийг алчихсан байна лээ. Үүний адил л юм болоод байгаа юм биш үү. Тушаал дээр бичсэн зүйлийг харахад twitter-ээр маргах явцдаа компанийн нууцыг задруулсан нь бизнесийн үйл ажиллагаанд нөлөөллөө гэж онцолсон байгаа юм. Миний хувьд дандаа өөрийгөө хамгаалсан зүйл бичсэн. Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдэлсэн гэж бодож байна. 
-Энэ байр сууриа хэлээгүй юм уу?
-Би МИАТ ХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан газрын дарга Баасанцогтоос яг ямар үндэслэл байна вэ гэж асуухад 5 сая доллар МИАТ-ийн дансанд орсон гэж мэдээлсэн гэж байсан.
Уг нь маркетинг сайтай компанид л мөнгө орж ирнэ биз дээ. МИАТ-ийн дансанд 5 сая доллар орж ирсэн нь МИАТ-ийн үйл ажиллагаа сайн байгааг илтгэж байна. Тэгээд ч төрийн байгууллагууд санхүүгийн тайлангаа сонин хэвлэлээр албан ёсоор зарладаг. Энэ утгаараа 5 сая доллар дансанд орсон тухай twitter-ээр бичсэн нь ажлаас халагдах шалтгаан биш. Харин энэ мөнгө хаанаас, яаж, хэнтэй гэрээ хийсний хүчинд орж ирсэн гэдгийг зарласан бол өөр хэрэг. 
-Энэ 5 сая долларын асуудал одоо хэвлэлээр ид яригдаж байна. Солонгосын Сей Юү гэгч луйварчин компанитай гэрээ хийгээд гуравхан хоногийн дотор МИАТ ХК-ийн дансанд 5 сая доллар орлоо. Одоо МИАТ 5 сая долларын өртэй боллоо гээд л. Яг юу болоод байгаа юм бэ?
-Гэрээ бол өөрөө компанийн нууц байсан. Анх Сей Юү гэдэг компани манай Сөүлийн салбарт танай албан ёсны билет борлуулагч болъё гэдэг санал тавьсан юм билээ. Манай Төлөөлөгчийн газар уг саналыг нь тоогоогүй хаячихсан байсан. Тэгэхээр нь Зам тээврийн яаманд саналаа тавьсан гэсэн. Ингээд Зам тээврийн яам саналыг нь зохих журмын дагуу та бүхэн шийд гэхэд нь манай дэд захирал Хүрэлбаатар ажлын хэсэг байгуулж, саналыг судалсан байсан. Ажлын хэсгийн удирдагчаар нь Санхүү эрхэлсэн орлогч Даваасүрэн ажилласан. Хамгийн сонин нь Бодлого төлөвлөлтийн газрын даргын хувьд ийм ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна гэдгийг би огт мэдээгүй. Ингээд ажлын хэсэг хуралдаад Сей Юү компанийн саналыг дэмжиж захирлын зөвлөлд оруулсан. Нэгдүгээр сарын энэ хурал дээр би ийм том асуудал яригдаж байхад уг асуудлыг сайн судлах хэрэгтэй, мэргэжлийн талаас нь янз бүрийн судалгаа хийсэн нь зөв гээд өөрийнхөө газраас Борлуулалтын хэлтсийн дарга Мэндсайхан, Бизнес хөгжлийн хэлтсийн даргыг орлож буй Батхүү нарыг нэмж оруулсан. Үүний дараа ажлын хэсэг нэг хуралдаж байхад би бас орж гэрээг сайжруулах талаас нь өөрийн санал бодлоо хэлж байсан.
-Тэгээд энэ гэрээ муу гэрээ болсон юм уу.Гадуур тэгж л яриад байх юм?
-Энэ гэрээг өнгөц харахад шууд арван тэрбум төгрөгийн ашиг орох байсан. Тэгээд ч гэрээний нөхцөлийн хувьд урьдчилсан гэрээний гарын үсэг зурагдахад шууд 5 сая доллар орж ирнэ гэсэн. Бид дотооддоо 100 мянган доллар, гадаадад 200 мянган доллар байршуулбал билет борлуулагч агент болох боломжтой байдаг. Энэ мэт олон шаардлагууд бий. Ингээд л нөгөө тал гэрээт борлуулагч болъё гэсэн. Аятайхан санал шүү дээ. 
Нөгөө талаас мэргэжилтнүүдтэй яриад, маркетингийн судалгаа хийхэд энэ жил Сөүлийн чиглэлд төлөвлөсөн мөнгөө олоход хэцүү байсан юм. Дэлхийн эдийн засагчдын судалгаагаар хямрал 2014 онд үргэлжлээд 2015 онд пиг болно гэж байсан. Тэгэхээр энэ эдийн засгийн хүндрэл зорчигдод л хүнд тусна. Өнгөрсөн жил манай аялал жуулчлал буурсан. Дээрээс нь улсын төсөв 1,7 их наядаар тасарлаа. Мөн уул уурхайнууд бүгд зогслоо. Өнөөдрийн байдлаар 400 өрөмдөгч компани сул зогсчихоод байна. Энэ хэмжээгээр улсын төсвөөр томилолтоор явахаас авахуулаад бүгд зогсоно. Байдал бүр л хэцүү болно гэсэн үг. Тиймээс энэ гэрээ манайд боломж болж харагдсан.
-Боломжтой харагдаж байсан гэрээ өнөөдөр боломжгүй болчихлоо. Хэргийн эзэн нь таныг гэх. Та үнэн яриад байна уу, танайхан худал хэлээд байна уу?
-Намайг нэгдүгээр сарын 30-ны өглөө ажилдаа орж ирэхэд банкны гүйлгээн дээр надаар гарын үсэг зуруулсан юм. Яаж байгаа юм, захирлаар зуруулаач гэхэд тань дээр нэг өдрийн захиран зарцуулах тушаал гаргасан гэсэн. Ингээд өдөр нь Зам тээврийн сайд Гансүхийн зөвлөх намайг яаман дээр дуудсан. 14 цаг өнгөрөөд яаман дээр очиход Сей Юү компанитай урьдчилсан гэрээний санал дээр гарын үсэг зураадах гэсэн. 
-Сайдын зөвлөх тэгж хэлж байгаа юм уу?
-Сайдын зөвлөх болон Даваасүрэн захирал бид гурав байсан. Даваасүрэн захирал ажлын хэсгийн ахлагч мөртлөө “Би айгаад байна. Та зурчих. Танд нэг өдрийн гарын үсэг зурах эрх өгсөн шүү дээ” гэсэн. Захиралд хэлсэн юм уу гэхэд “С.Билэгсайханд эрхийг нь өгсөн, гэрээнд гарын үсэг зуруулаарай” гэсэн гэж байсан. Айсан нь ч онож л дээ. Процесс ийм л юм болсон.
-Нэг ёсондоо та Сей юү компанийг судлах ажлын хэсэгт багтаагүй, гэрээний асуудалд анхнаасаа оролцоогүй хэрнээ гэнэт л гарын үсэг зурах болж, эцэст нь буруу гэрээнд гарын үсэг зурсан гэдэг хэргээр таны буруу болж дуусчээ дээ?
-Товчхондоо тийм. 
-Таны бодлоор 5 сая долларын гэрээ сайн болсон гэж үзэж байна уу?
-Санхүүгийн хувьд боломжийн болсон. Гэрээний доторх асуудлыг хүмүүс янз бүрээр ярьж байна. Үүнийг гэрээний явцад л сайжруулдаг шүү дээ. 
-Сей Юү компанийг луйварчин л гээд байна. Та юу гэж хэлэх вэ?
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэм буруугүй гэж үздэг. Ямартай ч би уг компанийг шүүхээр шийтгүүлсэн гэж сонсоогүй юм байна. Гэхдээ тэр компанийн удирдлагуудыг сайн мэдэхгүй. Урьдчилсан гэрээнд гарын үсэг зурахаар яаман дээр очсон өдөр л гурав, дөрвөн хүн байхтай нь таарсан, харсан.   
-МИАТ-ийн билетийг борлуулах эрхтэй хичнээн Сөүлийн компани байдаг юм бэ?
-19 компани бий. Тэдний нэг нь л Сей Юү. Жаахан давуу эрхтэй.
-Давуу эрх гэдэг нь юу юм бэ?
-Ерөнхий борлуулагч гэдэг утгаараа жаахан давуу эрхтэй.
-Ер нь та яагаад энэ компанийг өмгөөлсөн өнгө аяс үзүүлээд байна вэ. Энэ 5 сая долларыг МИАТ ХК-д оруулах гэрээнд гарын үсэг зурсан гэдэг утгаараа та болон ажлын хэсэг хувь хүртдэг юм уу?
-Яалаа гэж хувь авах вэ. Авлига өгөхгүй, авахгүй гэдэг батламжийг урьдчилсан гэрээнд гарын үсэг зурдаг өдөр давхар хийсэн. 
-Одоо манай МИАТ ХК Солонгосын Сей Юү-д 5 сая долларын өртэй болсон гэсэн үг үү?
-Өртэй. Дансанд ороод ирсэн мөнгийг нь үрчихсэн юм чинь өртэй болсон гэсэн үг. 
-Тэгвэл МИАТ ХК нэг ёсондоо луйвар хийчихсэн юм биш үү?
-Тухайн үед ашигтай гэрээ харагдаж байсан. Одоо бол луйвар болчихоод байна. 
-Тэгвэл танаар туг тахих зорилгоор нэг өдрийн гарын үсэг зурах эрх олгосон юм биш үү. Анхнаасаа бүх юм зохион байгуулалттай байж?
-Төрийн өмчийн хороо, яам, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг бүх газарт намайг ашиг сонирхлын зөрчилтэй буруу гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн. 
-Тийм л юм бол тэр 5 сая долларыг МИАТ үрэхгүй байх нь яасан юм бэ?
- Үнэхээр буруу гэрээ хийгдсэн юм бол МИАТ тэр мөнгийг ашиглахгүй байх ёстой. Хоёрдугаар сарын 3-нд орсон мөнгийг маргааш нь буцаачихаж болно. Гэтэл 11-нд нь 3,6 сая долларыг Америк руу онцгоцныхоо төлбөрт шилжүүлээд үлдсэн бүх мөнгөө дуусгасан. Намайг МИАТ-ийг зүв зүгээр байхад нь 5 сая долларын өрөнд оруулчихсан юм шиг гадуур яриад байгаа. Г.Жаргалсайхан захирал, нягтлантайгаа тэр мөнгөөр онгоцныхоо өр төлбөрийг хийхээс авахуулаад захиран зарцуулсанаас үзвэл өрөнд орох биш харин тулгамдсан асуудлаа шийдвэрлэсэн байгаа биз дээ. 
Хамгийн сонирхолтой нь танд нэг өдрийн захиран зарцуулах, гарын үсэг зурах эрх бүхий тушаал гарсан гээд байсан атал өнөөдрийг хүртэл нэг ч тушаал гараагүй байна лээ. Ингээд гарын үсэг зурсанаараа би болон манай хуулийн зөвлөх буруутан болсон. Нэг ёсондоо Хуулийн зөвлөх бид хоёр тэр гэрээг залилж зурсан болж байгаа биз. Бүр нарийн зохион байгуулалттай, коммунизмын үе шиг юм болсон.  
-Аймаар юм аа. Одоо 5 сая долларыг нь яаж барагдуулах гэж байгаа юм бол?
-1,1 хувийн хүүтэй зээл авах гээд хөөцөлдөж байгаа. Бүтэн сар гаруй хэрэглэсэн тэр мөнгөө төлөхийн тулд аль нэг банкнаас зээл авахаар хөөцөлдөж байна. 
-МИАТ өмнө нь Анод банкийг дампуурахад нөлөө үзүүлж байсан газар биз дээ. Өрөө төлөхгүй луу унжсан компаниудын нэг нь буюу 40 том зээлдэгчийн нэг нь МИАТ байсныг санаж байна. Гэтэл ийм их өрийг хүүтэй нь төлж дийлэх үү. Эргэлзээтэй л юм?
-Би тэрийг мэдэхгүй байна.  
-Инженер Ц.Бат та хоёр ямар учиртай юм бэ. Та хоёрын урт хугацааны хувийн өш хонзон сая twitter-ээр ил гарлаа гэж харагдсан шүү?
-Ц.Бат яагаад надад тийм дургүй байдгийг мэдэхгүй. 
-Зүгээр байхад тань тэр хүн таныг доромжлоод баймааргүй юм?
-Зүв зүгээр байхад архичин буриад, согтуу буриад, тэнэг, мангар, мэргэжлийн бус гэж бүтэн жил доромжилсон.
-Та хоёр ажил дээрээ ч тийм харьцаатай явж ирсэн юм уу?
-Байнга. Ална, хядна, буудна гээд л элдвээр хэлж байсан нь миний утсанд бичээстэй байна. 
-Сонсъё л доо?
-Олон бичлэг бий. /Хэрүүлийн хэсгээс сонсгов/
-Доромжлох болгонд нь та бичлэг хийдэг хэрэг үү?
-Тэгэлгүй яах юм. Намайг доромжилж байгаа юм чинь. 
-Ямар араншинтай хүн гэхээрээ ийм байдаг юм бэ. Уг нь таны “цэрэг” байсан биз дээ. Дарга цэргийн ёс суртахуун, хүндлэл гэж байдаггүй юм уу?
-Ийм л хүн шүү дээ. 
-Ц.Бат МИАТ-т л ажиллаж байсан гэл үү. Угшил нь юу юм бэ. Яагаад ийм бардам байдаг юм бол оо?
-Угаасаа л МИАТ ХК-д ажиллаж байсан. Ц.Оюунгэрэл сайдын төрсөн дүү. Анх Ц.Оюунгэрэл сайдыг манай дүү байдаг юм гэж хэлэхэд нь “манай фракцын хүн байна” гэж баярлаад хамаг юм аа ярьдаг байсан. Хоёулаа ингэж шинэчлэл хийнэ гээд хамаг нууцаа ярьдаг байтал гэнэт л 180 градус эргээд миний эсрэг болсон.
-Ард нь ямар ашиг сонирхол байна?
-Харин тэрийг би сонирхоод байгаа юм. Шувтан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу twiiter-ээр “Энэ тэнэг юм аа ав, архичин, согтуу буриадаа ав” гэж дайрдаг. 
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар С.Билэгсайхан Дорнод руу явлаа. Ерөнхийлөгч ялагдлаа. Энэ тэнэгийгээ ав” гээд л олон нийтэд зарлаж байсан. Гэтэл манай Дорнодод л Ерөнхийлөгч хамгийн их саналыг авсан шүү дээ. 
Энэ мэтээр үргэлж дарамтлаад, гүтгээд байхаар нь би анх “Жингийн цуваа явдагаар явна, нохой хуцдагаараа хуцна” гэж жиргэсэн. 
-Түүнээс хойш та идэвхитэй жиргээчин болсон уу?
-Бараг хагас жил идэвхитэй жиргээчин байлаа.  
-Ц.Оюунгэрэл сайд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн туслах байсан гэдэг утгаараа ойрхон байж болно. Гэхдээ дүү нь төрийн тэргүүнд тэгтэлээ хов зөөж, эрхэлж болохгүй баймаар?
-Мэдэхгүй. 
-Мэргэжилдээ хэр хүн бэ?
-Уг нь мэргэжилдээ их мундаг гэж би сонссон. Ажиллах хугацаандаа мундагийг нь үзсэнгүй. Чадлыг нь ашиглах гээд Бизнес хөгжлийн хэлтсийн даргаараа авсан. Гэтэл “Зорилт төвшин” гээд жилдээ ганц хийдэг ажилд ерөөсөө оролцоогүй. Дараа нь Бизнес төлөвлөгөө хийхэд акт аваад л яваад өгсөн. Энэ хоёр ажил бол Бизнес хөгжлийн жилийн гол ажил. Ингээд л улстөр хийнэ гэж их ярих болсон. 
-Тэгвэл улстөрийнхөө ажлаа хийгээд төрийнхөө ажлыг орхихгүй яасан юм бол?
-Эгчийгээ түшвэл чамд хэрэгтэй шүү гэж хүртэл хэлж байлаа. Иргэний Нисэхийн дэд дарга байсан, дахин суудалдаа суумаар байна гээд Засгийн газрын ордноор баахан явсан. Болж чадалгүй бөөн бухимдал ирсэн. Тэгэхээр нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Буяндалай дээр би очоод “Энэ хүн өмнө нь танай орлогчоор ажиллаж байсан гэнэ. Туршлагатай юм чинь чи түшиг болгоод авчих” гэхэд аваагүй. Дараа нь Нисэхийн бодлого хариуцсан захирал байсан Очирсүх дээр очоод “Ц.Бат гүйцэтгэх захирал болох чадалтай гэж байна. Чи түүнийг МИАТ-ийн дараагийн гүйцэтгэх захирал болгох саналыг сайдад оруулаач” гэж гуйсан. Даанч аль аль нь тоогоогүй. Үүнд би буруугүй биз дээ. 
-Та дэвшүүлэн зайлуулах гээд байсан юм биш үү?
-Тэр хүн өөрөө чадна гээд амбицаа илэрхийлж байхад бид дэмжих ёстой л гэж боддог. 
-Ц.Оюунгэрэл сайдтай энэ асуудлаар ярилцаж байв уу?
-Би нэг удаа ярих гэж оролдсон. Ярих их дургүй байхаар нь орхисон. 
-Тэгэхдээ Ц.Бат та хоёрыг ялгалгүй адилхан ажлаас халсан ч гэсэн Ц.Батыг буцаагаад ажилд нь авчих юм биш үү. Гуравдугаар сарын 8-ны дотор тушаалаа хүчингүй болгохгүй бол нууц баримтуудыг чинь дэлгэнэ шүү гээд удирдлагаа дарамталсан тухай дуулсан?
-Тэрийг би мэдэхгүй. Гэхдээ нэг команд юм чинь авах байлгүй дээ.  
-Г.Жаргалсайхан захирал Ц.Батыг дэмждэг гэсэн үг үү?
-Сая Америк хүртэл аваад явсан. Түүнээс болоод аудитын шалгалт ороод бөөн юм болдог байхгүй юу. Бас Ц.Бат зэрэг 28 хүн гүйцэтгэх захирлын тушаалаар 5 сая төгрөгийн цалин авдаг байхад нь болиулан шинэ сүлжээ гаргаад, 850 сая төгрөг хэмнэхэд минь их дургүйцсэн. Нэг ёсондоо ажилласан жил, ур чадвар, үр бүтээл зэргээс нь шалтгаалж цалинг нь үе шаттай болгоход Ц.Батын 5 сая төгрөгийн цалин багассан бололтой. Энэ мэтээр Ц.Батын дургүйг хүргэх ажлыг би их хийж байсан байх. 
-Ц.Бат 5 саяын цалин авдаг байсан юм бол та хэдэн төгрөгийн цалин авч байв?
-Юун 5 сая, би тийм ихийг авч байгаагүй ээ. 
-Ц.Батын хувьд тийм байж. Ингэхэд таныг янз бүрээр л шуугих юм. Тухайлбал Аэробус онгоцыг зарах эхний хэлэлцээг өөрийн охины хамт Туркийн Истамбулд очиж хийсэн гэх мэдээлэл бий?
-Манай А310 онгоц одоо болтол зарагдаагүй. Онгоцыг зарах ажлын хэсэг гурван удаа томилогдсон. Би хоёрт нь ахлагчаар ажилласан. Гэрээний төслийг дөрвөн сарын хугацаанд хийсэн. Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 4 сая 300 мянган доллараар зар гэсэн. Харин би худалдан авагч талынхантай гэрээ хийгээд 4 сая 828 мянган доллараар зарахаар болгосон. Тухайн үед хэлэлцээр хийсэн талынхандаа манай компанид нэг хувийн бонус өгөх үү гэж санал тавьсан. Угаасаа өгдөг зарчим ч байдаг. Тэр зарчмаар тэд зөвшөөрч 50 мянган доллар нэмж өгөхөөр болж, гэрээний нийт төлбөр 4 сая 878 мянган доллар болсон. Гэтэл үүнийг нь С.Билэгсайхан хахууль авсан, охинтойгоо нийлж идсэн, уусан гэж шуугисан. Харамсалтай нь гэрээг эцэслэн батламжлаагүй. Гүйцэтгэх гэрээг баталсны дараа захирлын зөвлөл, ТУЗ хэлэлцэн эцэслэн баталгаажуулдаг. Ажил ингээд явж байтал хэлэлцээрийн шатанд нь гэрээг зогсоож, ажлын хэсгийн ахлагчаар дэд захирал Хүрэлбаатарыг томилсон. Одоо А310 онгоцыг 4 сая 300 мянган ам доллараар зарах гэж байгаа гэж сонссон. 
-Бүр дордуулсан байна. Арай өөр “хор” орсон юм биш байгаа?
-Миний дараагийн ажлын хэсэг ямар компанитай гэрээ хийж байгааг мэдэхгүй. Гэрээг бүр дордуулж, улс эх орондоо ашиггүй болгосон нь өөр хувийн ашиг сонирхолын зөрчилтэй байхыг ч үгүйсгэхгүй. Цагдаад энэ талаар тайлбар өгсөн. АТГ-т ч өгсөн. 
-АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны маргааш нь та халагдсан биз дээ?
-Тийм.
-Хачин юм аа. Мэдүүлгээс тань айчихсан юм уу?
-Мэдүүлэг өгсөний маргааш нь намайг ажлаас халсан нь гайхмаар л санагдаж байна. Тэгэхдээ би өмнө нь АТГ-т шалгуулахаар олон хүний зүрхэнд шар ус хурна гэж хэлж байсан даа. 
-Үнэхээр айж. Таныг бас 33 ширхэг хайрцаг, 425 кг бүхий АН-ын Их хурлын материалыг Бээжин-Улаанбаатарын ОМ 224 нислэгээр нэг зорчигчийн нэр дээр үнэгүй тээвэрлэсэн нь баримтаар нотлогдсон гэж байсан?
-Хүнийг муулж болно. Гэтэл бараг жилийн турш “ачааны том сүлжээ, мафи илэрлээ. Тэр мафийн толгойлогч нь С.Билэгсайхан. Одоо шоронд орно” гээд л шуугисан. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан материалыг АН-ын Их хурал болох гээд газраар явуулж амжихааргүй болохоор нь Зам тээврийн сайдын нарийн бичгийн дарга Бээжин рүү утасдаж ачуулсан юм. Ачааны хөлсөнд АН-аас тодорхой хэмжээний мөнгө төлөөд үлдсэнийг нь төвд чинь төлье гэсэн байна лээ. Үүний дагуу хэмэжлэл явуулж, тооцоог 100 хувь барагдуулсан. 
-Харин хүүхэнд байр амласан тухайд юу хэлэх вэ?
-Би зургаан хүүхэдтэй, дөрвөн ач, зээтэй хүн. Өдий насанд хүүхдүүдийнхээ төлөө л санаа зовж сууна шүү дээ. Намайг архичин, завхай, мэдлэггүй, луйварчин, хахуульчин гээд олон талаас нь муулж чадаж байгаа нь тэр хүмүүсийн авьяас юм уу даа. 
-Ингэхэд та архи хэр уудаг вэ. Архичин гэдэг цол танаас салахгүй юм?
-Хүн болгон л уудаг шүү дээ. Гэхдээ амьдралаа алдаж уусангүй. Хязгаартай хэрэглэж, амь амьдралаа авч явж чадсан эрх хүн. 
-За, сүүлийн асуултаа МИАТ-ийн өнөөгийн нөхцөл байдал руу хандуулъя. Танаас өмнө дампуурч байсан МИАТ одоо ашигтай ажиллаад эхэлсэн гэж ойлгосон?
-МИАТ өнгөрсөн жил ашигтай ажиллалаа. Өмнөх жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан шүү дээ. Тухайлбал 2011 онд 5 тэрбум 778,7 сая, 2012 онд 4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Харин 2013 онд 2 тэрбум 900 сая төгрөгийн ашигтай ажилласан. Сүүлийн хоёр жилийн балансыг харахад асар их зөрүү харагдаж байгаа биз. Бас ажлынхаа үр дүнг ажилчдадаа хүртээж 300 гаруй сая төгрөгөөр урамшуулсан. 2020 он гэхэд энэ ашгийг 60 сая ам.долларт хүргэх бизнес төлөвлөгөөг ч хийлгүүллээ. Тэгэхээр МИАТ-ийн хувь заяа нааштайгаар эргэхэд өөрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай явна даа. 
-Ярилцсанд баярлалаа.     

С.Бэлэгмаа