Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Улсын Циркийг менежментийн хувьчлалаар авсан билээ.
Уг шийдвэр гарах үед түүний нутгийн Д.Сугар Төрийн Өмчийн Хорооны дарга байсан нь ихээхэн хэл ам дагуулж байв.
Хувьчлал явагдсаны дараахан циркийн танхимыг бүрэн шинэчилж,циркийн хөтөлбөр явуулж байсан ч төд удалгүй хаагдсан.
Мөн үүний дараа циркийг нурааж, байсан газар дээр нь худалдааны төв, зочид буудал барих тухай яригдаж, Д.Дагвадоржийн ээж "Бид өөрсдийн газар дээр юугаа хийх нь та нарт хамаагүй" хэмээн сэтгүүлчдэд хариулж байв.
Тэгвэл саяхан Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас АСА циркийн үйл ажиллагаа болоод ажилчид, цирк зориулалтын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгажээ.
Шалгалтанд тус цирк унасан бөгөөд хэрэв зөрчлөө арилгахгүй бол буцааж улсын мэдэлд авах гэнэ.

Байцаагчдын гаргасан дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

Э.Мягмар


“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРК” ХХК,
“РОЯАЛ ПЛАЗА” ХХК-Д

Зөрчил арилгуулах тухай


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “Аса консалтинг” ХХК /Рояал плаза/-ийн “Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг авч 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг ШААРДАЖ байна.

1. Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,
- Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгийн ажлын байраар хангах,
- Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,
- Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,

2. Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын 5 дугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах,

Дээр дурдсан шаардлагуудын биелэлтийг 2015 оны 1 дүгээр сард багтаан гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж дүгнэх бөгөөд шаардлагын биелэлтийн явцыг мөн тухай бүрт нь шалгахыг анхаарна уу.

Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчилан худалдсан гэрээг цуцлаж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгуулагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу.



УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Ж.ОЧИРХУЯГ

УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Г.ЭНХМАНЛАЙ

УЛСЫН БАЙЦААГЧ М.МӨНХБАЯР