Хэрэв бид дээд боловсролыг  дэлгүүрт байгаа  элдэв бараатай зүйрлэх юм бол энэ төрлийн бараа  маш хямдхан байна. Энд  ямарч брэнд алга, бараа нь шинэ атлаа маш хямдхан, ийм тохиолдолд  мэдээж чанарын тухайд ярих ч хэрэггүй.

Саяхан хөдөөнөөс ирсэн сумын дунд сургуулийн захиралтай уулзан ярилцаж байгаад мэл гайхав. Учир нь тэр сумын  дунд сургуулийн захирал  сумын сургуульдаа цахимжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Эл ажлынхаа хүрээнд өнгөрсөн намар  сургуульдаа 10 гаруй ангид компьютэр, 4 пректор,  1 ухаалаг самбар /Хичээлийн шинэ жилийн нээлтэнд Ерөнхийлөгчийн хичээл заадаг, тоуч мэдрэмжээр ажилладаг самбар шүү/ шийдүүлж, сургуульдаа суурилуулсан гэнэ. Харин энэ удаад  Улаанбаатараас чадвал  1-2 ухаалаг самбар,  3-5 проектор, 10 доошгүй  багш нараа  нотевүүктэй болгочих асуудлыг шийдүүлчих  санаатай  ирсэн гэж ярьж байна лээ. Үнэхээр бахархууштай. Гэтэл…

Миний мэдэхийн улсын Их дээд  сургуулиудад  ухаалаг самбар бүү хэл проектор цөөн байдаг.  Байдаг хэдэн проектор дээрээ багш нар  “булаацалдах нь холгүй юм болж”, сүүлд нь тэнхмээс   хувиар гаргаж асуудлыг шийдэж ирсэн. Хувийн  зарим сургуулиудын хувьд асуудал арай гайгүй, зарим нь анги бүрт проектор байрлуулсан байх нь ч бий. Гэхдээ л ухаалаг самбарын тухайд бол бид  үзсэнээс цаашгүй, 12 жил  их дээд сургуульд багшилсан хүн гэхэд би одоог хүртэл ухаалаг самбар  дээр хичээл орж үзээгүй хэвээр байна.

Гэтэл…, сумын  дунд  сургуулийн багш нар энэ самбар дээр хичээлээ заадаг боллоо. XXI зууныг бид техник технологийн зуун гэдэг, тэгсэн атлаа Их дээд сургуулиудад ийм төхөөрөмжөөр хангагдаж чадаагүй л байна.

Боловсрол  чанартай байх тухай бид дээр дооргүй ярьдаг. Чанартай боловсролын яриа нь хүссэн хүсээгүй сургалтын төлбөртэй л уялдана. Уг нь үүнийг ойлгож ядахад төвөггүй. Хэрэглэгч та бага мөнгөөр чанар муутай бараа худалдан авдаг бол арай ахиухан мөнгөөр чанартай брэнд бараа бүтээгдэхүүн худалдан авч болдогтой боловсролын асуудал зарчмын хувьд яг адилхан.

Харамсалтай нь үүнийг бид нийгмийн “массаараа” ойлгож чадахгүй хэвээр л байна. 1.2 сая төгрөгийн үнэтэй Aphone5  гар утсыг  аав ээжээрээ  худалдаж авахуулж гартаа барьж чамирхдаг  оюутан залуус сургалтын төлбөр дээр нь 100 мянган төгрөг нэмэгдснийг дуулаад жагсаал цуглаан хийж, эсэргүүцэл  үзүүлэхдээ тулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр нь түүний гартаа барьж байгаа өнөөх үнэтэй утаснаас хол даваагүй байх жишээтэй. Ийм нөхцөлд бид боловсролын нийтлэг чанарын асуудал яриад ч нэмэргүй мэт. Үнэхээр хичээж мэрийж байгаа цөөн тооны оюутнууд л  бусдаасаа илүүтэй номын дуу сонсож “арай дөмөгхөн”  мэргэжилтэн болж төгсөнө. Бусад нь сурсан мэдснээр маруухан ч диплом өвөртлөөд хоцроно. Төр засгийн зүгээс оюутнуудыг оюунлаг, хөдөлмөрч, бүтээлч  болгохыг дэмжихийн  оронд хавтгайруулан   халамжилна. Энэ бүхний эцэст баялаг бүтээгчид биш барьсан  гар ухаалаг утснаасаа ч “ухаан муутнууд”  жил бүр олноороо төгсөнө.

Нийтийн тээвэрт 10 хүрээгүй настай бяцхан сурагчид мөнгө төлөөд явж байхад архайсан том оюутан ах, эгч нар нь Visa үзүүлээд үнэгүй явна.  Энэ бүхний цаана  оюутнуудыг  улс төрчид  “сонгогч” гэж харж байгаатай   холбоотой юм.

Улс орны ирээдүйг авч явах сэхээтнүүдийг бэлтгэдэг газар нь  ийм анзааны байхад цаана чинь  хувийн ахлах сургуулиудын сургалтын төлбөр  аль хэдийнэ “даам” гаржээ. Фэйсвүүкт Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Америк сургуулийн /American school of Ulaanbaatar/  нэг жилийн сургалтын төлбөр нь 32.200 USD –ийн үнэтэй байгаа тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Мэдээж энд энгийн хөдөлмөрчдийн хүүхдүүд сурахгүй нь ойлгомжтой. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдгын жишгээр энэ сургуульд ийм хэмжээний төлбөр төлөөд  хүүхдээ сургадаг “баячууд” цөөнгүй байгаа нь ойлгомжтой.53346831

Мөн дундаж хувийн бүрэн дунд сургуулиудын төлбөр 5000 орчим ам.доллар байхад Их сургуулийн сургалтын төлбөр 1.4-1.8 сая төгрөгөнд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл  гайгүй шиг хувийн цэцэрлэгийн 2-3 сарын төлбөрөөр оюутнууд дээд боловсролтой болно. Үүний жаахан эргэцүүлж үзэх цаг болсон. Зарим хүмүүс МУИС тэргүүтэй их сургуулиуд чанар муутай гэдэг. Үүний цаана  бас л хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байна. МУИС гэхэд л улсаас төсөв авдаггүй, оюутны төлбөрөөр 90 хувь санхүүждэг газар юм билээ. Дээр  нь өндөр хөгжилтэй улс орнуудад чинь сураад мастер докторыг нь хамгаалаад ирсэн шилдэг багш нарт МУИС хангалттай цалин өгч чадахгүй нь ойлгомжтой. Ийм тохиолдолд ямар хүмүүс багшаар үлдэх вэ, гэсэн хэдий  ч улсдаа л шилдэгт орох судлаач, докторууд  зүрх сэтгэлээсээ бага цалинг гололгүй  ажилласаар байна.

Төгсгөлд нь хэлэхэд дээд боловсролын төлбөр өндөр байх ёстой, тэр бол өмсдөг хувцас, иддэг талх биш, харин таны нэг насны чинь амьдралын чинь үндэс. Сайн   техник хангамжтай, сайхан тохилог  орчинд, шилдэг багш нараар хичээл заалгахын тулд их төлж, ихийг мэдэх ёстой.

Та хир зэрэг төлж чадах вэ, түүнийхээ хирээр л боловсролыг олж авна гэдгээ бид ухаарах цаг болжээ …

А.Галт

 Ugluu-logo171