2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ хэмээн дээр, доргүй бужигналдаж байх үед лаа, шүдэнз, монгол гэрийн бизнес газар авч нэг хэсэг хүмүүс хэдэн жилийнхээ ашиг орлогыг хэдхэн хоногт хийж байсан гэдэг.

Тэгвэл энэхүү бизнесийг далдуур дэмжиж байсан хүний нэг бол өдгөө Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Н.Батбаяр юм. Тэрбээр Архангай аймгаас төрсөн УИХ-ын гишүүн хоёр бөөгийн нэгээр тодроод чамгүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд дэлхийн сүйрэлд ийнхүү ихээхэн ач холбогдол өгчээ. Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, ноён долларын ханш тэнгэрт хадсан энэ үед гал тахих ёслолыг нутаг усандаа хийхээс гадна төрийн галын тахилгыг санаачилж, Саарал ордонд хэсэг УИХ-ын гишүүдийн хамт “Тулганы гал бадраах ёслол”-ыг үйлддэг болсон билээ.

Ийнхүү бөө мөргөл Монголын төрийг дайлаар мордож, бөөгийн шашинт сайдтанаас бидний амьдрал шалтгаалж эхлэв. Төрийн зайран хэмээн цоллуулахаас наагуур яваа Н.Батбаяр сайдад “Ноён Бонд” хэмээх өхөөрдөм нэрийг ард олон хайрлажээ. Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Орост төлөх их өрийг сайн, муугаараа дуудуулан байж тиглүүлсний эцэст шоронгийн хаалга татсан бол Эдийн засгийн хөгжлийн сайд маань “Чингис бонд”, “Самурай бонд”-ыг санаачилж, жинхэнэ Бондчин болохоо харууллаа. Одоогоор Монгол Улсын өр найман их наяд болоход тун ойрхон байна. Харин дээрх хоёр бондын мөнгөөр Монгол Улсыг алга урвуулахын адил Азийн бар болгох юм шиг тэнгэрлэг сэтгэсэн Ноён Бондын мөрөөдөл талаар нэг болжээ. Хөгжлийн банкны дээр заларсан түүнийг дотны найздаа л гэхэд 200 сая долларын өртөгтэй “Гудамж” төслийг өгсөн гэх мэдээлэл ч хэвлэлээр гарч байсан билээ.

Юм л бол дэд сайд О.Чулуунбатаараа бамбай хийн хэвлэлийнхнээс зугтдаг түүний толгойд “Дараагийн бондыг хаанаас босгож болох вэ?” гэсэн адын бодол одоо ч төрж буйг үгүйсгэхийн аргагүй юм. Яамныхаа ажилчдыг өнгөрсөн Цагаан сараар хүлээн авч золгохдоо их гэрт тухлаж, эгээтэй л эзэн хаан мэт дүвчигнэж суусан бичлэг нь цахим ертөнцөд шуугиан тарьсаар байгаа.

 

Юутай ч хөгжих бус хоногийн хоолоо залгуулахын төлөө яваа монголчууд Ноён Бондод ам сайтай байхын аргагүй байна. Энэ дашрамд, нийтлэлч Баабарын бичсэн “Шударга эвсэл” хэмээх нийтлэлээс түүнд холбоотой хэсгийг тоймлон хүргэе.

“…Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгууллаа. Хөгжлийн чиг баримжааг тодорхойлох учиртай юм. Урьд нь Үндэсний хөгжлийн газар, яам байсныг сэргээж байгаа хэрэг. Гэхдээ энэ удаа шоглоомтой юм шиг гадаадын хөрөнгө оруулалтыг нэмээд хариуцуулчихжээ. Бүр наргиантай нь гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хамгийн баатарлаг гавьяа байгуулж, улаан цагаангүй заналхийлж бараг хутга шүвэг гаргах шахдаг нэг эр сайд нь болоодохлоо. Хөрөнгө оруулахаар шийдсэн Өрнийн компани болгон юун түрүүн энэ хүний тухай сонсож, хэнээс болгоомжлохоо мэдэж авдаг. Нэрийг нь хүртэл дизастэр буюу “гамшиг, гай барцад” гэсэн утгаар хүндэтгэн дуудах юм билээ. Ер нь бол асуудалтай эр л дээ. Түүнийг нь олж харахад заавал эмч байх ч шаардлагагүй. Асуудлыг мэргэ төлөг, бөө удганаар шийднэ. Өөрөө хүртэл бөө болж, гал тахих ёслол үйлдэх хообийтой. 2012 оны бөгсөөр дэлхий сөнөнө гэсэн бодолтой явдагаа нуудаггүй, гэхдээ Өрнөдийн хөрөнгө оруулалтыг таг зогсоовол Монгол ганцаараа аврагдана гэж мэргэ төлгөд нь буусан гэсэн.

Мань эр Монголын эдийн засагт хоёр том хувь нэмэр оруулсан нь түүхэнд тэмдэглэгдэн хоцрох байх. Өөрийнх нь ярьснаар интернэтийн яхуу, гүүгл энэ тэрээр орж байгаад түүхий эдэд 68 хувийн татвар /Их аварга Д.Дагвадорж сүмогийн 68 дахь ёкозүна болсныг бэлгэдэж/ тогтоовол нигур сайтай гэдгийг олж мэдээд ийм хууль санаачлан гурван жил мөрдүүлсэн аж. Үр дүнд нь алт олборлолтын албан дүн 90 хувь унаж, улс татвар авч чадахаа больсон ба алт экспортлол гэмт хэргийн замаар явах болж, хууль зөрчсөн хэргээр олон сайхан залуус шоронгийн хаалга татсан. Тухайн үед томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байсан Өрнийн компаниуд шууд орхин одсоны дотор тоймтойгоос дэлхийн хамгийн том уул уурхайн компани “Англо-Американ” гарч явсан. Нөгөө нэг гавьяа нь өнгөрсөн хавар Гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд ланжгар том өөрчлөлт санаачлан оруулсан. Хэрэв гадныхан алив ордод хөрөнгө оруулбал шууд 51 хувийг нь Монголын Засгийн газар булааж авна гэж уг хуульд заажээ.

Лицензийг зөвхөн Засгийн газар олгох юм байна. Шийдвэр гаргах төвлөрлийг ингэж мундаг нэгтгэсэн болохоор завсрын зөөлөвч болдог агентлагуудын хэрэг үгүй болж татан буулгаад дуусах шив дээ. Энэ хуулийн буянаар Өрнийн компаниуд олноороо дайжин зугтаагаад эхэлчихсэн. Сонгуулийн дүн харан хэсэг хүлээсэн нэг нь эдгээр сайн эрсийг хараад Монгол орон нэгэнт морио эмээллэчихжээ хэмээн үзээд гамшгийн бүсээс нэгмөсөн зугтаах боллоо. Нэгэнт их хэмжээний хөрөнгө оруулсан компаниуд эрхбиш хуулийг буцааж хэрэглэхгүй юм байгаа биз дээ хэмээн бурхандаа залбирч сууна. Иргэний гэх мэт суурь хуулинд шинэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэж байдаг ч чухамхүү буцааж хэрэглэхийн тулд ярьж байгаад энэ заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлтэд зориуд тусгаагүй юм. Одоо ингээд их дээрэм тонуул эхэлнэ дээ. Мань хаширын цээжинд ч дараагийн сюрпризүүд овоолоотой байгаа…”