Хамгийн элбэг, бас үнэгүй барилгын материал
2014/03/09
Монголд дэндүү баян орон. Гэхдээ иргэд нь бус байгаль нь. Тиймдээ ч орон сууцны үнэ нэг сая битгий хэл 500 мянган төгрөг байх боломжтой.
Засгийн газраас иргэдээ хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилгоор “Буянт Ухаа 1” хорооллыг захиалж, бариулсан. Метр.квадратыг нь 950 мянган төгрөгөөр худалдаална хэмээн эдийн засагчдын тооцоон дээр үндэслэн хэлж байсан ч ашиглалтад орсон дээрх орон сууц 1280 мянган төгрөгөөр үнэлэгдэв. Гэхдээ энэ дүн ч хэтэрхий өндөр байгааг манай сонин онцолж буй юм.
Барилга барихад шаардлагатай бүтээгдэхүүнийг хямд, тэр ч бүү хэл, үнэгүй байдгийг уншигч та анзаардаг уу. Орон сууцны барилга барих газарт л үнэ шингэнэ үү гэхээс биш бүтээгдэхүүн болоод ажиллах хүчинд хөрөнгө мөнгө их хэмжээгээр зарцуулах ямар ч шаардлагагүй.
Тэр дундаа төр, засгаас анхаарал тавьж, иргэдээ орон сууцжуулах зорилго агуулсан бол метр.квадратыг нь 500 мянган төгрөгөөр үнэлэх хэмжээний хямд байр босгох боломжтойг танд дуулгая.
Энэ удаагийнхаа дугаарт барилгын материалын гол түүхий эдийн нэг болох элс болоод хайргын талаар хүргэе. Байгальд үнэгүй байдаг зүйл бол элс, хайрга. Түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүн буюу элс, хайргыг бараг Монголын хаанаас ч ухаад авах боломжтой. Ямартаа л шээсний газраасаа холдож чадахгүй элс, хайрга олборлогч аж ахуй нэгжүүд Туул голыг ширгээх шахаж байх вэ дээ. Өнгөрсөн онд Туул голын сав газраас хайрга, элс олборлогчдын эсрэг эрчимтэй тэмцэсний эцэст хайрга олборлогчдын нэлээдгүй хувийг багасгаж чадсан ч одоо хэр Шувуун фабрик, Биокомбинат орчмоос хайрга олборлосоор байгаа. Урин дулаан цагаар бүтээн байгуулалт эхлэхэд аж ахуйн нэгжүүд Туул голын ойролцоо газраас элс, хайрга, дайрга олборлож, барилгын материалын түүхий эд бэлтгэдэг. Хэрэв тэдний үйл ажиллагааг зогсоовол Улаанбаатарт зам, барилга барихад хүндрэл учрах тул шаардлага тавьж ажиллуулахаас өөр аргагүй байдаг талаар албаныхан тодотгох нь бий.
Элс, хайрга олборлогчдыг цөөлснийг далимдуулан зөвшөөрөлтэйгөө үлдсэн компаниуд эрэлт ихтэй барилгын түүхий эдийн үнийг жил бүр, янз бүрийн шалтаг тоочин нэмдэг гэж барилгын компаниуд хошуугаа унжуулдаг. Жишээлбэл, жилийн өмнө 0.5 милметртэй хайрга нэг метр.куб нь 16 мянган төгрөг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг метр.куб нь 25 мянга болтлоо өссөн гэнэ. Энэ бол Эрээний гудамж гэж нэрлэгдэх болсон 100-н айлын барилгын материалын гудамжинд худалдаалагдаж буй үнэ. Тэгэхээр нийслэлд баригдаж буй барилгын үндсэн материалын өртөг бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг гэж өөрийгөө зөвтгөх барилгын компанийн эзэд бий. Барилгын үндсэн өртөг нь ингэж нэмэгдэж буй тул орон сууцны талбайн үнэ ч дагаад өсөх нь тодорхой гэсэн ойлголтыг тэд нийгэмд өгөхийг хичээж байсан юм.
Гэтэл элс, хайрга худалдаж авдаг аж ахуйн нэгж өдгөө бий бил үү. Шулуухан хэлэхэд, тээвэрлэсэн зардал л гарна уу гэхээс уг бүтээгдэхүүн үнэгүй гэдгийг захын компани хэлээд өгнө. Нөгөөтэйгүүр, томоохон барилгын компаниуд хажуудаа элс, хайрга олборлодог. Бетон зуурмагийн охин компанитай болчихсон. Тэд элс, хайрга олборлохдоо Эксковатороор ачих хөлс нь шингэсэн нэг ам метр элсний үнэ 10 мянган төгрөг гэж тооцож үзье. Тэгвэл нөөцийн төлбөрийн дээрх хувь хэмжээгээр тооцоход нэг ам метр тутамд 250-500 төгрөгийн төлбөр төлдөг аж. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5-5 хувьтай тэнцүү байна” гэж заасны дагуу төлдөг үнийн дүн юм. Элс, хайрга олборлогчид иймэрхүү төлбөр төлж олборлолтоо явуулж байхад, хэдэн арван тэрбумын орлоготой барилгын компаниудад үнийн дарамт болдог гэвэл инээд биш ханиад болох байлгүй.
Монголчууд өнөөдөр орон сууцны үнэ өсчихлөө, хашаандаа байшин барих гэтэл барилгын материалын ханш “хаданд гарчихаж” хэмээдэг атлаа ашигт малтмал гэхээр л манайхан алт, зэс, нүүрс зэргээр төсөөлж Оюутолгой, Тавантолгой хэмээн ярьж, ойлгодог. Гэтэл элс, хайрга, тоосго, блок, мод гэх мэт барилгын гол түүхий эд манайд ямар ч үнэгүй. Хаанаас л бол хаанаас ухаад, ачаад авчихаж болохуйц. Монголд юу л байна шороо, элс, хайрга. Иймээс барилгын материалын гол түүхий эдийг худалдаж авах шаардлагагүй. Гагцхүү тээвэрлэлтийн зардалд шаардлагатай шатахууны хөлс л хэрэг болох нь. Энэ мэтчилэн барилгын материалын талаар дараа, дараагийнхаа дугаарт цувралаар хүргэх болно.
Зочин · 2015/05/26
хаха ядаж бичиж байгаа юмаа судалчаад дараа нь олон юм бурааачэээ зүгээр **********ж аваад шууд ашиглачихдаг байсан бол сайхан л байна 0,5 хайрга гэхээр л яг хэмжээ дамжаагаараа нөгөө олон стандартуудыг нь хангаад газар хэвтэж байдаг гэж бодоогүй биз юм бичих гээд байгаан бол тэрийгэээ судал айн
Зочин · 2014/03/10
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103