Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн олон нийтийг бужигнуулсан Украин Оросын хямралаас дутахааргүй Монголд өрнөсөн нэгэн зөрчилдөөн нь пестицид хэмээх химийн хөнөөлт бодисын тухай маргаан байлаа.

ЭМШУИС-ийн  нэгэн цагийн багшийн пестицидийн тухай тайлбар мэдэгдлийг сенсацлах дуртай сэтгүүлчдийн арми өлгөн авч бужигнуулж орхисон нь Монголын хүн амыг намрын ургац хүртэл хүнсний ногоо идэхээс татгалзуулж үүгээр хоолоо залгуулдаг захын ченжүүдийг дампууралд хүргэв. Холбогдох яамдын дарга нар бие биеэсээ өрсөн хэвлэлийн бага хурал зарлаж пестицидийг дэлхий нийтээр ашигладаг, манайхан бага хэрэглэгддэг болохоор айх сандрах зүйлгүй, хэрэв түүнээс үүдэж хорт хавдар үүсдэг юм бол хорь гучин жилийн дараа өвчлүүлдэг тухай ам булаацалдан ярьж нэг нөхөр бүр пестицид бол хор биш ургамлын бордоо хэмээн хадуурахыг сонсоход даанч ой гутам ичгүүртэй байлаа.  


    Пестицид гэдэг нь pestis–хор хөнөөл, cido–устгах гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд  2006 оны 5-р сарын 25 - ны өдөр батлагдсан химийн хорт болон аюултай бодисын тухай Монгол улсын хуульд тодорхойлсноор “мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавьж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис” юм.   Пестицид гэдэг үг нь ганц болохоос энэ нь дотроо химийн найрлагаасаа хамаарч хэдэн зуун төрлийн бодисууд байдаг бөгөөд пестицидийн төрөлд ордог бодисуудыг зориулалтаар нь: хортон шавьж устгадгийг нь инсекцид, тариалангийн талбайн хог ургамал устгадгийг нь гербицид... гэх мэтээр арван хэд ангилдаг.  


   Хэдийгээр төрөл бүрийн пестицидүүд нь ХАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд асар их ач тустай боловч буруу хэрэглэбэл хүн болоод амьтны бие махбодод хуримтлагдаж, хордуулах, бамбай булчирхай болон бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлалын системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулах үйлчилгээтэйгээс гадна төрөлхийн эмгэг, гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн бага жинтэй төрөлт зэрэг сүүлийн үед эрс ихсээд байгаа гамшигуудийн нэг учир шалтгаан болдог нь эрдэмтэдийн судалгаагаар нэгэнт батлагдсан зүйл. Ийм ч учраас 2001 онд Шведийн Стокгольм хотноо хүний эрүүл мэнд, байгаль орчныг удаан задардаг пестицид мэтийн органик бохирдуулагчийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготойгоор “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенц”-ийг баталсан, 2013 оны байдлаар энэ конвенцид 180 орон түүний дотор Монгол улс 2002 онд нэгдсэн байдаг. Дээрх конвенциэс байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд  онц аюултай хэмээн жагсаалтанд оруулсан  12 төрлийн удаан задардаг органик бохирдуулагчдаас 9 нь пестицидийн төрлийн бодис байдгаас үзэхэд пестицид нь ямар аюултай бодис болох нь манай дарга нарын өгсөн тодорхойлолтоос арай өөр санж.


    Хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн энэ хорны хэмжээ дэлхийд сүүлийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгдэж жил бүр 20 мянган хүн хордож, нас бардаг гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ.  АНУ гэхэд л пестицидээс болж хүний эрүүл мэнд байгаль орчинд учирсан хор хөнөөлийг багасгахын тулд жил бүр 10 тэрбум доллар зарцуулдаг байна.  


   Пестицид илэрсэн өнөөдрийн энэ тохиодол Монголд анхных байв уу гэвэл үгүй. Цөөхөн баримт дурьдая. Манай улс малын шимэгч хорхой, улаан буудай, хүнсний ногооны хортон шавьж, үлийн цагаан оготно, царцаа устгах зорилгоор 1950-иад оноос энэхүү бодисыг өргөн хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайлбал гексахлоран гэгч пестицидийг монголчууд дуст хэмээн нэрлэж, хашаа бууцаа ариутгах, хүнсний ногоо, улаан буудайн талбайд, царцаа устгах зорилгоор бэлчээрт цацдаг байв.  2000 гаруй тонн ДУСТ  орон даяар хэрэглэсэн гэсэн бүртгэл байдаг. Бүртгэлээс гадна хэчнээнийг хэрэглэснийг бүү мэд. Царцаа, ойн хорт шавьж устгахын тулд онгоцоор, гар аргаар Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан, Ховд аймгуудад мөн их цацсан даа. Энэ бодисыг ургамал хамгааллын бодисын жагсаалтаас хасаж, хэрэглэхийг хориглосон боловч олон жилийн дараа задардаг эдгээр хорт бодис одоо ч бэлчээр, тариалангийн талбай, хөрс шороонд агуулагдан ургамал, хүнсний ногоогоор дамжин хүн, амьтныг хордуулсаар байгаа талаар судлаачид ярьдаг.
   Тухайн үеийн ЗХУ-аас оруулж ирдэг байсан пестицидийг буруу хэрэглэснээс болж 1975 онд Увс аймгийн Тариалан суманд хурц хордлогоор 21 хоногийн дотор 02-61 насны 21 хүн өвдөж, 13 нь нас барж байсан нь баримт болон үлдсэн байдаг.  


    Одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд Мэрэгжлийн Хяналтын төв лабораторид 1950 дээжинд пестицидийн төрлийн бодисын агууламжийг тодорхойлоход улаан лооль, лууван, төмс, алим, хятад сонгино, хүрэн манжин, байцаа, сармис зэрэг хүнсний ногоонд  илэрчээ. Мөн онд УМХЕГазраас улсын хэмжээнд 21 аймаг, 3 хотод пестицидийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээр ургамал хамгааллын бодис худалдаж буй аж ахуйн нэгжүүд нь БНХАУ-аас улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодис оруулж ирэн, шинжилгээ, дүгнэлтгүйгээр хэрэглэгчдэд олгодог, бордоо, пестицид оруулж ирсэн аж ахуйн нэгжийн нэгдсэн бүртгэл судалгаа байдаггүй, эдгээр бодисын хэрэглээг хянадаггүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн тариалсан төмс хүнсний ногоог шинжилгээ хийлгүйгээр шууд борлуулдаг, пестицидийн сав, баглаа, боодол, пестицидийн үлдэгдэл зэргийг журамд заасны дагуу устгадаггүй, лабораторийн чадамж муу, мэргэшсэн хүн хүчин дутагдалтайгаас хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл тодорхойлох ажил хангалтгүй байгаа зэрэг дутагдал, зөрчлүүд байгааг илрүүлжээ. 2009-2012 онуудад анагаах ухааны салбарын судлаачид өргөн хэрэглээний импортын хүнсний бүтээгдэхүүний 899 дээжинд шинжилгээ хийж үзэхэд хамрагдсан нийт бүтээгдэхүүний 55.6%-д 8 төрлийн пестицидийн үлдэгдэл илэрч байжээ. Гэтэл салан задгай энэ байдал өнөөдөр яг хэвээрээ байгаа нь саяын болсон сенсацийн үеэр тодорхой боллоо.   


    Пестицидыг сая сая тонноор нь хэрэглэдэг Европын орнуудтай харьцуулахад манай орны хэрэглээ тун бага гэх боловч 40-80 мг нь үхлийн аюул дагуулдаг гээд тооцохоор буруу хэрэглэбэл цөөн хүнтэй монголчууд биднийг өвчлүүлэх үхүүлэхэд хангалттай тун. Жимс, хүнсний ногоонд пестицидийн дийлэнхийг (38.9%)  хэрэглэдэг ба  Ази тивийн улс  орнуудын тариалдаг будааны төрлийн ургамлуудад  энэ бодисын хэрэглээний 93% нь ногддогоос үзэхэд өмнөд хилээр орж ирж хүнсний бүтээгдэхүүний  хяналтанд төрөөс нэлээд хүч тавихгүй бол байдал эвгүй болжээ.


   Хэдэн жилийн өмнө миний бие хотын ойролцоо ногоо тарьж борлуулдаг хэсэг хүмүүс талбай дээр хураасан байцаа руугаа пестицид шүршин зогсож байгаатай таарч билээ. Пестицидийг ургамалд хэрэглэх хугацаа нь аль хэдий нь өнгөрсөн,  байцааг хүнсэндээ хэрэглэсэн хүн хордох аюултай болохыг сануулаад яагаад ингэх болсны учрыг асуувал “муутгахгүйгээр удаан хадгалахын тулд” гэж хариулж байсан билээ. Пестицидын тухай ийм л ойлголттой хүмүүс бидний эрүүл мэндэд өнөөдөр заналхийлж байна.  Аж ахуйн нэгжүүд гадаадаас пестицид оруулж ирэх зөвшөөрлөө БОНХЯ-наас, худалдан борлуулах, ашиглах зөвшөөрлийг ҮХААЯ-наас авдаг.

Химийн нарийн шинжилгээ хийдэг лабораториуд манайд бий гэх боловч гадаадаас оруулж ирж буй пестицидүүдэд ямар төрлийн химийн бодис хэдэн хувийг эзэлж буйг тогтоож чаддаггүй. МХЕГ-ын Төв лабораторийн хүчин чадал нь мундаг гэх боловч нарийн шинжилгээний багажуудыг ашигладаг мэргэжлийн хүмүүсээ бэлтгэгдээгүй,  ургамал амьтны дээжинд хорт бодисын үлдэгдэл ямар байгааг байнга тогтмол хугацаанд тодорхойлдоггүй болох нь саяын үйл явдлаас харагдлаа. Зүй нь цаг агаарын мэдээтэй адил өдөр бүр биш юм аа гэхэд хүнсний ногоонд хийгдсэн шинжилгээнийхээ дүнг долоо хоног бүр гарган хотын хэдхэн томоохон захуудад өлгөж нийтэд мэдээлдэг, эсвэл МХЕГ-ын сайтанд тавьж танилцуулдаг жишиг тогтчихвол хүмүүс саяын мэдээллээс цочирддог шиг айх аюулгүй аль дуртай жимс ногоогоо авч иддэг болохсон.


   Газар тариалангийн зарим компаниуд хэрэглэдэг бодисоо өөрсдөө оруулж ирэхийг зөвшөөрсөн шийдвэрийг хэдэн жилийн өмнө төрөөс гаргасан нь химийн хорт бодисын хяналт алдагдахад хүргэсэн ноцтой алдаа гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Пестицидийг хэрэглэж байгаа ажилчид мэрэгжлийн мэдлэг чадваргүй, дээр нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэдэггүй нь түгээмэл. Дайран дээр давс гэгчээр ганзагын наймаачид хүртэл хулгана ялаа устгадаг хятад бичигтэй, юу нь мэдэгдэхгүй бодисуудыг оруулж ирж зарах, хүнсний ногоондоо цацах явдал гарсаар байгааг мэрэгжлийн хяналтынхан бүрэн хянаж чаддаггүй.

Гадаадаас импортолж буй жимс, хүнсний ногоонд химийн бодис агуулагдаж байгаа эсэхийг “Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөх дээд хэмжээ” стандартын дагуу хянадаг гэж тэд тайлбарладаг боловч пестицидийн төрөлд багтдаг хортой бодисууд ямар хэмжээнд агуулагдаж байгааг бүрэн хянадаг хүчин чадалтай лаборатори хил гааль дээр лав байдаггүй нь өнөөдрийн эрх баригчдын өгч байгаа тайлбараас тодорхой байна. Дүгнэж үзэхэд манай улсад импортоор оруулж буй пестицидийн төрөл, хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэл болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хүн амын дунд судлан тогтоох олон нийтэд ил тод байнга нээлттэй мэдээлж байх шаардлагатай болжээ.


    Эцэст нь өнгөрсөн долоо хоногийн  маргааны гол сэдэв болсон пестицид хүний биед хортой юу, үгүй юу хүнсний ногоонд байсан уу үгүй юу гэдгийг шүүх нь гол бус харин энэхүү асуудлыг хөндөн бужигнуулж бидний гол хэрэглээ хүнс, ХАА, байгаль орчны салбарт удаан жилээр угшиж байгаа ужиг өвчнийг хурц хэлбэртээ орчихоод байгааг нь илрүүлэхэд тусалсан тэрхүү нэр нь үл мэдэгдэх багш  судлаач болон хэвлэл мэдээллийнхэндээ гүн талархаж байгаагаа илэрхийлье  

                                                                 Ш.Пүрэвсүрэн