Улсын хилээр нэг иргэн 0,5 литрээс ихгүй архи, согтууруулах ундаа нэвтрүүлэх эрхтэй байдаг. Заасан хэмжээнээс хэтрүүлбэл зөрчлийг арилган, устгалд оруулдаг хуультай.

Гэтэл их хэмжээний архи согтууруулах ундааг оруулж ирсэн Хятадуудын толгойг нь илээд нэвтрүүлчихсэн явдал саяхан болжээ. 2013 оны 11-р сарын 27-ны өдөр Халхгол сумын нутаг дахь Өвдөг-Баянхошуу хилийн боомтоор 45 хайрцаг Моутой гэгч архи хууль бусаар хил нэвтрүүлж оруулсныг хилчид илрүүлэн саатуулсан байна. Нэг хайрцагтаа 6 ширхэг гээд тооцвол нийт 270 шил архины нэг бүрийн үнэ 370 орчим юань аж. 100 мянган юанийн үнэ бүхий эдгээр архийг Петрочайна Дачин Тамсаг компанийн 19-р талбайн орлогч дарга Жан Ченке гэгч оруулж иржээ. Хилчид эдгээр архийг тэр өдрөө Мэргэжлийн хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

 

Улмаар их хэмжээний архи хууль бусаар оруулж ирсэн Хятад иргэнд арга хэмжээ авахаар болж, архийг Гаалийн агуулахад хадгалаад орхиж. Гэтэл гурав хоногийн дараа буюу 11-р сарын 30-ны амралтын өдөр “Петро чайна”-гийн ажилтан Наран гэх эмэгтэй УББ-5341 улсын дугаартай Ланд-105 болон УНО-9514 Маити маркийн автомашинтай ирж өнөөх архийг аваад явчихжээ. Харамсалтай нь архийг авч явсан тухай ямар нэгэн бүртгэл тэмдэглэл хөтөлсөнгүй. Торгуулийн арга хэмжээ ч хүлээлгээгүй байна. Амралтын өдрөөр гаалийн агуулахыг нээн онгойлгож, ямар нэгэн баримт хөтлөлгүй хилээр хязгаарлаж хориглосон барааг хүлээлгэн өгсөн нь ч тэр чигээрээ хууль зөрчсөн явдал болжээ. Төрийн хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэх учиртай. Гэвч зарим нэгэн төрийн албан хаагч нар хуулийг гууль болгон завхруулж буйн тод жишээ энэ юм. Их хэмжээний архи оруулж ирснийхээ төлөө ямар ч хариуцлага хүртээгүй энэ хэргийг Аймгийн Цагдаагийн газар цаг алдалгүй анхааралдаа авах шаардлагатай байна.


Дорнод.нэт сайт дээр гарсан энэхүү мэдээллийн мөрөөр холбогдох албаны хүмүүсээс дараахи тодруулгыг авлаа.


МАХН-аас Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсон н.Баярхүүтэй утсаар холбогдлоо.


- Сайн уу. Сайт дээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдож байна. Тэр архи хураагдсан талаар үнэн зөв мэдээллийг өгөөч?
- Би ч өөрөө гайхаад сууж байна. Сая Дорнод.нэт сайтаас уншлаа. Тэндэхийн байцаагчтайгаа холбогдох гэсэн боловч утас нь болохгүй байна.


- Мэдээлэл нэлээд ноцтой асуудал байна. Танайх энэ асуудалд хамаагүй юм уу?
- Хил дээр хяналт явуулдаг дөрвөн байгууллага байдаг. Хилийн цэрэг, Гадаадын иргэн харъяат, гааль, манайх. Тэгэхээр энэ боломжгүй зүйл.


МХГ-даргын хариулт ийм байлаа. Аймгийн гаалийн газрын дарга В.Винтовтой холбогдож дараахи харилтыг авлаа.


- Энэ асуудлын талаар би холбогдох мэргэжилтнүүдээсээ лавлая, та өөрөө биеэрээ ирнэ үү. гэлээ. Даруй Аймгийн гаалийн газарт очиж Баянхошууны боомтын байцаагчтай холбогдож асуудлыг тодрууллаа. Тэрээр дээрх мэдээллийг үнэн болохыг баталсан. Тухайн өдөр Дачин компанийн автобуснаас дээрх архийг хураасан Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид гаалийн агуулахад түр хугацаагаар гуйж хийлгэсэн. Харин дараа нь мэргэжлийн хяналтынхан “бид авах ёстой арга хэмжээгээ авсан. Торгосон. Иймд хураагдсан бараагаа авлаа” гээд аваад явсан талаар хэллээ. Хуулиараа хураагдсан барааг ямартаа ч мэргэжлийн хяналтын газрынхан авсан болох нь батлагдлаа. Харин ямар торгууль оногдуулсаныг нь тус хэлтсээс мэдээлэл хийж тайлагнах ёстой ч өнөөдрийг хүртэл хариу мэдээлэл хийгээгүй нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай шууд холбоотой аж. Учрыг тодруулбал газрын дарга Баярхүү нь архи хурааж авсан байцаагчийг дарамтлан “Би Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга Батмөнхийн сайн найз, нэг намаас томилогдсон хоёр. Илүү дутуу зүйл ярьж энд тэнд портоколдоод байвал ажлаас чинь халж орхино шүү” гэжээ. Харин энэ талаарх бүх үнэнийг ярьсан хариуцлагтай хүний яриаг дор хүргье.

 

Яриаг тун удахгүй

 

Н.Чинзориг