Kerry Dixon: Хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа
2014/03/09
Английн Пример лигийн Челси клубын домогт хөлбөмбөгчин Kerry Dixon манай улсад хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр манай улсад Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын урилгаар ирсэн. Тодруулбал, Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын Ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын урилгаар ирж байгаа юм байна. Алдарт хөлмбөмбөгчин Kerry Dixon-ны айлчлал эхэлж байгаатай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хуралд алдарт хөлбөмбөгчин Kerry Dixon, Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын Ерөнхийлөгч Ж.Мөнхбат болон Челси клубын хөгжөөн дэмжигчид оролцлоо.
Айлчлалын хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчидтэй тусгайлан уулзахаар төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцох юм байна.
Энэ үеэр Kerry Dixon “Би Монголд анх удаагаа ирж байна. Сэтгэл үнэхээр хөдөлж байна. Маргааш болох Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын нээлтэд оролцож хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Би Монголд ирэхээсээ өмнө Монголыг маш сайн судалсан. Тэр тусмаа Чингисийн Монгол гэдгээр нь илүү таньж, дотно санагдаж байна. Миний бодлоор Монголд хөлбөмбөг хурдацтай хөгжиж байна гэж харж байна. Монголын цаг агаарын байдлаас шалтгаалж ногоон талбайн хөлбөмбөг илүү хөгжөөгүй ч гэсэн заалны хөлбөмбөг хөгжих бүрэн боломжтой” хэмээн Монголд ирсэн анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.
Д.Анар