"Хас Монгол" хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаяр, "Цагаан хас" бүлгэмийн тэргүүн Ж.Эрдэнэзаяа нарын гишүүд өнгөрсөн баасан гаригт хурал хийсэн юм. Тэдэнд хандан "Саун ажиллуулах нэрээр охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж байна. Шалгаж өгөөч" гэсэн хүсэлт иржээ.

Түүний дагуу энэ сарын 4-ний өдөр саунуудад шалгалт хийсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэр Модны хоёрт орших "ALE ­HOUSE" зочид буудлын В1 давхарт байрладаг саунд шалгалт явуулжээ.

Шалгалтаар тус саунд арав гаруй эмэгтэй биеэ үнэлж байсан байна. Энэхүү асуудлыг харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Тус сауныг Отгоо гэх эмэгтэй ажиллуулдаг юм байна.

Энэ талаар "XacМонгол"хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-"Ale House''-т шалгалт хийхэд яг ямар зөрчил илэрсэн бэ?

-Биднийг ороход 10-аад эмэгтэй байсан. Ээлжээр тэнд бие үнэлдэг гэсэн. Энэ бол хэрээс хэтэрсэн асуудал. 20 минутыг нь 40 мянган төгрөгөөр тохирч бие үнэлдэг байсан байгаа юм. Тэд үйлдэл дээрээ баригдсан. Бид бичлэг хийж баримтжуулсан. Өөр олон газар саун нэрээр биеэ үнэлэгчдийн үүр болоод байна.

Яг энэ газар шиг нотлох баримт байхгүй болохоор бид илүү зүйл ярих боломж алга. Бидэнд тийм эрх байхгүй. Саун нэрийн дор эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг 10 гаруй газрын мэдээлэл бидэнд байгаа.

-Цагдаагийн байгууллагаас ямар хариу өгсөн бэ?

-Бид хөдөлгөөнийхөө нэр дээр албан ёсны өргөдөл гомдлоо харьяа Цагдаагийн байгууллагад өгчихсөн. Шийдэх байх аа. Өмнө нь энэ газар удаа дараа ийм үйлдэл хийж баригдаж байсан. Шалгагдаад гурван жилийн тэнсэн харгалзах ял авсан сурагтай. Тэгээд хашрахгүй эргээд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сауны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байна уу гэхэд надад юу ч харуулаагүй.

-Та бүхэн хүний наймаа гэж үзэж байгаа юм уу. Тэр бүсгүйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан уу, өөрсдөө сайн дураараа үнэлж байсан юм болов уу?

-40 мянган төгрөгөөр тэр хүнийг 20 минут авна гэдэг чинь 20 минут тэр хүн зарагдаж, хүний хүслийг хангах хэрэгсэл болж байна. Энэ чинь зарагдаж байгаа хэрэг биз дээ. Монгол охид биеэ үнэлж байна гэдэг чинь үнэгүйдэж байгаа хэрэг. Монгол хүний үнэ цэнэ 20 минут нь 40 мянган төгрөг байж болохгүй. Хүчээр үнэлүүлсэн үү, өөрсдөө үнэлсэн үү гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтооно.

-Өөр бусад баар цэнгээний газар шалгалт хийсэн үү?

-Шалгалт хийсэн байгаа. Шалгалт хийсэн газруудаас "ALE-HOUSE" зочид буудлын В1 давхарт байрладаг саунд шалгалт хийсэн байгаа.

-"ALE-HOUSE" зочид буудал сауны талаар гомдол олон удаа ирж байсан гэсэн. Яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа вэ?

-Арга хэмжээ авч гурван жилийн тэнсэн харгалзах ял шийтгэл авч байсан байна лээ.

-"ALE-HOUSE" зочид буудал сауны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан уу?

-Бид албан ёсны зөвшөөрлийг нь үзээгүй байгаа. Бараг зөвшөөрөлгүй юм шиг байна лээ.

-Нийслэлд одоогоор хичнээн саун үйл ажиллагаа явуулж байна вэ?

- Нарийн тоо баримт байхгүй байна. Харин манай бүртгэлтэй хууль зөрчөөд үйл ажиллагаа явуулж байгаа арав гаруй сауны газар байгаа.

Энэхүү мэдээллийн дараа "ALE-HOUSE" зочид буудал сауны газарт очсон юм. Биднийг очиход "ALE­HOUSE зочид буудал сауны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Энэ саун ажиллахгүй cap болж байгаа гэв

Харин "Ale House" гэх зочид буудлын захирал гэх эмэгтэй уулзсан юм. Тэрээр мэдээлэл өгөхдөө нэрээ хэлээгүй юм.

-Танай зочид буудлын доод давхрын саунд бие үнэлэгчид байсан гэж дөнгөж сая "Цагаан хас" бүлгэмийн залуус мэдээлэл хийлээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манайх зочид буудал, паб ажиллуулдаг. Доод давхрын саун манайд ямар ч хамаарал байхгүй. Тусдаа эзэнтэй.

-Танай зочид буудлын доор байрлаж байгаа юм чинь танайх юм биш үү, эсвэл түрээслүүлдэг юм уу?

-Үгүй ээ. Ямар ч хамааралгүй гээд байна шүү дээ. Түрээслүүлээд байгаа ч юм байхгүй. Угаасаа тусдаа газрууд. Тэгээд ч энэ саун ажиллахгүй бараг сар болж байгаа шүү дээ.

-"Цагаан хас" бүлгэмийн залуус уржигдар ажиллаж байхад нь ирж бичлэг хийж дүрсжүүлсэн гэсэн?

-Хэсэг залуу орж ирээд бөөн зодоон болсон гэж сонссон. Бидэнд ямар ч хамааралгүй. Тэр сауны мэддэг хүмүүсээс нь асуу гэсэн хариултыг өгсөн юм. Харин доод давхарт байрлах нэр хаяггүй саун руу ороход ажилчин бололтой 2-3 бүсгүй байв.

Тэд энэ талаар "юу ч мэдэхгүй, тэр өдөр байгаагүй" гэлээ. "Гэхдээ хэсэг залуус орж ирээд юу юугүй хаалга үүд нүдээд байсан гэж сонссон. Манайд биеэ үнэлэгч байхгүй" гэсэн юм. Харин сүүлдээ бухимдаж "Ер нь бие үнэлэгч байсан ч яадаг юм. Та нарт ямар хамаатай юм бэ" хэмээн бухимдсан юм.

Энэ талаар БГД-ийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад "Манай дүүргийн нутаг дэвсгэр гэмт хэрэг гарах эрсдэл ихтэй. Тиймээс ч ойр ойрхон шалгалт хийж байгаа. 1-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа газруудад шалгалт хийсэн. Саунд бие үнэлж байсан хэрэг гарсан нь үнэн.

Хэргийг шалгаж байгаа" гэлээ. Харин энэ төрлийн гэмт хэрэгт ямар торгууль шийтгэл ноогдуулдаг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 124 буюу Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэдэг юм байна.

Тодруулбал:

124.1. Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

124.2.Биеэ үнэлэх газар байгуулсанг санхүүжүүлсэнг түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 124.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: