УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр төрийн өмчийг үзэн яддаг нэгэн аж. Тэрээр энэ тухайгаа хэвлэлд өгсөн ярилагынхаа үеэр дурьджээ.

Мөн Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг ч таашаасангүй. Гишүүн асан хэлэхдээ “Улс орны эдийн засаг бол тиймхэн л байна. Үнэнийг л хэлэх ёстой ш дээ. Гудамжинд яваа жирийн хүний үгийг сонс. Тэр хүмүүсийн бүгдийнх нь амьдрал сайн байгаа гэж би лав бодохгүй. Бизнес хийхэд төвөгтэй байна, цалин мөнгө хүрэлцэхгүй байна, орлого байхгүй байна л гэх юм. Бас ажилгүй байна л гэдэг. Миний хувьд хэн нь засаг барих нь хамаагүй ээ. Гол нь Монгол Улсын төлөө явах ёстой. Надад бол АН сонин биш. Ний нуугүй хэлэхэд, би төрийн өмчийг үзэн яддаг хүн.

 

Ерөөсөө төр бизнест хутгалдаж, мөнгөтэй ноцолдоно гэдэг хамгийн муу зүйл. Төр төрийнхөө л ажлыг хийх хэрэгтэй. Зохицуулах юмаа зохицуулаад явахын оронд бизнес рүү хутгалдаж байгаа нь буруу.

 

Манайхан одоо төрийн өмч гэж сайхан юм ярьдаг. Ардууд нь булааж аваад төрд өг, төр нь ч төрийн өмч хамгийн баталгаатай гэдэг. Уг нь “Төрийн өмч хамгийн буруу” гэдэг тэр үгэнд итгэж, тэр өгүүлбэрийг дэмжиж “Төр биш иргэн баян байх ёстой” гэсэн үзэл санаагаар би АН-д анх 1992 онд элссэн. Төрийн өмч бол хамгийн муу өмч шүү дээ. Төрийн өмчийг хэн зарцуулдаг юм гэхээр хэдэн дарга л гарын үсэг зурж шийддэг. Түүнээс хонь хариулж яваа малчин, шал угааж байгаа үйлчлэгчид төрийн өмчиөөс наалдах юм байхгүй. Төр өмчдөө авбал л эзэнгүй болдог юм.

 

Өөрөөр хэлбэл, төр бизнес хийхээсээ татгалзаж, иргэд нь төрөөсөө мөнгө гуйдаггүй л байх хэрэгтэй. Нэг ёсондоо ядуу төртэй, баян иргэнтэй байх ёстой юм” хэмээв.

 

Н.Батаа