Зохиомол түгжрэл үүсгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй шалтгаан
2014/03/12
Сүүлийн жилүүдэд нийслэл дэхь автомашины тоо эрс нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал ихээр үүсэх болсон. Хөдөлгөөний ачаалал үүсч байгаа энэ үед холбогдох байгууллагынхан хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээнүүдийг авсан.
Үүнд: автомашинуудад дугаарын хязгаарлалт хийж автомашинтай иргэн долоо хоногийн нэг өдөр явган зорчих болсон бөгөөд замын хөдөлгөөнд ачаалал үүсгээд буй нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж журамладаг болоод багагүй хугацааг ардаа орхиод байгаа билээ. Гэхдээ энэхүү арга хэмжээ нь учир дутагдалтай байгаа бололтой. Иргэд хамгийн ихээр бухимдаж буй асуудал бол 1-р эгнээнд зөвшөөрөлгүй газар тавьсан машины жолоочийг 5-10 минут чанга яригчаар зарлан дуудна, жолооч нь гарч ирэхгүй бол ачна гэж заасан заалтаа бүрэн хэрэгжүүлэлтгүй сануулга өгөхгүйгээр шууд ачиж байгаад иргэд бухимдалтай хандаж байна.
Түүнчлэн үүгээр зогсохгүй холбоо барих хаяг, утас нь ч тодорхойгүй, хулгайч авсан, журамлан ачсан алин болох нь мэдэгдэхгүй ийм байж арай ч болохгүй хэмээн иргэд бухимдаж буй. Энд тэндээс асуухаар хувийн 6 компани ачдаг болохоор хэн нь хаашаа ачсаныг мэдэхгүй боломжгүй байгаа талаар иргэд хэлж байна. Гэхдээ машинаа гудамж замын хөдөлгөөнд саад болох газар хаа дуртай газраа тавьж орхих үйлдлээ хээр хөдөө мориноосоо бууж тушаад орхихтойгоо адилхан санадаг нөхдийн машиныг журамлаж, хариуцлага хүлээлгэж байж нийтийн соёлд суралцуулахаас өөр аргагүй нь үнэн. Энэхүү ажил нь хэдий хэл ам ихтэй байгаа ч үр дүнгээ өгч байгаа нь илт. Замын хөдөлгөөний ачаалал өмнөх үеийнхээсээ харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд жолооч нар дүрэм, журмыг зөрчих явдал багассаар байгаа юм байна. Үүнээс гадна сая гаруй хүнтэй нийслэл хотод ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрөөр ч авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгаагийн нэгэн шалтгаан нь явган хүний зам дээр худалдаа наймаа хийх, зуны улиралд машин угаах, зарим замуудын нэгдүгээр эгнээг эзлэн хоёрдогч түүхий эд авах зэргээр зохиомол түгжрэл үүсгэж байгаа явдал юм.
Нийслэлийн хэмжээнд зохиомол түгжрэл үүсгэж байгаа төдийгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хэд хэдэн байршил байгаа гэнэ.
Тодруулбал: Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх Их тойруугийн зам буюу тойрог хөдөлгөөнтэй газарт явган зорчигчдын зам, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хэсэгчлэн хааж нүүрс түлээ заран, түүхий эд авч, үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа нь зам тээврийн осол хэрэг гарах аюул дагуулдаг байна. Түүнчлэн Дөлгөөн нуур үйлчилгээний төвөөс Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам дагуу байрласан авто засварын газрууд явган хүний зам болон нэгдүгээр эгнээг засвар хийх талбай болгон ашигладаг нь замын хөдөлгөөнд байнга саад учруулдаг байна. Доржийн гудамж буюу Цайз захын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог чиглэлд замын нэгдүгээр эгнээг барилгын материал, нүүрс, мод худалдаалах, хоёрдогч түүхий эд авах цэг болгосоор байна.
Мөн 22-ын товчоо чиглэлийн авто замын явган хүний замыг хааж хоёрдогч түүхий эд авч байгаа нь хөдөлгөөнд саад учруулахаас гадна замын хашлага, хучилт эвдэх шалтгаан болж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын гадна талбайд явган хүний зам дээр гар дээрээс худалдаа хийж явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан хэвээр байна. Тиймээс Нийслэлийн Авто замын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл үүсгэж байгаа байдлыг цэгцлэн арга хэмжээ авахаар болсон байна. Дулааны улирал эхлэж буй энэ үед иргэд хувиараа бизнес эрхлэн замын хажуугаар худалдаа хийж буй явдал нь замын хөдөлгөөний ачаалалд мөн нөлөөлж буй хэрэг.
Түүнчлэн машин угаалгын газрууд олширсон бөгөөд замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж байгаа ба өнөөх засварласан хатуу хучилттай замыг сүйтгэж байна. Тэд ил задгай автомашин угааж угаасан муу ус нь зам руу урсан орж хатуу хучилттай автозамыг хагарч муудахад хүргэж байгаа хэрэг. Ямар ч зөвшөөрөлгүй хувиараа өөрсдийн дураар замын хажуухан талд нь ил задгай машин угааж буй үйлдлийн зогсоох зайлшгүй шаардлага бий. Ялангуяа гэмтлийн эмнэлэгийн автобусны буудлын ард энэхүү бизнесийн ажил эрчимтэй явагдаж байгаа ба тэр хавийн зам авах юмгүй болсон бөгөөд хагасрч цуураад олон олон нүх үүссэн байна.
Энэ нь машин угааж буй хүмүүсийн хийж буй буруутай үйл ажиллагаа бөгөөд авто зам урт удаан хугацаанд бат бөх байх боломжгүй болоод байгаа хэрэг. Эдгээр нь Нийслэлийн өнгө үзэмжид ч сөргөөр нөлөөл байгаа. Тиймээс эдгээр замын хажууд худалдаа наймаа үйлчилгээ үзүүлж буй явдлыг зогсоох хэрэгтэй. Тэгэж байж замын хөдөлгөөний ачаалал буурах ба хатуу хучилттай зам урт удаан наслах болно.
Ч.Гэрэлтуяа
СХД Ар Гүнтэд т · 2014/03/13
СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй, тог цахилгаан, дэд бүтэц сайтай эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179