Авилгатай Тэмцэх Газрын үйл ажиллагаа “сайн” байгаа гэж сайшаах хүн бий. Харин АН төрийн эрх барьж байгаа энэ үед АН-ын гишүүдийн авилгын хэргүүд “тэгсгээд” өнгөрдөг мода дэлгэрээд байна гэхэд хилсдэхгүй.

Нэг жишээ бол  Төв аймгийн АН-ын гишүүн, аймгийн ИТХ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын “гар, хөл” гэгддэг Ц.Мэндсайханы газрын наймааны “хэргүүд” юм. Ц.Мэндээ даргын хэргийг “тэгсгээд” өнгөрч байгаа хэргүүдийн жагсаалтад оруулсны учрыг дор сийрүүлье.

Ц.Мэндсайхан нь Төв аймгийн ИТХ-ын дарга болохоосоо өмнө Сэргэлэн сумын засаг даргаар 8 жил ажилласан. Энэ хугацаанд Сэргэлэн сумын газрыг “зарж” дууссан хэмээн нутгийн  100 гаруй иргэд нь хардаж АТГ-т өргөдөл өгсөн юм. Өргөдөлд Сэргэлэн сумын 1-р багийн ИТХ-ын төлөөлөгчид ч хурлын тогтоол болон шалгах хүсэлтээ хавсаргажээ. 2013 оны хавар өгсөн энэ өргөдлийн хариуг АТГ Сэргэлэн сумын иргэдэд одоо болтол өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл шалгаж өгөөчээ гэж хүссэнээс хойш нэг жил өнгөрлөө. Бид АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс энэ  тухай тодруулахад шалгаж байгаад Төв аймгийн цагдаагийн хэлтэс рүү нь шилжүүлсэн гэсэн тайлбараас өөр зүйл хэлсэнгүй. Аймгийнхаа ИТХ-ын даргыг аймгийн цагдаа нь шалгаад, байцаагаад үнэн мөнийг нь тогтоож чадна гэдэгт нутгийн иргэд эргэлзэж байгаагаа бидэнд хэлсэн юм. Нутгийн иргэдийн болон Сэргэлэн сумын 1-р багийн ИТХ-ын төлөөлөгч нар Ц.Мэндсайханы хууль бусаар зарсан байж болзошгүй 10 гаруй газрын асуудлыг хөнджээ.

Тухайлбал Ц.Мэндсайхан нь  “МАК” компанид цементний үйлдвэр барих газар олгожээ. Олгосон газар нь Сэргэлэн сумын 1-р баг буюу 4-р зөрлөг юм. Зөрлөгийн айлуудын дунд  баригдаж байгаа энэ цементний үйлдвэр иргэдийн эрүүл мэндэд хор учруулахгүй гэсэн баталгаа байхгүй.  Иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг тооцоололгүй өгсөн газраа Ц.Мэндсайхан 5 тэрбум төгрөгөөр үнэлсэн гэж нутгийн иргэд ам дамжин ярьж байна. Тиймээс  ч үнэхээр 5 тэрбумын авилга авсан эсэхийг нотолж өгөхийг нутгийн иргэд хүсч байгаа нь энэ юм.

Мөн “Буян” компанид 1 тэрбум 500 саяар газар зарсан гэж хардаж байна. “Буян” компани нь мөн л Сэргэлэн сумын 1-р баг буюу 4-р зөрлөгийн айлуудаас ердөө км хүрэхгүй газарт оршуулгын газраа барьжээ. Тохижилт үйлчилгээ сайн хэдий ч үхсэн хүнээс 20 гаруй төрлийн хорт бодис ялгардаг. Тэр хорт бодисууд нь удмын санд нөлөөлөх, хавдар үүсгэх, даралт ихэсгэх, халдварт өвчин тараах зэрэг аюултай. Эрдэмтдийн гаргасан судалгаагаар нас барсан хүнээс 20 жилийн дараа л хорт бодис ялгархаа болидог байна.  Ц.Мэндээ дарга нутгийнхаа иргэдийг цементний үйлдвэр дунд, үхэгсдийн ертөнцийн хажууд ийнхүү амьдруулж байна. “Буян” компанийн хувьд аль болох нийслэл хоттой ойр газар авахыг бодсон биз, харин Ц.Мэндээ дарга иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг 1 тэрбумаар үнэлсэн бололтой. Сэргэлэн сумын 1-р багийн газар нутаг олон хүний арааны шүлсийг асгаруулсан байршил. Учир нь Улаанбаатараас ердөө 45 км.ийн зайд, Налайхаас 7 км.ийн зайд мянганы зам дагуу байрладаг гээд ашигтай олон зүйлийг тоочиж болно. Тиймээс ч Улаанбаатартай ойрхон Сэргэлэн сумын газар олон ч хүний шуналыг хөдөлгөж, шуналынх нь ачаар Ц.Мэндсайхан дарга ч их хөлжсөн гэж хардаж байгаа юм.

Ц.Мэндсайхан даргын зарсан газрууд үүгээр ч дуусахгүй. Сэргэлэн сумын  Хөшигтийн хөндий гэх газар  ОУ-ын нисэх онгоцны буудал, Майдар төсөл хэрэгжиж байгаа гээд суманд газар авах сонирхолтой иргэд, хувийн аж ахуйн нэгжийн тоо сүүлийн хэдэн жил олширсон. Энэ бүрээс авилга хээл хахуул авч газраа зарсан нь хэдэн арван хуудас болон хөвөрнө. Бясалгалын гэх нэрийдлээр газар өгсөн, Улаанбаатар хот, Төв аймаг хоёрын хооронд ой модтой газруудыг зараад дууссан, Монросцветмет компанид газар зарсан гээд олныг нутгийн иргэд хэлж байгаа юм. Авилгатай Тэмцэх Газрынхаан Ц.Мэндсайханыг газрын наймаагаар баяжсан эсвэл үгүй гэдгийг нь тогтоож өгөөч. Эс бөгөөс Ц.Мэндсайхан нутаг орондоо ч нэр хүндгүй байж, нутгийн иргэд нь ч газрын наймаагаар хөлжиж, харь элгийнхэнд,  хаа хамаагүй улсад газар тараасан гэж хий хоосон хардаж суумааргүй байгаа юм. Бүтэн жилийн өмнө иргэдийн өгсөн өргөдөл гомдол одоо хүртэл шийдэгдээгүй байгаа учраас эхлэхдээ л хэлсэн шиг та бүхнийг АН-ын гишүүдийн хэргийг шалгахгүй өнгөрч байна гэж шүүмжилж, хардаж суухаас өөр арга алга.

   Авилгын хэрэгтэй холбоо хамааралгүй ч Ц.Мэндсайхантай холбоотой хэдэн зүйлийг нэмээд хэлье. Ц.Мэндсайхан 8 жил Сэргэлэн сумын засаг даргаар ажиллахдаа нэг өдөр ажлын өрөөндөө бүтэн сууж үзээгүй. Хотоос ажилдаа явдаг. Долоо хоногийн 2-3 өдөрт нь л газрын зөвшөөрөл дээр гарын үсэг зурах гэж ирчихээд явчихдаг байсан тухай нутгийн иргэд халаглан ярьж байлаа. Мөн Ц.Мэндсайхан нь орчин цагт “ховор” дарга нарын нэг. Тодруулж хэлбэл шашин төрийг хослуулан баригч. Далай ламыг үнэнхүү шүтэж биширдэг болохоор байсхийгээд л Энэтхэг, Төвдийн орныг зорьдог байж. Ирэхдээ нутгийнхаа иргэдэд арц, хүж, зангиа, далай ламтай авахуулсан зураг зэргээ тараадаг уламжлалтай. Настайчууд нь баярлаад авдаг байсан ч ажил хийж, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн оронд арц, хүж тарааж суух нь засаг дарга хүний хийх ажил мөн үү? Ер нь Энэтхэг, Төвд рүү ямар мөнгөөрөө ойр ойрхон яваад байна гэж хардаж эхэлсэн байна. Найр наадам хийх болбол сайн зохион байгуулчихдаг хэдий ч найр наадам хийж, арц хүж тарааснаараа иргэдийн амьдрал сайжирдаг бол сайжирхаараа нэг болсон. Уншигч та  Ээж хайрханд мөргөх замдаа Төв аймгийн Сэргэлэн сумаар дайраад нэг гараарай. Найман жил нэг сумыг удирдсан дарга “сайн” байсан бол арай ч ийм байхгүй дээ гээд халаглаад л өнгөрөх вий. Харин сүүлд баригдсан барилга байгууламж нь одоогийнх нь засаг даргын хийсэн ажил шүү гэдгийг сануулаад дуулгая. Ийм дарга тэгээд яахаараа 8 жил нэг сумыг ноёлчихдог байна гэж бас та гайхах биз. Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчид баталдаг. Магадгүй тэднийгээ авилгадаад, аргалаад байсан байхыг нь үгүйсгэхгүй. Хурдан хүлэг агсаж, жийп хөлөглөж, Лхасын орноор байнга зорчиж, Зайсанд тухалсан Төв аймгийн ИТХ-ын дарга, Сэргэлэн  сумын засаг дарга асан Ц.Мэндсайханы тухай чухал баримтуудыг дэлгэж шударга бустай дайн зарласаар байх болно.

Үргэлжлэл бий...

У.Сэргэлэн