УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтан болон бизне­сийн хүрээнийхэн олноороо эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.

Гэвч зарим хэрэг нь мөрдөн байцаалтад удааширч, намж­мал байдалд орсон юм. Тод­руулбал, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг мөрдөн байцаалтын шатанд удааширч байгаа билээ.

H.Хүрэлбаатарын хэргийг прокурорт шилжүүлжээ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хэргийг өн­гөрсөн оны сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт хянаж бай­сан ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Түүнийг Эрүүл мэндийн сайд байх үедээ тендер будлиантуулж, өөрийн компанийн нэр дээр эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан, нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний юань олдсон нь авлига авч, албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэж хуулийнхан буруутгасан юм. Гэвч алга болсон сейфтэй мөнгө­нөөс үүсэлтэй Н.Хүрэлбаатарын хэргийг цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт өгч байсан ч хүлээн аваагүй юм байна. Иймд АТГ-аас Н.Хүрэлбаатарын хэргийг шалгаж, Дүүргийн I прокурорын газарт дахин шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага хэргийг хянаж байгаа ба удахгүй шүүхэд шилжүүлэх бололтой. 400 сая гаруй төгрөгтэй сейфээ алдсан .Энхбатыг Н.Хүрэлбаатарын нууц хүү хэмээн мэдээлж байсан ч энэ нь нотлогдоогүй байна. Тиймээс энэхүү их хэмжээний мөнгө Х.Хүрэлбаатарт холбоогүй болж байгаа гэж ойрын эх сурвалж мэдээлэл өглөө. Н.Хүрэлбаатар өөрийн холбогдсон хэрэгтээ нэг их санаа зовохгүй байгаа гэнэ. Хэргийг эцэслэн шийдсэний дараа олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө гэдэг тайлбар өгч байгаа юм. Тэрбээр эрүүл мэндийн салбарт санаагаа чилээж яваа ажээ. Эрүүл мэндийн салбарын хурал, чуулганд оролцсон шиг яваа юм. Салбарынхаа талаар ном, уран бүтээл туурвиж байгаа ажээ.

Ш.Батхүүд холбогдох хэргийг шалгаж дууссан байна

“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлд­вэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам.доллар зээлж эргүүлэн төлөөгүй хэрэгтээ эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа билээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажлын хэсэг гарган шалгасан. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусах шатандаа орсон ч, Ш.Батхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж, “Стандарт” банкнаас зээл авсан гэх асуудал хараахан тодорхой болоогүй байгаа ажээ. “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрын шүүхэд хандсан. Иймд Монголын талаас “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” компани Ш.Батхүүд баталгаа гаргаж өгөөгүй гэдгээ мэдэгдэж тайлбар, холбогдох мэдээллийг Арбитарт өгсөн байна. Иймд Арбитрын шүүхээс Ш.Батхүүг хуурамч бичиг бүрдүүлсэн эсэхийг тогтоосны дараа Ш.Батхүүгийн эрүүгийн хэрэг хэрхэх, прокурорт шил­жүүлэх асуудал яригдах бололтой. Ш.Батхүүгийн хэргийн үйл явц ийм байгаа ч тэр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас Клиникийн нэгдсэн төв эмнэлэгт шилжиж, биеэ эмчлүүлсэн. Сар орчмын хугацаанд эмнэлэгт хэвтэн физик эмчилгээ хийлгэсэн. Одоо 461 дүгээр ангид хоригдож байгаа юм байна.

Н.Номтойбаяр, Г.Нямдорж нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

УИХ-ын гишүүн Н.Номтой­баярыг бааранд танхайрч хүйтэн мэсээр бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалга­сан. Хүзүүндээ зүсүүлсэн гэх “мун­зуй” хочит Г.Нямдоржид мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Н.Номтойбаяр, Г.Нямдорж нарт холбогдох хэргийг Дүүргийн I прокурорын газарт шилжүүлсэн ч хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд дахин мөрдөн байцаалт явуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шилжүүлжээ.

Г.ТҮВШИН