Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга М.Даваажаргал Япон улсын иргэн боллоо. Энэ тухай Японы Засгийн газраас өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор зарласан байна.

Тэрбээр өглөөний бэлтгэлийнхээ дараа Токиогийн Миягино ордны өмнө цугласан сэтгүүлчдэд хандан “Би өнөөдөр албан ёсоор Япон улсын иргэншилтэй боллоо. Сүмо бол миний амьдрал. Зодог тайлсан ч тогтвортой ажиллаж, дэвжээгээ удирдахын тулд Япон улсын иргэн болохоор шийдсэн. Би сүмогийн ертөнцөд нэгэн сэтгэлээр 18 жил зүтгэсэн. Энэ хугацаанд өөрийгөө болон сүмо бөхийн нэр хүндийг унагасан ичгүүрт явдал гаргаагүй. Сүмог хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж, шаргуу ажиллана. Рэйва эринд шинэ Хакухог харуулах болно.

Би өнөөдрийг хүртэл Монгол орноо л сэтгэлдээ тээж ирсэн. Харин одооноос Монгол, Япон улс миний сэтгэлд эн тэнцүү байр суурьтай орших болно. Хоёр улсын төлөө зүтгэх нь намайг илүү хариуцлагатай байхыг шаардана. Би үүнд бэлтгэлтэй байгаа. Эх орон нэгтнүүд минь намайг иргэний харьяаллаа өөрчлөхийг эсэргүүцэж байсан. Гэхдээ аав минь нас барахынхаа өмнө “Өөрийнхөөрөө шийд” гэсэн нь надад зориг өгсөн. 

Миний аав 1964 оны Токиогийн олимпоос медаль хүртсэн тамирчин. 2020 оны Токиогийн олимпыг аавтайгаа үзэж, нээлтийн ёслолын үеэр ёкозүнагийн ёслол хийнэ гэж боддог байлаа. Харамсалтай нь мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Гэхдээ аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Аавыгаа нас барснаас хойш нэг жилийн дараа иргэншлээсээ татгалзах тухай өргөдлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Миний хүсэлтийг өнгөрсөн зургаадугаар сард шийдвэрлэсэн. Ирээдүйд шилдэг сүмочдыг бэлтгэж Японы сүмогийн холбоо, хөгжөөн дэмжигчдэдээ бэлэг барина” хэмээжээ. Ийнхүү Хакухо АНУ-ын харьяаллаа цуцлуулсан Акебоно, Мусашимару нарын дараа Японы иргэншил авсан гурав дахь ёкозуна боллоо. "Асахи шимбун” сонинд “Ёкозуна Хакухо Японы иргэн болсон бөгөөд дэвжээний эзэн болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш зоримог алхам хийлээ. Түүнийг цаашид Мөнхбатын Даваажаргал гэх жинхэнэ нэрээр нь дуудахгүй. Хакухо Шо гэх хүндэтгэлийн нэрээр нь Японы хууль ёсны бичиг баримтад бүртгэжээ. Японы сүмогийн холбоо түүнд эргэлзэж байгаа аж. Тэд “Хакухо бол гайкокүжин (гадаадын иргэн) юм. Тиймээс Японы уламжлал, соёлын цогц болсон сүмо бөхийн дэвжээг дэг жаягийн дагуу удирдаж чадахгүй. Дэвжээ бол манай холбооны нэг хэсэг. Манай уламжлалыг үргэлжлүүлэх бөхчүүд дэвжээнээс төрдөг хэмээн мэдэгдсэн. Ер нь сүмогийн холбоо гадаад гаралтай бөхчүүдийг дэвжээний эзэн болохыг дэмждэггүй. Гэхдээ мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан сэкивакэ Кёкүтэнхо өдгөө “Томозуна” дэвжээг амжилттай удирдаж байна.

Хакүхо бол мэргэжлийн сүмод олон дээд амжилт тогтоосон гайхалтай бөх. Монголоос гаралтай ёкозүна болох Асашёорюү, Харумафүжи нар сүмогийн хууль зөрчсөний улмаас зодог тайлж байсан” гэдгийг дурдсан байна. Японы Иргэн харьяатын газраас түүнд зодог тайлсныхаа дараа дэвжээний эзэн болох хүсэлт гаргасан тохиолдолд иргэншил олгохоор болсон аж.

“Споничи”, “Асахи Шимбун” зэрэг хэвлэлд  онцолсноор Хакухо удахгүй зодог тайлах бөгөөд ояаката буюу дэвжээний эзэн болох бэлтгэлээ хэдийнэ эхлүүлжээ. Гэхдээ Хакухо 2020 оны зуны олимпоос өмнө зодог тайлахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин