Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх албан хэрэгцээний унааг хувийн хэрэгцээнд ашиглаж буй бичлэг цахим орчинд түгсэн. Үүнээс шалтгаалж түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.


-Таныг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Хэний ямар тушаалаар таныг чөлөөлөв?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал наймдугаар арын 8-нд миний гурван сарын цалинг 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан байдаг. Удалгүй тухайн тушаалыг хүчингүй болгож 19-нд албан тушаалаас нь халах тушаал гаргасан байна лээ. Өнөөдөр миний оронд Минжигдоржийн Найданхүү гэж Ё.баатарбилэг сайдын зөвлөх томилогдож байгаа юм байна. Миний хувьд мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг сүүлийн долоо найман жил хамгаалж ирсэн байдаг. Г.Чадраабал, Н.Эрдэнэцогт, Ё.Загдсүрэн, Б.Минжиддорж нарын манай үе үеийн захирлууд улсын байгууллагын мэдлийн тусгай хамгаалалттай газрыг хувааж аваад амины орон сууц барьчихсан. Би тухайн улсуудын төлөөллийг дуудаж уулзаад энэ асуудлаа зогсоохыг шаардсан л даа. Өнөө хэд маань “Чи ч гэсэн энэ газарт байшин барьчих, асуудлыг ингээд л шийдчихье” гэж хэлсэн байдаг. Шинээр томилогдоод байгаа Найданхүүгийн аав Б.Минжиддорж мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг “Аж ахуй эрдэм шинжилгээний сургалтын зориулалтаар ашиглана” гээд хувьдаа гэрчилгээ авчихсан байгаа.

-Таныг ажлаас чөлөөлөх үндэслэл юу байв. олон нийт бол албаны унаагаар Өвөрхангай аймагт зугаалж яваад халагдчихлаа гэж харж байгаа байх?

-Өнгөрсөн сарын 19-нд л дөө. Би Өвөрхангай, Өмнөговь аймгуудаар явах албаны ажилтай байсан юм. Тухайн үед миний жолооч олон жил ажилласан учраас хөл гар нь өвдөөд машин барих боломжгүй болсон. Иймээс хүү маань бариад түрүүлж очсон. Ингээд найман нуур руу хэдэн хүн хүргэж өгсөн юм билээ. Яг энэ үед нь араас нь дагаад бичлэг хийгээд нийтийн сүлжээнд цацчихсан. Үүнийг Зариг.мн гэж сайтынхан өлгөж аваад “Батсүхийг чөлөөл” гээд сайд руу гүйсээр байгаад л санасандаа хүрч байгаа нь энэ юм болов уу даа.

-Та албаны унаа ашиглаад гэр бүлээрээ зугаалж явсан юм биш үү. албан ажлаар, томилолтоор явсан гэдгээ яаж нотлох юм?

-Томилолтын нотлох баримт нь захирал дээр байгаа. Шаардлагатай гэвэл харж болно.

-Чөлөөлөгдөх болсон үндэслэлээ та харсан уу. Үндэслэл нь юу байна?

-Тодорхойгүй юм билээ. Хууль зөрчсөн шийдвэр гэж ойлгож байгаа. Эрдэм шинжилгээний хүрээлэнг төрийн албан тушаалтан ирж удирдаж байгаа нь цаагуураа ашиг сонирхлын зөрчилтэй байна л гэж харж байна.

-Архангай засаг дарга Ц.Мөнхнасан та хоёрын дунд үл ойлголцох байдал үүсч зодоон болсон гэсэн. Энэ талаар та цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна лээ. Энэ асуудлын талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 26-ны шөнө л дөө. Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан над руу залгаад байсан юм. Ингээд манайд бага зэрэг халамцуу орж ирсэн. Хүндэтгээд сууж байсан чинь өнөөх маань “чи ер нь ажлаа зүгээр өгчих” л гэж байна. “Би ч ашиг сонирхлын зөрчилтэй хүнд өгөхгүй” гэж шууд хэлсэн. Үүний төлөө л миний биед халдсан. Намайг зодуулаад ухаан адчихсан байхад цагдаа нар ирсэн байна лээ. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Ер нь шинээр томилогдсон захирал М.Найданхүү, түүний аав Б.Минжигдорж нар бүгд Архангайн хүмүүс л дээ. Эд нар хамтарч том төсөл дээр ажиллаж байгаа. Ингээд намайг албан тушаалаас халахгүй бол болохоо байсан юм шиг байгаа юм. Сонгон шалгаруулалт зарлаад хүн гарч ирсэн бол би амжилт хүсээд л албан тушаалаа өгнө. Сайдын зөвлөх ирээд л эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жолоо атгадаг асуудал байж болохгүй.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн даргын төлөөх албан тушаалын төлөөх өрсөлдөөний цаад ашиг сонирхлыг та яаж харж байна вэ?

-Би яриандаа дурдсан. Энэ хүрээлэнгийн газартай л холбоотой гэж харж байна. шинээр томилогдоод байгаа Найданхүүгийн аав Минжигдорж гуай 1988-1996 хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан хүн. Одоо зөвлөхөөр ажилладаг. Гэр бүлийн аав, хүү хоёр улсын байгууллагын жолоог атгаад явж болох уу. газрын асуудлыг эсэргүүцэхэд намайг түлхэж байна л даа. Минжигдорж гуай ч эндээс хувьдаа газар авч гэрчилгээ гаргаж авсан.

-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хэдэн га газартай байв. Одоо хэдэн га газартай үдсэн бэ?

-Анх 16 орчим га талбайтай байсан. Одоо бол 5-6 га талбайтай л байна. 10 гаруй га талбайд нь үе үеийн дарга нар нь том том амины орон сууц барьчихсан. Харин суудлаачид ажилтнууд нь жижигхэн тоосгон байшинд тух муутай амьдарч байна. Мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах боломжгүй гэж акталсан барилга шүү дээ.

М.НАЙДАНХҮҮ: МИНИЙ ААВД БОЛ ТУХАЙН ҮЕИЙН ЗАХИРАЛ НЬ ГАЗРЫГ БЭЛЭГЛЭСЭН ЮМ БИЛЭЭ

Бид Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинэ захирал М.Найданхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Хуучин захирал Т.Батсүх ямар үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бэ. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна?

-Албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэх үндэслэлээр ХААИС-ийн ректорын шийдвэр гараад л халагдсан. Ингээд л би ажлаа хүлээж аваад сууж байна.

-Та ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ АТГ-т шалгуулсан уу?

-Би Норвеги улсад байж байгаад өнгөрсөн зургадугаар сард ирсэн. Ингээд Боловсролын сайд Ё.Баатарбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхдээ АТГ-т мэдүүлгээ өгсөн.

-Танд Мал аж ахуйн эрдэм шинжилгэний хүрээлэнгийн даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилүй гэсэн бичиг байна уу?

-Яамны сайдын зөвлөхөөр ажиллахад зөрчилгүй гэсэн бичиг байгаа. Хүрээлэнгийн захирлаар ажиллахад зөрчилгүй гэх бичиг удахгүй ирэх байх.

-Ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирсний дараа албан тушаалаа хүлээж авах нь хууль ёсных юм биш үү?

-Би бол ажил сайжруулах зорилготой л энд ирж байгаа. Ажил зогсчихоод байна шүү дээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлаас авахуулаад хийх ажил их байна. Сонгон шалгаруулалт зарлах бол би оролцоход бэлэн байгаа.

-Таны аав Б.Минжигдорж гуай хүрээлэнгийн тусгай хамгаалалттай газрыг өөрийн нэр дээр таван жилийн хугацаатайгаар шилжүүлсэн байна. Хүрээлэнгийн мэдлийн газрыг нэг хүн хувиараа эзэмшиж болдог юм уу?

-2009 оны асуудал л даа. Аавын нэр дээр одоо болтол ашиглагдахгүй байж л байна. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж нэрлэхэд хаашаа ч юм дээ. газар авсан хүмүүс олон байгаа шүү дээ. ганц миний аав авчихсан юм биш. Ёс журмаар нь л авсан. зүй ёсны асуудал. энд газар авсан хүмүүс газраа буцагаад өгвөл аав ч буцаагаад л өгнө. Миний аав гавьяат мал зүйч цолыг 2009 онд хүртэж байсан. Үүний дараа бэлэглэсэн юм билээ.

 

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 16 га газартай байжээ. Ё.Загдсүрэн, Г.Чадраабал, Н.Эрдэнэцогт, Минжигдорж нарын үе үеийн захирлууд нь хувьдаа авч, амины орон сууцаа барьжээ. Хүрээлэнгийн мэдэлд 5-6 газар л үлдээд байгаа аж. Хүрээлэнгийн хашаанд дээрх албан тушаалтнуудын хоёр ч томоохон амины орон сууц сүндэрлэсэн харагдсан. Ноцтой нь барилгын урд талд арван хэдэн давхар шаргал байшин сүндэрлэжээ. Улсын хамгаалалттай газарт боссон энэ барилга “Sunday” групптэй холбоотой талаар Т.Батсүх захирал хэлж байсан юм. хүрээлэнгийн мэдлийн газарт амины орон сууц барьсан асуудлыг холбогдох байгууллагууд шалгах цаг ирсэн байна шүү.

 

Өдрийн сонин