"МИАТ"-ын хэл ам дуусахгүй нь
2014/03/18
Зураг дээрх барилга бол нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Махатма Гандигийн гудамжинд "Жаргалант" хороололд байрлах нэгэн оффис барилга юм.
Уг барилгыг анх хэн бариулсан нь тодорхойгүй боловч анхлан Ренбүүчий хийдийн түвд, монгол лам нар сууж байсан, сүмийн үйл ажиллагаа явагдаж байсныг хөрш болон ойр орчмын байшингийн оршин суугчид хэлж байна.
Яагаад энэ байшинг онцлон дурдаж байна гэхээр одоо энэ байшинд лам нар суухаа больжээ. Баттай эх сурвалжийн өгүулснээр манайдаа тансаг барилгад орох энэ байшинг "МИАТ" ХК-ийн өмнөх удирдлагын хүмүүс буюу өдгөө хорих ял эдэлж байгаа "МИАТ"-ийн экс захирал Б.Эрдэнэбилэгт, Ц.Орхон нар тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан байна.
Худалдаж авсан даруйдаа лам нарыг бурхан номтой нь хамт гаргажээ. Энэ нь төрийн өмч хөрөнгийг шамшигдуулан, мөнгө угаасан хэрэгт ял эдэлж байгаа Б.Эрдэнэбилэгт, Ц.Орхон нар "МИАТ"-ын мөнгөөр дураараа дургиж байсан, тэдний "засаглалын" үетэй таарч байгаа нь үйл явдлыг нотолж байгаа юм.
Одоо энэ байшинд нэгэн эмэгтэй амьдардаг аж. Биднийг очиж энэ талаар асуухад ойр орчмынхон, хөршүүд, хамгаалалтын албаны жижүүр үүнийг батлан хэлж байв. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тэр эмэгтэй "МИАТ"-ын экс дарга нарын нэгний эхнэр юм байна.
Уг нь Б.Эрдэнэбилэгт, Ц.Орхон нар баригдаж хоригдоход тэдний эзэмшилд байх эд хөрөнгийг төрөөс (ШШГГ) битүүмжлэн хураасан билээ. Харин энэ байшин
битүүмжлэлээс үлдсэн бололтой. Үүнийг холбогдох байгууллага, газрынхан мэдэх биз хэмээн барилгын асуудлыг түр орхиж байна.
Гэхдээ бид энэхүү мэдээллээрээ юу хэлэхийг зорьсон гэхээр татвар төлөгчдийн хөрөнгө мөнгөөр төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, байгууллага, компанийн удирдах нөхдүүд хэрхэн тансаглаж байдгийн нэг жишээ болгон үйл явдлыг дурдсан юм.
Ер нь "МИАТ"-д юу болоод байна вэ гэсэн асуултыг тавих бүрт ихэнхдээ "Юм юм л болж байдаг ш дээ" гэсэн хариулт сонсогддог. Ослын буулт, олон өдрийн хүлээлгэлт, хүнд суртал, хөрөнгө шамшигдалт гээд дуулдахгүй юм үгүй. Саяхан гэхэд "МИАТ"-ийн талаарх ээлжит сенсаац гарч, энэ удаагийн шуугианы эх үүсвэрийг тус компанийн газар, хэлтсийн дарга нар болох ноён С.Билэгсайхан, Ц.Бат нарын хэрүүл маргаан тавьж өгсөн билээ.
"МИАТ"-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайханы ярьснаар манай улсын иргэний агаарын үндэсний тээвэрлэгч компани маань өнгөрсөн хоёр жилд дараалан 4-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж иржээ. Харин өнгөрсөн оноос эхлэн ашигтай ажиллаж байгаа юм байх.
Ноён С.Билэгсайханы өгүүлснээр 2.9 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Ингэснээр ажилчдаа 300 сая төгрөгөөр урамшуулсан байна. Саяхны жишээ хэмээн тэрээр ярилцлагадаа дурдсаныг бодвол энэ урамшуулалт шинэ оны босгон дээр болсон бололтой.
Тэгсэн хэр нь "МИАТ" өнгөрсөн хоёрдугаар сард буюу цагаан сарын дараахан ажилчдынхаа цалинг тавьж өгч чадахгүй санхүүгийн чадваргүй байдалд ороод байсан гэх юм. Сарын өмнөхөн ажилчдаа зуун зуун саяар нь шагнаж байсан компани шүү.
Тийм учир Өмнөд Солонгосын "Seyou" компаниас манай талд өгч хамтран ажиллая гээд байсан таван сая ам.долларыг "МИАТ" аргагүйн эрхэнд авсан бололтойдог. Ноён С.Билэгсайхан ингэж өгүүлсэн юм. Ийнхүү төрийн өмчит "МИАТ" компанийн талаарх дуулиан шуугиан, хэл ам дуусахгүй нь бололтой.
С.Пүрэв
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин