НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар  нарыг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн. Уг урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 07-ны өдрийн 10:00  цаг хүртэл хойшилсон юм. 

Тодруулбал, яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  82.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тус зүйл ангид   82 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахад оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж тус зүйлийн тайлбарт заасан байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод буй уг урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах, эсвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.