Хүсэхэд хясна гэж нэг үг бий. Энэ цагт бол хэдэн муу залуусаа гоочилж харийнхныг шүтэх үзэлд нэвт нэрвэгдчихсэн барилгын салбарт хүч бяраа үзэж яваа үндэсний цөөнхид хөндлөнгөөс дайх үг байна.

Харийнханд хҮрд эргҮҮлэх боломж бҮҮ Өг
Монгол Улсын бүтээн байгуулалтын хөрсөнд хэ­дийнэ харийн үр үндэслэж үндэсний технологи, школ гэх зүйл баларч буй энэ цаг үед монгол залуусаа бүтээн байгуулалтын гол зэвсэг болгож тэднийг мэргэжилтэй, чадавхжсан ажиллах хүчин болгоё. Ингэхийн тулд мэдээж энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг их, дээд сургууль, барилгын коллеж, МСҮТ-үүдийн сургалт, арга барилыг чанаржуулахад тө­рөөс анхаарах хэрэгтэй. Ямагт энэ салбарт “юко” үнэлгээ авдаг Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам иргэнийг энд хийх ажилгүй болтол нь шахъя. Монгол залуус тэднээс юугаараа дутуу юм.
Монгол залуус чадавх­жиж, боловсорч байна.

Худлаа гэвэл гарнаасаа салсан ч модоор Монгол гэрийн хэв загварыг шинэчилж хачин уран нарийн хээ сийлбэр бүхий өргөө бүтээж байгаа олон зуун залуустай саяхан таарав. Үүгээр амжилттай, ажилтай яваа залуусын жагсаалт дуусахгүй. Тэд хачин их зориг, тэнхээтэй болж байна. Олимп, тив дэлхийд хүч бяраараа гайхууллаа. Арга ч үгүй биз. Тэдний цусанд энэ чанар бий. Үүний жишээ болсон эгэл баатруудыг сонин хэвлэлээр бишгүй л тодруулдаг. Тэд оюуны өндөр чадвартнууд. “Монголын оюун ухааны академи”-ийг жишээлж болж байна. Энэ мэт манай залуус барилга бүү хэл нарийн орчинд ажиллах чадвартай болжээ.

Хэдий болтол барилгынхан монгол залуусаа голж харийн хазгай хэлтнүүдэд хүрд эргүүлж, хүүхнүүдийг нь богтлох боломж олгосоор байх вэ.

Бурууг бусдаас бус өөрсдөөсөө хайцгаая. Цаг барьж, архи хэрэглэдэггүй, “босс”-уудынхаа өмнөөс хэлээ залгичихсан юм шиг байгаагүйнхээ төлөө тэд автоматаар энэ салбараас шахагдаж, үгүй бол туслах ажилтнаас дээшээ ахидаггүй гунигт тавилантай болчихсон бурууг энэ салбарын толгойд сандайлж суучихаад буухгүй байгаа эрхмүүд үүрэх ёстой. Тэгээгүйсэн бол барилгын салбарт 30 мянган харь залуу ажлын амттайг нь нугалж, сард 1-2 сая төгрөг халааслаж байх зуурт манай улсын хөдөлмөрийн чадвартай 100 гаруй мянган залуусын 40-өөд мянга нь Өмнөд Солонгосыг зорьж хамаг залуу насаа харийн бүтээн байгуулалтад зориулахгүй байх байлаа. Тэгээгүйсэн бол энэ тооны охид бусдын хүүхдийг тээж орон гэр эзэнгүйдэхгүй байв. Харьд суугаа залуусынхаа хүчийг эх оронд нь ашиглая.

2012 оны эхний таван сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 58.2 мянга болж ажилгүйчүүд өмнөх оны мөн үеийнхээс 15.4 мянган хүнээр нэмэгдсэн бол 2013 оны нэгдүгээр сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 21 мянган хүнээр буюу 36 хувиар буурчээ. Тэгвэл 2014 оны хоёрдугаар сарын байдлаар ҮСХ-ны судалгаагаар 41.6 мянга байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлт гэнэ. Энэ тоон үзүүлэлт үнэхээр үнэн, ажилгүйдэл буурч байгаа бол монгол залуус яагаад гудамж метрлэсээр байна вэ. Хэзээд хүний мөрөөсөл болсон барилгын салбарт бодлогоор залуусаа бэлтгэе.

БАРИЛГЫН САЛБАРТ ЭРҮҮЛ ЗАХ ЗЭЭЛИЙГ ТӨР ЯАГААД БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ

Сүүлийн үед орон сууцны үнэ эрчимтэй өсөж байна. Өнөөгийн байдлаар энгийн орон сууцны метр квадратын үнэ бараг хоёр сая төгрөгт дөхөв. Энэ нь 30 метр квадрат буюу багахан талбайтай орон сууц худалдан авахын тулд 60 сая төгрөг төлөх хэрэгтэй гэсэн үг. Эсвэл 20 жилийн хугацаатай, дор хаяж сарын 600 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгээр банкнаас зээлээр авч болно. Энэ нь олон улстай харьцуулахад дундаж цалин харьцангуй бага манай орны иргэдийн хувьд хүнд сорилт билээ. Хэдийгээр ипотекийн зээлийг төр арилжааны болон төв банктай хамтарч гаргаж байгаа ч иргэдэд ээлээ өгөхгүй байна. Учир нь энэ зээл бага хүүтэй ч гэлээ орон сууцны эрэлт дагасан үнийн хөөсрөлтийг бий болгочихлоо. Ийм байдал үүсэхэд төрийн оролцоо давамгайллаа гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Хэдийгээр үнийн ийм савалгаан дунд иргэдийн амьдрал хөвөрч байгаа ч хэрэгцээ шаардлага байгаа учир иргэд урт хугацаанд өндөр хүү төлөөд ч болов орон сууцанд орохыг эрмэлзсээр байна. Мэдээж орон сууцны үнийг өсгөхөөс өөр аргагүй хэмээдэг барилгын компаниудын хувьд ядуурсан уу гэвэл үгүй. Тэгвэл орон сууцны үнэ яагаад өсөөд байна вэ. Үнийг хямдруулах боломж бий юу. Үнэндээ энэ талаар сүүлийн хэдэн жил тасралтгүй ярьж ирсэн. Үр дүнд нь орон сууцны үнэ буурах бус нэмэгдсэн билээ. Бүр яамнаас анх 4000 айлын орон сууц хөтөлбөрийг зарлаж байхад орон сууцны метр квадратын үнийг 650 мянган төгрөг байх бололцоотой хэмээн мэдэгдэж, тооцоо судалгаатай нь танилцуулж, компаниудаас үнээ буулгахыг шахаж шаардаж байсан.

Гэвч энэ дүнг нэг ч компани мөрдөөгүй. Ядахдаа энэ шахалт нь орон сууцны үнийг тогтвортой барихад ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Энэ нь орон сууцны үнийг буулгах ёстой хэмээн яриад эсвэл шахаж шаардаад хэрэгжүүлэх бололцоогүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, ардчилал хөгжсөн оронд барилгын компаниудыг “үнэ нэмлээ” гэж чичилж муулахаас бус “буулга” хэмээн хүчилж болдоггүй аж. Энэ тохиолдолд бид яах ёстой вэ. Товчхондоо үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэх нь орон сууцны үнийг хямдруулах хамгийн боломжит алхам юм шиг. Нэг үгээр хэлбэл, нийлүүлэлтийг зохицуулж чадаагүй байж эрэлтийг өсгөж зээл олгосон нь төрийн алдаа байв. Алдаа гэхээс илүү сонгуулийн шоу байсан гэвэл хилсдэхгүй. Өнөөдөр өмнөх Засгийн газрын шийдвэр бүдгэрэн арилж, зургаан хувийн хүүгээр зээл авах мөрөөдөл дашийн шог болж байна. Эндээс төрийн бодлого шийдвэр иргэдийг хямд орон сууцтай болгох чиглэл рүү яваад байна уу эсвэл эсрэгээр хэрэгжээд байна уу гэсэн эргэлзээнд хүргэж байна.

ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦЫГ ИНГЭЖ БАРЪЯ

Элс, хайрга, тоосго, блок, мод гэх мэт барилгын гол түүхий эд манайд ямар ч үнэгүй. Монголд юу л байна шороо, ус, ажиллах хүч байна. Орон гэрийнхээ хана, баганыг хүртэл гадныхнаар түшүүлэхээ болъё манайхан. Монгол хүн бүрийг эх орныхоо бүтээн байгуулалтад дуудъя. Ажилгүй иргэдийг барилгын салбарт бүртгэж, оюутнуудаар тоосго цохиулж, шавар зууруулж сургая. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүдийг дайчилъя. Үүн дээр нэмээд байр сав нь хүрэлцэхгүй, багтаж шингэхгүй байгаа өнөөх хоригдлуудыг ашиглая.

Ингэж чадвал харийнхан руу цацдаг цалин хөлс дотооддоо үлдэнэ. Зайлшгүй энэ салбарт чухал хэрэгтэй мэдлэг боловсролтой ажилчдад үлдэнэ. Ингэснээрээ бид ажиллах хүчинд зориулдаг мөнгөө асар их хэмнэх боломжтой болж байна. Юун Хятад, Солонгос барилгачид вэ. Тэд мартагдана. Нийслэлд барилга байтугай ундны ус хүрэлцэхгүй байна гэсэн дүн мэдээ хэн бүхнийг сэрдхийлгэсэн. Тэгвэл бодоод үзье. Бидэнд цас, борооныхоо усыг тосож, өнөөх муу усаа цэвэршүүлээд барилгын ус болгож ашиглах боломж байна. Бохир ус болон бороо цасныхаа ус ашиглалтаараа Сингапурыг жишээлдэг юм билээ. Тэд Малайзаас бохир усыг нь авч цэвэршүүлээд усны хэрэглээндээ зарцуулдаг байдлаас нь суралцъя. Тоосго, блок, шавар, элс, цемент, ус, мод, ажиллах хүч…бүгд үнэгүй байх боломжтой байхад чанаргүй, өндөр үнэтэй орон сууц Монголд моод болох хэрэг байна уу.

ДӨНГӨЖ ЦУХАЛЗАХ ҮНЭ ХААНААС ҮҮСЭХ БОЛОМЖТОЙ ВЭ

О.Магнай даргаас орон сууцны үнэ хямд байх боломжтой тухай сонсоогүй бол барилга, байшин шүтэх тэнэглэлтэйгээ зууралдсаар үлдэх байлаа. Барилгын салбарынхан ч өөрсдөө нэг бус удаа “Орон сууцны метр квадратыг нэг сая төгрөг болгох боломжтой. Орон сууцны үнийг бууруулах хамгийн зөв алхам бол барилгын компаниудыг төрөөс бодлоготойгоор дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Өмнө нь иргэдэд бага хувийн хүүтэй зээл олгож байна гээд эрэлтийг нэмсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болсон. Тэгэхээр эхлээд бид чанартай, үнэ боломжийн орон сууцнуудыг баръя. Үүний дараа үнэ аяндаа тогтворжино” гэдэг.

ОССК 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүх аймагт нэг ам метрийг нь 650-700 мянган төгрөгөөр, Улаанбаатар хотод 730 мянган төгрөгөөр орон сууц барьсан түүхтэй. Тэгвэл дэд бүтэц, газрын асуудлыг үнэгүй шийдвэл дээрх үнээр байртай болох боломжтой аж. Сайхан мэдээ шүү. Жишээ болгож Баянхонгор аймагт 30 айлын орон сууцыг метр.квадратыг нь 656 мянган төгрөгөөр, Говь-Сүмбэр аймагт 80 айлын орон сууцыг метр. квадратыг нь 239 мянган төгрөгөөр борлуулснаа ярьж байна. Тэгвэл барилгын салбарт 25 жил ажилласан “Дельта констракшн” компанийн Ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат ингэж ярьж байна. “Би Нийслэлийн захиргаанд “Инженерийн шугам сүлжээтэй газрыг нь үнэгүй гаргаад өгчих, би мкв-ыг нь 650 мянгаар бодоод дөрвөн жилийн хугацаанд 4000 айлын орон сууц бариад өгье” гэж захидал бичсэн байдаг юм билээ. Тэгэхээр энэ салбарын инженерүүдэд барилгыг хямд үнээр барих боломжтой жор байдгийг батлах шиг. Тэгэхээр яах аргагүй төр оролцсоноороо барилгын үнийг хөөрөгдөөд хөөсрүүлээд байна.

М.МӨНХТУНГАЛАГ