Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд нар өнөөдөр /2019.10.10/ Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд ажилласан тайлангаа ирүүлснийг танилцууллаа. Түр хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ:

 

ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос тайлангаа УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст 9-р сарын 6-ны өдөр ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариуг өгөх хугацааг хэтрүүлж, ноцтой алдаа гаргалаа. Гурав хоногийн өмнө гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ захидал бидэнд ирлээ.

 

МАНАНгийнхан нууж тоглодог юм байна, тэгвэл МАНАНтай тэмцэгчид тэр нууцыг нь ил болгоно. Л.Болд гишүүн бид хоёрт нууц задалсан хэргээр хоёр удаа Эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Нэгдүгээрт, Т.Чимэгээд архи өгч мэдүүлэг авсан байна гэж мэдэгдсэний төлөө Б.Хурц болон түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гомдол гаргасан ч энэ нь эрүүгийн хэрэг биш байна гээд хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг телевизээр үзүүлсний төлөө бас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч эрүү шүүлтийн бичлэг нь нууцаас хэдийнэ гарсан байсан тул энэ хэргийг хаасан.

Энэ удаа хууль бусаар “нууц” гэсэн дардас дарсан энэ бичгийг та бүхэнд үзүүлсний төлөө шоронд орох хэрэгтэй бол бид шоронд нь орно, эгэл жирийн Монгол иргэнийг эрүүдэн шүүх замаар хэрэг тулгаж, ялласан энэ булхайг ямар ч үнээр хамаагүй ил болгоно гэлээ.

Түр хорооны гишүүн Л.Болд “Бид ирэх даваа гаригт Белград хотноо болох ОУПХ-ны чуулганд оролцоно. Энэхүү хурал дээр Монгол Улсын байр суурийг хамгаалж, илтгэл тавина. Бид ямар ч бэлтгэлгүй байна. Яагаад гэвэл сарын өмнө ирсэн баримтыг дөнгөж өчигдөр Түр хороогоор хэлэлцлээ. Холбогдох хуулийн байгууллагууд нь бидэнд хариугаа өгч амжихгүй. Ямар ч байсан ОУПХ-ны дүгнэлтэд орсон асуудлуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэнэ” гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монголын төр эрх нь зөрчигдсөн эдгээр иргэнийг чөлөөлөөд, эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй бол Монголын төр өөрөө террорист болж харагдах төдийгүй Олон улсын шүүх дээр очих болзошгүй. Яагаад гэхээр хүний эрхийг зөрчсөн энэ том хуйвалдаанд Монголын төр өөрөө бүх шатанд нь оролцоод, гурван шатны шүүхийн шийдвэрийг маш богино хугацаанд гаргасан. Эрүүдэн шүүсэн процессийг нь бүгд мэдчихээд байхад энэ хэргийг сунжруулж доромжилж байгаа нь Монгол Улсын үйлдэж байгаа гэмт хэрэг гэж олон улсад ойлгогдоно.” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос ирүүлсэн тайланд тусгагдсан зөвлөмж, дүгнэлтийг сийрүүлбэл:

Ш Захиалагчийг мөрдөн шалгах үйл ажиллагаа, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна. Тухайлбал, хэрэгт холбогдолтой бичиг баримтуудтай танилцах боломжоор хангадахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна.

Ш Тагнуулын байгууллага гурван ялтанд зохиомол хэрэг тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.

Ш Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

Ш Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.

 

Ш С.Зоригийн гэр бүл болон өмгөөлөгчид, Түр хороонд гурван шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.

Ш Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалсан байна.

Ш Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзжээ.

Түр хорооноос хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад энэхүү тайланг яаралтай хүргүүлэх шийдвэр гаргасан байна. ОУПХ-ны дүгнэлт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дүгнэлт юм.