Эмийн сан уу, эмчийн зөвлөгөө өгөх газар уу
2013/04/02
Манай улсад эмийн сан олон, түүний хэрээр үйлчлүүлэгч нь ч олон. Эмийн замбараагүй хэрэглээтэй улс орон гэж хэлж болно. Ер нь улс оронд ямар өвчин давамгайлж бас аль насныхан өртөж байгааг нэг эмийн санд нэг цаг зогсоход бүгдийг нь мэдэж болмоор.
Эмийн санчид бүх хүн эмчид хандаж байгаа мэт өвчнөө тоочно.
Би ингэж өвдөөд, манай хүүхэд бас манай ээж эмээ гээд л бүгдийнх нь өвчний түүхийг ярина. Эмийн санч нуруу гэдсээрээ наалдан шахалдсан, бас болоогүй нэгнээ дараатай юм гэсэн шиг ёозгүй харсан хүмүүст ямар эм авах зөвлөгөөг саадгүй түргэн хэлж, энэ эмнүүдээс авч болно гэж өмнө нь эм өрнө.
Халдвартай, халдваргүй бүх л өвчнөө тоочих хүмүүст нууц гэж байхгүй, бусад нь ч анзаарах сөхөөгүй өөрөө л эмээ аваад хурдан явахыг бодно. Үйлчлэгч нь тэдэнд тааруулан энд тэндээс асуусан асуултад ээлж дараалалгүй хариулан эмээ ахиухан зарахыг бодно.
Манайхаас өөр газар энэ дүр зураг хошин шог мэт л харагдах, гэхдээ бүр эмгэнэлтэй шог мэт. Ойр зуурын өвчинд эмчийн үүд сахин цаг алдах, мөнгө зарах зэргээс энэ нь хамаагүй хялбар гэж үйлчлүүлэгчид үздэг. Монголчууд тариа л хийвэл сайн эмчилгээ гэж үздэг тухай эмч нар ярьдаг.
Биендээ дасал болтол хийсэн тариагаа бол хоол ундаа авч байгаа мэт хэнээс ч асуухгүй аваад л өөрөө өөртөө хийж орхино. Та өөртөө оточ гэдгийг эм тарианы хувьд сайн хэрэгжүүлдэгч өвчнөөс сэргийлэх талд болохоор сулхан. Энэ нь бид бүхэнд сонин содон биш ч харин гадныхан бол гайхаж ангайдаг юм билээ.
А.Жаргал
Зочин · 2013/04/03
харин тэгдэг юм балайнууд чинь..хорооллын эцсийн 31байрны аптекын эгч бүүр аймаар.миний авах гэсэн эм алга гээд гарах гэхээр тэр эм чинь хэрэггүй харин энэ эмийг ав тэр эмийг ав гээд өөрт байгаа бүх эмээ магтаад салахгүй чаргууцалдаад аягүй хэцүү.яг зах дээр дээр бараа зарж байгаа авгай шиг.тэд нар ч тэгэхгүй л дээ зайлуул.эм ямар оймс бандаашуу