infomongolia.com сайтын өнөөдрийн дугаарт нэгэн сонирхол татахуйц мэдээлэл нийтлэгджээ. "Монголд хамгийн анхны 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо" гэсэн гарчигтай энэ мэдээлэлд “Мон-Уран” компанийн өгсөн захиалгаар Японы “Никкен Сэккей”  /Nikken Sekkei/ компани энэхүү ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн бичжээ.
 
Монголын хүүхэд, залууст зориулсан томоохон газар бол хуучнаар Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн билээ. Харамсалтай нь, Хүүхдийн паркийг шинэчлэх, тохижуулан сайжруулах нэрийдлээр газраас нь хумсалсаар өдгөө  энэ газрын тал хүрэхгүй нь л зориулалтын дагуу ашиглагдаж байгаа юм. "Хүүхдийн паркаа аваръя" гэдэг хөдөлгөөнийг ч  өрнүүлээд амжилт олоогүй өнөөг хүрч байна. Тэгвэл паркийн газар дээр дахин нэгэн томоохон барилга сүндэрлэн босохоор гэрээ хийгдсэн нь ийнхүү ил болов. Энэ гэрээг “Мон-Уран” компанийн захирал Наранхүү хийсэн бөгөөд паркийн газрын нэгээхэн хэсэг дээр түүний 68 давхар барилга сүндэрлэх аж.

Дээрхи сайтад бичсэнээр бол "2014 оны гуравдугаар сарын 11-ны өдөр хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа. Никкэн Сэккэй группыг төлөөлөн Мицоу Накамура, Мон-Уран компанийг төлөөлөн Б.Наранхүү, Б.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа. Энэ бол Улаанбаатар хотод босч байгаа хамгийн анхны 68 давхар барилга юм. Хүүхдийн паркийн 110 метр талбайг эзэлсэн 250 метр өндөр 68 давхар барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор баригдана. Энэ барилга дотор орон сууц, таван одтой зочид буудал, оффис, худалдааны төв зэргийг дэлхийн стандартад нийцсэн шилдэг менежменттэй багийнхан хийж гүйцэтгэнэ.  Барилгын ажил 2014 онд эхлэн 2018 оны  арванхоёрдугаар сард дуусна" хэмээн бичжээ. 

Барилгын гүйцэтгэгч талыг төлөөлөн Мицоу Накамура "Энэ бол бидний Монголд хийж байгаа анхны ажил биш. Гэхдээ бид энэ  барилга дээр загварын өвөрмөц шийдлийг харуулж, нарийн ур ухаан зарцуулах болно. Эдийн засгийн өсөлттэй яваа Монгол Улсыг энэ барилга тодорхойлох болно" хэмээн мэдэгджээ.