Аливаа зүйлийн учир утгыг бүрэн мэдэхгүй, ойлгохгүйн улмаас  амьдралд тохиолдох элдэв асуудлын өмнө сөхрөөд ирэхээрээ олон хүн мухар сүсэгт автдаг. 

 Мухар сүсэгт хэт автах нь өөртөө итгэх итгэлээ  алдаж буй хэрэг юм.  Арга засал хийж байж сайн үр нөлөө өгдөг байж болох хэдий ч,  өөрөө шийдэж болох олон зүйлээ байнга бусдаас асууж, даатгаад байх нь хэр зохимжтой юм бол?  Хүмүүсийн ийм л сул тал дээр элдэв мухар сүсгийн бизнес хөгжөөд байгаа билээ.

Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс “Мөнх хөх тэнгэр мину”, “Ариун дагшин газар шороо минь” хэмээн залбирдаг, мөргөдөг байсан нь эртнээс бөөгийн зан үйлийг дээдлэн тахиж, ёсчлон биелүүлдэг байсныг гэрчилнэ. Харин Монгол Улс зах зээлийн чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш  нийт өрх айлын талаас илүү нь гэртээ бөө  удгантай болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс тэдгээрийн хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх болсон.

Жинхэнэ бөө нар хүмүүсийг өвчин зовлон, саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг байжээ.  Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог байсан аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм.

1960-аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийж явахдаа Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ. Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж, эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт яриа өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар байдаг аж.  Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө. Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ.  Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор бий болоод байгаа нь нууц биш юм.

Ажил хийж,  биеэ зовоолгүй мөнгө олох боломж хайх явдал хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авах болсон нь бидний нүдэн дээр илт харагдаж байгаа билээ. Үүний нэг тод жишээг хэд хоногийн өмнө Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан нэгэн лекцээс харж болно. Олны дунд “Тооны машинтай зурхайч” хэмээн алдаршсан Монголын бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академи, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваагийн " Таван Хишгийн даллага" нэртэй лекцийн тасалбар бараг худалч хүнд ямар ч тоглолтоос илүүтэй амархан борлогдон дууссан нь манайхны мухар сүсэг бишрэл ямар агуу их болохыг бэлхнээ гэрчилж байна.

Уг лекцэнд даллагын уут, тавгийн идээ, 3 хүсэл, ногоон 10 төгрөг, мөнгөний хэтэвчтэйгээ очсон хүмүүсийн зураг хөргийг дараа нь сонирхож байхад, үнэхээр чин сэтгэлээсээ сүслэн байгаа нь нүднээ илт харагдана. Ингэж сүслэн залбирах нь хэдийгээр муу зүйл биш ч гэсэн, тэр хэрээрээ амьдрал ахуй, ажил үйлс нь дэвжин дээшлээд байдаг бол болж л байна. Хэрэв Б.Сарандаваагийн лекцэнд очиж суугаад л баяжчихдагсан бол хөөрхий тэдгээр төрийн түшээдээ янз бүрээр гоочлоод муулаад байх огтхон ч шаардлагагүй мэт.  Тэдэнтэй тэдэнгүй, Б.Сарандаваатай хамт байхад л болоо биш үү, элдэв асуудлаа дор дор нь бясалгалын хүчээр шийдээд л...

Уг нь, энэ хүн цаас өгөөд "Овог нэр,төрсөн он,сар,өдрөө бод! Хурай!" гэхээр биш, өөрөө  хөдөлмөрлөхөөр л мөнгөтэй болдог юм шүү дээ!

Д.Мигаа